Сая гаруй хүн амтай Улаанбаатар хот метрополис боллоо хэмээн нийслэлчүүд магнайгаа тэнийтэл баярлаж байсан нь саяхан. Гэвч хүн ам нэмэгдэхийн хэрээр машин унааных нь тоо өсдөг их хотуудын “толгойн өвчин”-ийг мэдрэв. Өдрийн талыг машиндаа өнгөрүүлэх, зарим нэг нь амьдрах шахаж буй энэ үед хотын шинэ удирдлагууд автомашиных нь сүүлийн тоогоор замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулж эхэлсэн. Ингэснээр авто машины түгжрэл 20 хувиар буурсан гэдэг. Гэхдээ өдөрт л 150-300 гаруй машины зорчих эрхийг шинээр авч, замын хөдөлгөөнд оролцож буй нь төдийлөн санасан хэмжээнд хүрэхгүй байна гэж хотын удирдлагууд хэлж байсан. Ингээд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг ням гарагийн 08.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалт хийхээр иргэдийн санал асуулга явуулсан хэрэг. Аз болоход нийслэлд хэрэгжүүлэх ажлыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэдэг болсон нь давуу тал гэлтэй. Энэ ч эрхээ нийслэлчүүд эдэлж, асуулгад оролцогчдын 74 хувь нь дэмжихгүй байна хэмээсэн.
Сэтгэлийг нь чилээх болсон автомашины түгжрэлийг бууруулахын тулд хотын дарга шантрахгүйгээр дахин санал асуулга авахаар зэхэж буй гэнэ. Тэрээр “Улаанбаатар хотод автомашины тоо өдрөөс өдөрт өсч, автомашины түгжрэл санасан хэмжээнд буурч өгөхгүй байна. Тиймээс дахин санал асуулга авахаар төлөвлөсөн. Гадуур хотын дарга буруу талдаа хүрдтэй машиныг ад үзлээ, бизнес эрхлэх нь гэсэн янз бүрийн яриа гарч буйг би сонссон. Гэхдээ ЗЦГ-аас өгсөн мэдээллээр авто замын ослын 40 гаруй хувь нь буруу талдаа хүрдтэй автомашинаас болж гарсан байдаг. Одоо л арга хэмжээ авахгүй бол Цагаан сараар тэг зогсолт гэдгийг нийслэлчүүд мэдрэх нь байна шүү дээ” гэв.
Нийслэлийн Статистикийн газрын судалгаагаар замын хөдөлгөөнд оролцож буй машины 62.5 хувь нь суудлын тэрэг байна гэдэг. Гэтэл үүний бараг 70 гаруй хувь нь буруу хүрдтэй япон авто машин эзэлж буй. Уг нь, манай улс зүүн талдаа хүрдтэй машинд тохирсон замын дүрэм, гэрлэн дохиотой хэдий ч импортоор орж ирсэн нийт машины 49 хувийг баруун талдаа хүрдтэй машин эзэлдэг. Чанартай гэгддэг буруу талдаа хүрдтэй япон машиныг ганцхан ням гарагт л замын хөдөлгөөнд оролцохыг нь хориглох болохоос ерөөсөө явуулахгүй гэсэн зүйл биш шүү дээ гэдгийг ч хотын мэр учирлаж байсан. Тэрээр “Өмнөх санал асуулга явуулахад иргэд төдийлөн мэдээлэлгүй байсан учраас олны дэмжлэг авч чадаагүй байх. Харин энэ удаад уг зохицуулалтын талаар мэдээлэл өгөөд, дахин санал асуулга явуулна. Хэрвээ иргэдийн дэмжлэг авч чадахгүй бол би санаагаа орхино. Энэ бол ардчилсан улсын ардчилсан нийгмийн ёс зүй шүү дээ. Би хотын дарга гээд өөрийнхөө дураар захирамж гаргачихаад хэрэгжүүл гэх эрх байхгүй. Харин иргэдийнхээ оролцоотойгоор хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэх нь хотын удирдлагуудын гол браимталж буй зарчим юм хэмээн тодотгон хэлэв. Ямартай ч, ардчилсан ёс зүйг мэдрүүлж буй хотын дарга Э.Бат-Үүл сүүлийн удаа буруу хүрдтэй машиныг ням гарагт явуулах эсэх талаар санал асуулга авах нь. Хэрвээ дэмжлэг авахгүй бол дахин ярихгүй гэдгээ ч амлав.
2012 оны эхний 10 сарын байдлаар нэг сард дунджаар 2500 машин Япон Улсаас Монгол Улс руу импортлогдсон судалгаа байгаа талаар өөр нэг жиргээч жиргэж байлаа