Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэмгүй иргэдээ мартаад, гэмтэй хоригдлуудаа анхаардаг төр

Монгол Улс хүний эрхийн тухай бүр 1924 оны анхны Үндсэн хуулиндаа тунхагласан ч жинхэнэ ёсоор хэрэгжүүлж эхэлсэн нь 1990-ээд он байлаа. Үүнийхээ дагуу ч төрөөс багагүй арга хэмжээ авч анхаарал тавьж байгаа байх.

Хоригдлууд ая тухтай орчин хүмүүжих ёстой

Саявтар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, гишүүн О.Баасанхүү, Баянсэлэнгэ нарын хамт хорих байгууллагуудад хоригдлуудын эрхийг хэр хангаж байгаатай танилцаж байна аа. Гэмт хэрэг үйлдэж нийгэм, олон нийт, ард иргэдэд ямар нэгэн хэмжээний хохирол учруулсан хоригдлуудын эрхийг зөрчиж байгаа эсэхийг төрийн түшээд үзэх гэж явахад гадаа 20-иос илүү градусын хүйтэн тачигнаж байсан.

Хоригдлууд дулаан байранд, өдрийн гурван хоол идээд, хянагч орж ирэхэд гараа толгойны ард аваад хана руу харж зогсохгүй, сонин хэвлэл уншаад, сурч боловсроод сууж байгаа ч “хөөрхий тэд”-ний эрхийг төр зөрчиж л байгаа юм байх.
УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат “Бид хорих газруудаар явж байдалтай нь танилцлаа. Ялангуяа, хүний эрхийг эрхэмлэн дээдлэх өнөө цагт хорих ангид ч гэсэн ялтан эрх чөлөөтэй, сурч боловсрох, хөгжих эрх нь нээлттэй байх ёстой. Дээрээс нь ая тухтай орчинд хүмүүжих шаардлагатай. Тэгвэл одоогийн хорих ангиудад энэ эрх нь хаагдсан гэж хэлж болохоор байна. Хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Цаашдаа хүний эрхийн дэд хороог байнгын хороо болгох ёстой” гэсэн байна.

Юутай ч гэмт үйлдлийнхээ төлөө нийгмээс тусгаарлагдаад байгаа 7000 гаруй хоригдолд  одоогийнхоос илүү эрх дарх эдлүүлж, асарч сувилж, сургаж боловсруулж, анхаарч халамжлах юм байна, монголын төр.


Төрийн анхаарлын гаднах хүмүүс

Харин хэн нэгэнд ямар нэгэн гэм зэм үйлдээгүй атлаа өнөөдөр Монгол Улсын иргэний эрхээ эдэлж чадахгүй, өнөө маргаашийн амьдралаа яая гэж байгаа хүмүүсийн тухай өнөөдөр хэн анхаарч байгаа вэ. Өмнө хэлсэнчлэн өөр хэн нэгнийг ямар нэг байдлаар хохироосон, зарим нь бүр хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтнүүд халуун дулаан байранд тухлаад хэвтэж байхад аминдаа арчаагүйгээс өөр гэм зэмгүй хүмүүс 20-30 градусын хүйтэнд Улаанчулуутын хог ухаад зогсч байгааг хэн анзаарч байна. “Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалт хоригдлуудад хамаатай, энэ хүмүүст хамаагүй гэж үү.
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний  комиссынхон байсхийгээд л шоронгуудаар явж тэдний эрхийг хэрхэн дээдэлж байгааг шалгадаг, санал дүгнэлт гаргадгийг сайн санаж байна. Нэг ийм шалгалтын дараанаас хоригдлуудын үсийг хусах, хянагч орж ирэхэд толгойнхоо ард гараа аваад хана руу харж зогсдог зэргийг “хүний эрхийг зөрчиж байна” гээд болиулж байсныг санаж байна аа. Хүмүүс ч мэдэж байгаа.

Гэтэл өнөөдөр нийслэл, томоохон хотуудад яг хэдэн хүн орох оронгүй, гудамжинд тэнүүчилж, трашейны нүхэнд, байшингийн орц хонгилд хоног төөрүүлж,  хогийн цэгээс элдвийг цуглуулан шар наран бор хоногийн өнгөрөөж явааг хэлчих хүн энэ Монгол Улсад байхгүй л байна.

Тэдний төлөө хэн анхаарал тавьж байна аа. Дахин хэлэхэд аминдаа аарчаагүйгээсээ өөр ямар ч буруугүй энэ хүмүүсийн төлөө манай төрөөс хэн анхаарал тавьсан бэ. “Хүүхдийн” гээд байдаг Н.Болормаа сонгуульд нэр дэвшиж байхдаа хогийн цэг дээр очиж тэдэнд хувцас тарааж байсныг санаж байна. Өөрийгөө төмөр хатагтай гээд нэрийдчихсэн Т.Ганди НХХ-ийн сайд байхдаа энэ хүмүүсийг иргэний бичиг баримттай болгоно хэмээн баахан дуулиан болсон. Хөөрхий орох оронгүй, олигтой хувцас ч үгүй тэд тэр ялтсан үнэмлэхийг нь хаанаа хадгална гэж мунхаглаа бол. Чухамдаа үнэнийг хэлэхэд ийм нэрээр баахан иргэний үнэмлэх хэвлэж сонгуульд ашигласан, “Хүний хөгжлийн мөнгө”-ийг нь хувааж идсэнээс хэтрээгүй л байх.

Ийм хүмүүсийн төлөө үнэндээ төрийн бус зарим байгууллага, гадаадын буяны байгууллагууд л санаа тавьдаг гэдгийг хэн ч мэднэ. Өөрөөр бол тэд гэж хүний данснаас хасагдсан улс.


Хэдэн ийм хүн яаж амьдарч байна вэ

Энэ талаар манай төрийн байгууллагуудад нэгдсэн тоо байхгүй. Янз бүрийн эх сурвалжаас үзэхэд лавтай 2-3 наснаас эхлээд 70 орчим насны 130 орчим хүн байдаг гэдэг. Тэдний хувьд хот руу орж ирээд байшингийн орц хонгилд орох гэвэл оршин суугчид нүд үзүүрлээд, ус сувгийн траншей энэ тэрд ойртвол эзэмшигчид нь гадуурхаад ихэнх нь хогийн цэг дээр элдэв зүйлээр босгосон майхан шиг оромжинд амьдарч байна. Нийслэлээс ялгарч байгаа хогийн машин очвол уралдан гүйж өөрсөддөө хэрэг болох хийгээд, энд тэндэхийн цэгт тушааж болох зүйлийг хамж аван хоногийн хоолоо залгуулна. Хог дээрээс идэж болох зүйл олвол “бөөн аз”. Гэхдээ хотоор хоног төөрүүлдэг ийм тэнэмэлүүд орон сууцны хороолол, хот доторхи хогийн цэгүүдээс хамаг “өөдтэй өнгөтэй”-г нь хамаад авчихдаг болохоор Улаан чулуутад бол ёстой, хэнд ч хэрэг болохооргүй  “жинхэнэ хог” л очино.

Т.Ганди хатагтайн хэлдгээр тэд бол Монгол Улсын иргэний бүртгэлээс хэдийнээ хасагдсан. Иргэний үнэмлэх байлаа ч тэд түүнийг ямар идэх биш. Орон гэр хувцас, ялангуяа дулаан хувцас бүр байхгүй.

Одоо тэгээд яах вэ

Үнэхээр Монголын төр хүний төлөө юм бол. Гэмт хэрэг хийсэн хоригдлуудаа анхаарч халамжилдаг юм бол гэм зэмгүй энэ хүмүүсийг бас халамжилъя. Төрөөс багахан хөрөнгө мөнгө гаргаад нийтийн байр / айл бүр нэг өрөөтэй, нийтийн  ариун цэврийн өрөө, гал тогоотой нийтийн байр биш ээ / цэргийн хуаран шиг ч юм уу байр барья л даа.

Чехэд энэ жил огцом хүйтэрч шөнөдөө 25-26 градус болж 10 гаруй хүн хөлдөж үхэхэд төрөөс түр зуурын нийтийн байр бариад өдөр оройдоо халуун хоол өгч орон гэргүйчүүдээ халамжилж байгаа мэдээ ирж байна. Харин манайд 30 градусын хүйтэн болж байхад тэднийгээ мартчихаад, огтхон ч санаа зоволгүйгээр  хоригдлуудынхаа эрхийг хамгаалах гээд явж байдаг  байна шүү дээ.

Банзан наартай хуаран шиг нийтийн байр бариад тэднийг хооллоё. Үүнд хэдий л их мөнгө хөрөнгө ороо биз гэнэ дээ.Хамаагүй хүүхэд багачуудынх нь, тэдний өнөөдөр авч чадахгүй байгаа 20 мянган төгрөгийг нь ч үүнд зарцуулъя. Магадгүй тэр байр нь  Улаан чулуутын хогийн цэгийн дэргэд байгаад тэднээр чинь хог ялгуулаад байж болно. Хот орчимд байвал цас мөс арилгуулаад байж болох. За ажил хий гэхээр зугтаагаад явчихдагийг мэднэ л дээ. Гэхдээ л хоолтой, дулаан газраас хүн зугтаагаад хаа холдоо биз гэнэ дээ.

Ажил хийлгээд нэг их сүйд болдоггүй ч байлаа, Монгол газар нутагт төрж өссөн Монгол Улсын иргэнийхээ төлөө санаа тавих нь Монгол төрийн үүрэг байлтай. Тэд чинь хүн алаагүй, хүрээ талаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан