Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СӨХ НЭРЭЭР МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙГ ДАРАХ ЗАНГАРАГТАН БАЙНА УУ

Орой гэртээ иртэл ээж “СӨХ-ны дарга солигдож. Өмнө нь байсан дарга нь нягтлантайгаа нийлээд баахан мөнгө идэж, шамшигдуулсан. Тэгээд шүүх, цагдаагаар явж байгаа гэнэ” хэмээн сонирхуулан ярив. Сүүлийн 10 гаруй жил хөлдлөө хэмээн нийслэлийн Засаг даргын сэтгэлийг чилээдэг байсан төмөр замчдын гэгдэх УС-15 байрны оршин суугчид СӨХ-ныхоо ид шидийг бүрэн үзэж чадаагүй гэхэд хилсдэхгүй байх. Нэг сонсох нь ээ, дулааны төмөр шугамыг нь зараад хуванцараар сольсон байсан гэнэ. Дарга нь хүүхдэдээ байр, машин аваад өгчихөж, сар бүр мөнгө хураах мөртлөө ажлаа хийхгүй байна гээд СӨХ, түүний дарга нартай холбоотой хов жив “ниснэ”. Гэхдээ хов живний 70 хувь нь үнэн байдаг гэгчээр оргүй хоосноос гарч ирээгүй л байх.

Уг нь, СӨХ нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий холбоог хэлнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, оршин суугчдынхаа аятай тухтай сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор эв санааны нэгдэл дор байгуулагдсан гэсэн үг. Гэтэл төлбөрийг нь төлөөд байхад үйлчилгээгээ сайн хийхгүй байна, тайлангаа гаргаж танилцуул гэсэн оршин суугчдынхаа шаардлагыг нохой хуцсаны дайтай үздэггүй СӨХ-ны талаархи гомдол тасрахгүй. Оршин суугчид дээд газар болох Монголын Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлд гомдлоо тавих хэдий ч сураг алдарна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 600 гаруй СӨХ байдгаас нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 434-ийн 393 нь тус дээд зөвлөлд харьяалалтай гэнэ. Угтаа, тус байгууллагын гишүүн. Харьяа СӨХ-ных нь талаархи гомдлоо тус газарт тавиад тусыг эс олдог байна. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодруулахад “Манайд СӨХ-той холбоотой утсаар, бичгээр 300 гаруй гомдол ирсэн. СӨХ өнөө үед иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бус эсрэг байгууллага болчихож. Оршин суугчдаас сар бүр хураадаг мөнгөө юунд зарцуулж, юу хийхээр төлөвлөснөө тайлагнадаггүй. Гэтэл СӨХ-дыг мэддэг МСӨДЗ гэж төрийн бус байгууллага тэднээсээ татвар авдаг цаашлаад гишүүн СӨХ-ныхоо зөрчил дутагдлыг хайцаалдаг газар болсон байна. Түүнчлэн тус байгууллага хэдэн өрхийн гишүүнтэй байсан ч хамаагүй засвар үйлчилгээний хураамжийг дур мэдэн тогтоосноос иргэдийн бухимдлыг их төрүүлэх болсон. Энэ талаар манайх шалгаж байгаа” гэв.

Төрийн байгууллагаас ч илүү эрх дархтай, зангарагтай эл газрын статус нь төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4.1-д зааснаар “Төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, шалгалт хийх, хураамж тогтоох эрх мэдэлгүй, цаашлаад СӨХ-дыг 20 хувиар торгох эрхгүй гэсэн үг. Тэгэхээр ашгийн бус, сайн дурын үндсэн дээр иргэдийн эрх ашгийг хамгаална хэмээн зорилгоо тодорхойлсон эл байгууллага СӨХ бүрээс 50-300 мянган төгрөгийн хураамж буюу оршин суугчдын СӨХ-д төлдөг засвар үйлчилгээний хөлсний хоёр хувийг жил бүр авдаг байна. Угтаа та бидний халааснаас гардаг мөнгө засвар үйлчилгээндээ зарцуулагдах бус, иргэдэд огт хүртээлгүй Дээд зөвлөлийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг гэсэн үг. Тиймээс ч гишүүн СӨХ-той нь холбоотой гомдол МСӨДЗ-д ирэх хэдий ч, шалгаж үзээд зөрчил алга хэмээн толгойг нь илээд өнгөрдөг байх нь. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд хийсэн ажил үүргийг нь судалбал СӨХ-ны дарга нарыг сургалтад хамруулах эсвэл СӨХ-дын төсвийг нь хийж өгөхөөс өөр юу ч хийдэггүй, зүгээр л мөнгө хүүлж байдаг газар болсон нь нууц биш. Ч.Батбаатар дарга ч энэ талаар “МСӨДЗ гэж төрийн бус байгууллага мөртлөө том газар байна. Иргэдээс ирсэн гомдлын дагуу тус газрынхантай уулзахад бидний шаардлагыг хүлээж аваагүй. Ойлголцолд хүрч чадаагүй салсан. СӨХ, тус байгуулагатай холбоотой гомдол гарсны дагуу дээд зөвлөлийн дарга нар нь хуралдана гэж сонссон. Манай зүгээс бол хууль бус үйлдэл хийж буй тус байгууллагыг татан буулгах саналтай байгаа” хэмээн ярьсан юм. Үнэндээ өөрийнх нь эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан гэж болохоор МСӨДЗ-д харьяалалтай СӨХ-дын даварсан дарга нартай холбоотой асуудлыг шүүх, цагдаад ховлоод ч шийдэгдсэн нь нэгээхэн ч үгүй гэсэн.

Тус холбоонд элссэн байвал хаанахын хэнбугай ч шаардлага тавих эрхгүй гээд ойлгочихсон СӨХ-ны дарга нар дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр. Нөгөөтэйгүүр, СӨХ-ны дарга хийвэл ашигтай, амьдрал нь нүд ирмэхийн зуур өөдөлж буй нь олон хүнийг энэ эрэлттэй мест рүү сэтгэлээ чилээхэд хүргэдэг байна. Авгай, нөхөр хоёр СӨХ байгуулжээ, орон сууцны ханан дээр эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгслийн тухай сурталчилгааны том зураг зурах зөвшөөрөл олгоод оронд нь 800000 төгрөг аваад идчихсэн СӨХ-ны дарга гээд хов жив тасрахгүй. Тиймээс ч хамгийн хурдан мөнгөтэй болох, амьжиргаагаа дээшлүүлэх ажил гэж бодсон уу сүүлийн хэдэн жилд СӨХ-ны даргын суудал УИХ-ын гишүүн болохоос  илүү өрсөлдөөнтэй болсон гэнэ. Өрсөлдөгч нэгнийхээ эсрэг хар пиар явуулна, цаашлаад өөрийнхөө талаар бусдад нөлөөлөхүйц хүнээр сурталчилгаагааг хийлгэдэг аж. Нийгэмд ийм сөрөг хандлага тогтоосон тус  байгууллагыг хэрхэх талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ч.Батбаатар ”Эхний ээлжинд хууль бус үйл ажиллагаа явуулж буй МСӨДЗ-ийг татан буулгана. Иргэд СӨХ-тойгоо хамтарч цул байх ёстой. Мөн НЗАА-тай хамтарч дундын өмчлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулна” гэлээ. Ямартай ч, дураараар дургиж, дунд чөмгөөрөө жиргэн оршин суугчдын мөнгийг хүүлдэг СӨХ, түүнийг нь дэмждэг МСӨДЗ-ийг удахгүй татан буулгах бололтой. Хуульдаа ч төрийн бус байгууллагыг дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж ноцтой, эсвэл удаа дараа зөрчсөн тохиолдолд шүүхээс албадан татан буулгана гэж заасан байдаг аж. Тэгэхээр дээд байгууллагад нь  цэвэрлэгээ хийхээр доодос нь ажлаа чин шударгаар хийнэ гэдэгт найдъя.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан