Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ ЧАДСАН ХҮНИЙ БОДИТ ТҮҮХ

Олон аав, олон хүү, олон залуус архинаас амьдралаа татан авч, шинэ хэмнэлээр амьдрах гэгээн зам руу нүүж байна. Нэг хүнээр дамжуулж гэр бүлийнх нь уур амьсгалыг нь өөрчилж, цаашилбал нийгэмд нөлөө үзүүлэхүйц сайхан ажлыг “Эрүүл, идэвхтэй амьдрал клуб” хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 20 хүн тус клубт нэгдэн, ажил хийж, архинаас өөрийгөө хамгаалах оюуны дархлаатай болоод буцсан байна. Архи ууж, амьдралыг сүүмгэр нүдээр хардаг байсан тэд ажил хийж сурч, “Дэвшлийн есөн хөтөлбөр”-өөр сэтгэл санаагаа цэнэглэсэн гэдэг. Нутагтаа очиход тэд өөр хүн болж, хотод сурсан бүхнээ тэнд хэрэгжүүлэхийн тулд “Дэвшил” клуб байгуулсан тухай тус төвийн багш Д.Батсайхан ах ярилаа. Түүний ажилладаг газартай танилцахыг хүсэхэд дуртайяа зөвшөөрч, урьсан юм.
“Эрүүл, идэвхтэй амьдрал клуб” улс орон даяар 3000 гаруй гишүүнтэй. Хамгийн сүүлд 32 хүн ирж сургалтад хамрагджээ. Тэд нутгийн залуусаа архинаас гарч, амьдралаа өөд нь татаж байгааг хараад “атаархсандаа” сайн дураараа, хүслээрээ хотод ирсэн байна. Одоо сургалт нь дуусч, сертификат гардаж, үдэлтийн цэнгүүн хийх гэнэ. Мэдээж, цэнгүүнд архи хэрэглэхгүй. Шинээр ирсэн 32 хүн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынх. Долоон сарын өмнө эл сургалтыг төгссөн өнөөх “Дэвшил”-ийн 20 хүний бодит өөрчлөлт энэ хүмүүсийг нааш нь хөтөлжээ. Одоо тус суманд архи уудаг хүн бараг байхгүй.
2012 оны зургадугаар сард Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын залуус архинаас гарахад хотын уугуул О.Отгонбаатар ч бас архийг амьдралаасаа хасчээ. 18 жил гашуун устай нөхөрлөж байсан тэрээр эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Архи уудаг байхдаа гэрийнхнийгээ анхаарах ч сөхөөгүй өөрийгөө арай  л гэж авч явдаг байсан гэнэ. Гэхдээ “Эрүүл, идэвхтэй амьдрал клуб”-ийн багш нартай учирснаар амьдралд нь гэгээ татаад иржээ.

Би мэргэжилгүй, гэхдээ хүний хийдэг бүхнийг чадна

Сургалтын төв Баянзүрх дүүргийн гэр хороолол дунд оршдог. Мэдэхгүй хүн бол энгийн нэгэн айл байна гэж андуурмаар. Иргэн бүрт төрөөс үнэ төлбөргүй өмчлүүлдэг 0.7 га газраас бага зэрэг том хашаанд хоёр байшин бий. Шар өнгөтэй дөрвөлжин байшин нь сургалт, хоолны танхим. Харин өргөө гэр хэлбэртэй байшинд бүжиг, караоке, тоглоом тэмцээн зо­хиодог. Хоёр байшин тө­дийгүй тэр хашаа архигүй ор­чин. Өөрийгөө захирдаг бо­лох, сурч ухаарахуйн төв цэг.
Энэ бүхнийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд бүтээн босгожээ. Ингэхдээ нэг ч мэргэжлийн хүн дуудаагүй, ганц ч ажилчин хөлслөөгүй архинаас татгалзаж чадсан хүмүүс өөрсдөө барьсан. Дэлгэрхангайн “Дэвшил”-ийн залуус энэ ажлыг эхлүүлж байжээ. Гэхдээ О.Отгонбаатар бүгдийг удирдан, барилгачин хүний хийдэг бүхнийг өөрийн гараар гүйцэтгэжээ. Өөрөө мэргэжилгүй, анхлан суралцаж байгаа хэрнээ архинаас гарч буй хүмүүст юу чаддагаа зааж явсаар одоо МСҮТ-ийн багш шиг болсон гэнэ. Хүний чаддаг бүхнийг хэн ч хийнэ гэдгийг харуулж байшин, гэр хоёрын барилгын шавар зуурах, тоосго өрөх, паркетан шал шахах, вакум цонх байрлуулах, обой наах, цахилгааны мон­таж хийх, гагнуурчин, жо­лооч гээд бүхнийг хийжээ. Одоо тэ­рээр “Хөдөлмөр хү­нийг хүмүү­жүүлдгийг би биеэ­рээ харууллаа” гэж өөр­төө, бусдад ч хэлдэг. Урин дулааны цаг ирэ­­­­хээр хашаандаа спортын талбай байгуулж, мужаан, гаг­нуур зэрэг мэргэжлийн дадлагын жижиг тасаг барих гэнэ. Цаашид нийслэлийн дөр­вөн ч дүүргийн гэр хороолол дунд ийм газар байгуулж, зөвхөн архинаас гарах хүн тэнд ирдэг бус хүүхэд тоглож, хөгшид нарлаж суудаг нээлттэй төв болгох хүсэлтэй аж.



Архи уусаар бараг траншейны амсар дээр очсон

“Архинаас гарах гэж олон удаа оролдсон. Тэр оролдлого бүр нурж, унасны дараа бүр ч их уудаг болж байлаа. Өглөө гараад худлаа ярьж, хулгай хүртэл хийж, архины мөнгө олъё гэж бодогдоно. Тэгээд л дахиад нэг өдрийг согтуу өнгөрөөнө. Ингэж явахад гэр бүлийнхэн ч бодогдохгүй, өөрийгөө яая гэж явахад тэднийг санахгүй. Бараг траншейнд ороход нэг л алхам дутуу байсан. Энэ төвийн багш нарын ачаар траншейны амсар дээрээс л буцсан даа. Дотроо архийг хая гэж олон удаа хэлж, уухаа болих гэж оролдож байсан болохоор багш нарын яриа, сайхан туршлага надад их ойрхон санагдаж байлаа. Тэгээд энд тэнд болсон лекц, яриаг сонсч явсаар өнгөрсөн зургадугаар сард энэ байрыг барих ажлыг эхлүүлсэн. Хамт олныхоо дунд, бусадтайгаа хамт сэтгэлээ чангатгаж, архийг оюунаараа үгүйсгээд, ажил хийгээд ирэхээр ууя гэж бодогдохоо ч больсон юм” О.Отгонбаатар ингэж ярьж зогсоно. Түүнээс асар их зориг гарч, зогсолтгүй ажил хөдөлмөрөөр өөрийгөө дайчилжээ. Ийм амьдралд хүрэхэд архи л чөдөр тушаа болсныг одоо ойлгосон, сайхан амьдралын амтанд нэгэнт орчихсон учир тэр эргэж хальтрахгүй. “Эрүүл, идэвхтэй амьдрал клуб”-ийн 3000 залуусын дунд ч итгэл алдах хүн байхгүй гэдгийг батална. Дэлгэрхангайн 20 залуусын нэг нь ч буруу зам руугаа эргээгүй. Харин ч сумынхаа шинэ жилийг архигүй тэмдэглэхийг уриалж, 2012-2013 оны баяраар үүнийг хэрэгжүүлжээ. Түүнчлэн сумынхаа иргэдийг архинаас ангижруулж, амьдралын зөв чигт хандууллаа.

Биеэ архинаас “сугалж” авсан хойно илт сайжирсан

Хагас жилийн турш О.Отгонбаатар гашуун идээг амсаагүй. Багш нь түүнд архинаас гаргадаг эм өгөөгүй, тариа шахаагүй. Элдэв хануур, төөнүүр эмчилгээ огт хийгээгүй. Харин үгийн хүчээр оюун бодолд, сэтгэл зүрхэнд нь архины эсрэг дархлаа суулгасан гэнэ. Ийм дархлаа нь “Эрүүл, идэвхтэй амьдрал клуб”-ийн хамгийн гол онцлог.
Урьд нь архи уудаг байхдаа тэрээр их ядардаг байжээ. Барилгын ажил хийгээд улам их ядрах болов уу хэмээн зовниж байсан ч идэвхтэй хөдөлмөрлөх тусам улам шамдаж байсан гэнэ. Өнөөдөртөө дуусгачихъя гээд шөнө дунд хүртэл ажилласан ч ажлаа гүйцээсэндээ сэтгэл хангалуун байсан болохоор өглөө эртлэн босдог болж. Энэ эрчээр бусадтайгаа хамт хичээсээр хоёр том бүтээн байгуулалтын ард гарчээ. Түүнээс гадна ой тогтоолт нь илт сайжирсан гэнэ. Гэрийнхнийхээ утасны дугаарыг алдаг оног цээжилчихээд, хэрэглэхгүй удвал таг мартчихдаг байжээ. Гэтэл барилгын ажил дээр маш олон зүйлийн хэмжээ авчихаад хольж, солилгүй яг санаад модоо хувааж, зүсч байсандаа өөрөө ч итгэмээргүй байсан гэнэ. Хүний бие хэчнээн удаан архинд хордлоо ч гэсэн сэтгэлээр өөдрөг байвал эрүүлжиж сайжирна гэдгийг тэрээр бас л батлан харуулсан нэгэн жишээ. Энэ сэтгэлийн хат хөдөлмөртэй хосолбол хэдхэн сарын дотор эрүүлждэг аж.

Хагас жилийн дотор амьдрал минь бүрэн өөрчлөгдлөө

Энд ирснээс хойш хоёр сайн зүйл хийсэндээ өөртөө талархдаг гэнэ. Эхлээд архийг хаясан нь. Нөгөө нь, өөртэй нь адил архинаас гарахаар ирсэн хүнд ажил зааж, буян үйлдэж байгаадаа талархдаг. Түүнийг согтуу байхад эхнэр, хүүхэд нь энд тэнд тааралдсан ч тойрч зугтаад, гэртээ байх нь цөөрч, аль болох хамт байхаас дөлдөг байжээ. Харин одоо хүүхдүүд нь гэртээ ирж хүссэнээрээ тоглоод, эхнэр нь ажлаа тараад яарч харьдаг болсон аж. Тэр аль эрт архинаас гарсан, хагас жилийн дотор амьдрал нь бүрэн өөрчлөгдсөн тухай хэлэхдээ “Клубээс надад ийм юм байгууллаа гэж урамшуулалд долоон сая төгрөг, зуслангийн газар бэлэглэсэн. Бас барилгын ажилдаа хэрэглэ гээд портер машин өгсөн. Надад найдсан олон хүний итгэл, олон хүнд юм заасан буян эргэж ирлээ” гэж ярьсан юм.м .Отгонбаатар гуай ямар ч мэргэжилгүй хэрнээ бие даан сурсан гагнуураа нэг хүнд зааж өгчээ. Тэр хүн сургалтаа дуусгаад гагнуураа орхихгүй явсаар мэргэжлийн газарт шалгуулаад маш сайн гэсэн үнэлгээ авчээ. Мэргэжлийн бус гагнуурчнаас сурсан зүйлээрээ мэргэжлийн хүмүүсээс хамгийн сайн үнэлгээг сонссон. Энэ явдлыг сайхан амьдралын төлөөх чин хүсэлтэй холбож ойлгохоос өөр аргагүй.

Зургаан жил сунжирсан ажлыг зургаахан сард амжуулсан нь

Гэр хорооллын дунд байсан эзгүй хоосон хашаанд тэр шинэ бүтээн байгуулалт цогцлоолоо. Үүний зэрэгцээ амьдралаа шинээр босгох их ажлыг амжуулж явсан байх нь. “Зургаан сар зүтгэхдээ би зургаан жил хөөцөлдөөд хийж чадаагүй ажлаа амжуулсан юм даа” гэж бахархан ярилаа. Архинаас гарах гэж хичээж яваа хүнд туслах газар байгуулъя гэж багш нар нь санаачилсан байна. Энэ санаачилга О.Отгонбаатарын олон удаа нурж, унасан чин хүслийг яг онож таарчээ.
Тэр гэрийнхнээ анхаарч, асарч, хайрладаг боллоо. Өдөрт нэг хуушуур биш нэ­лээд хэсэг юм олохын төлөө ажилладаг болсон аж. Хааяа нэг өрөвдмөөр хүн байвал халуун цай аваад өгчих халаасны мөнгөтэй ч болж. Хуучин найз, танилууд, хамаатан, садан нь тэдний гэрийг зорин ирдэг болжээ.

Одоо би хүн болсон

Энэ үгийг тэр итгэл дүүрэн хэллээ. “Би өөрийгөө архинаас гарчихна гэж огт бодож байгаагүй. Гэхдээ өөрийгөө архичин гэж хэзээ ч бодож байгаагүй” гэсэн юм. Монголын баяр дуусах биш тэр болгонд архи ууна, найз нөхөдтэйгөө нийлбэл балгачихдаг тийм л хүн гэж боддог байжээ. Тэгж явсаар нэг л мэдэхэд буруу зам руу орчихсон. Өмнө нь, хамт архи уудаг байсан хүн таарвал “Яаж яваа юм бэ, намайг хараач дээ” гэж хэлдэг аж. Архины мөнгө асуувал дэлгүүрт дагуулж ороод архинаас өөр зүйл аваад өгчихдөг гэнэ. “Тэр хүн архи ууснаас тамхи татаг. Эсвэл аяга халуун цай, хоёр хуушуур авч өгөөд идэх зуур нь хэдэн үг хэлж авна” гэлээ. Гэтэл хүмүүс ажлаа бодож яараад, бушуухан салахын түүс болж мөнгө гаргаж өгчихөөд явчихдаг нь түүнд таалагддаггүй аж.
“Архи уудаг хүнийг ажилд авдаг газар гэж хаа байхав. Уудаг хүн л хулгай хийж, сохор ухаанаар зөрүүдэлж омгорхдог. Тийм болохоор л манай компаниуд хятад хүн авчирч ажиллуулаад байгаа биз дээ” гэж О.Отгонбаатар хэллээ. Харин энэ сургалтыг төгсөгч архинаас гараад, ажил сураад хаана ч очсон ажилтай болно. Тэд ажилтай мөртлөө архи уудаг хэний ч оронд ажиллаж дөнгөнө. “Гэхдээ манайхан ялгаагүй эр хүндээ тийм муухай юм хийхгүй л дээ. Харин ч хажууд нь зэрэгцэж очоод бага багаар архи уухгүй болгож, өөд нь татчихна” гэ­дэгт тэрээр бат итгэлтэй байна.
Бидний яриа өндөрлөж, Дэлгэрхангай сумаас хотод ирсэн зорилго өвөртлөн саяхан ирсэн 32 хүний нэгтэй нь ярилцлаа. Тэр бол Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Бандийн Батбаяр юм.

-Та сумынхаа залуусаас үлгэр дуурайлал аваад сайн дураараа ирсэн гэсэн. Энэ сургалтын талаар сэтгэгдлээ хэлээч?
-Би сэтгэл засал, оюуны эмчилгээний лекцийг сумандаа сонссон юм. Монголын бүх аймаг, сумаар энэ ажлыг манай Цогтсугар багш хийж явсан. Лекцнээс би архидалд гэдэг нь өвчин байсныг ойлгоод, гэр бүлийнхээ хүнтэй ярилцаж байгаад наашаа гарахаас нэг өдрийн өмнө шийдсэн дээ. Тэгээд архинаас гарах гэж сэтгэл шулуудан ирсэн.
-Танай сумын 20 хүн энэ сургалтад хамрагдаад архинаас гарсан нь танд бас их нөлөөлөв үү?
-Тийм ээ. Тэднийг сумандаа буцаад ирэхэд нь би нэг бүрчлэн уулзаад, их ажигласан юм. Би өөрөө архинаас гарна гэсэн хүслийг олон жил тээсэн л дээ. Тэднийг хараад байхад зөвхөн хүслээр бус санаа нэгдсэн хүмүүсийн дунд, нө­хөр­лөлийн хүрээнд байж хая­жээ гэдгийг нь ойлгосон. Архинаас гарна гэдэг үг нэлээд зоригтой, овоо аавын хүүгээс гарна шүү. Хамгийн гол нь нотол­гоо дээр суурилсан тэд­ний амьдрал харуулж байна. Манай багш нар гэхэд олон жил архи уусан хэрнээ одоо сайхан, эрүүл амьдарч байгаа.
Ийм сүүн замтай буяны үйл хийж байгаа “Эрүүл, идэвхтэй амьдрал клуб”-ийн хамт олонд үнэхээр их баярлалаа.
-Монголчуудын архины хэ­рэглээг та юу гэж боддог вэ?
-Ер нь, “Би архи бага уудаг”, “Архийг зохистой хэ­рэглэдэг”, “Тааруулаад уудаг” гэж ярьдаг шүү дээ. Энэ бол байж боломгүй үг. Архигүй орчин гэдэг нь архи огт хэрэглэхгүй байх явдал. Нөгөө талаас, завтай, ажилгүй болохоор архи уудаг гэдэг. Тийм их завтай байгаа юм бол өөрийгөө хөгжүүл, ямар ч хамаагүй ажил олж хий л дээ. Боловсролоо дээшлүүл, гэр бүлээ хайрлаж, хамгаал. Завтай үедээ хийх өчнөөн олон юм байхад заавал хам­гийн мууг нь олж харж болох­гүй шүү дээ. Би хуульч мэргэжилтэй хүн. Хуучин тө­рийн бодлогын төвшинд архичдыг ангилдаг байлаа шүү дээ. Архи хэрэглэдэггүй, дунд зэ­рэг хэрэглэдэг, зохистой зөв хэрэглэдэг гэж хуваадаг байлаа. Ингэж төр бодлогоор хандаж байсан учраас архи­далт монгол хүний дотор ужгирсан, маш ихээр тархсан өвчин болчихсон юм.
-Сүүлийн үед залуучууд архи их уудаг боллоо хэмээн ярих болсон?
-Архи гэдэг идээ биш юм гэдгийг л залуустаа хэлмээр байна. Хүнсний дэлгүүрт хүнс л зардаг гэж үзвэл архийг төрөл бүрээр нь өрчихсөн байдаг биз. Тэгвэл архи чинь хүнс юм гэсэн далд утга гарч ирнэ. Тийм биш ээ, архины дэл­гүүр тусдаа байх ёстой. Яагаад гэхээр, жаахан хүүхэд чихэр авах гээд дэлгүүрт ортол нүднийх нь өмнө архи төр­лөөрөө харагддаг шүү дээ. Тэгээд л багаасаа архи бол хүнс, хэрэглэхгүй бол бол­доггүй юм гэсэн ойлголт суу­чихаар шинэ жил, хонхны бая­­раар заавал архи ууж бай­на. Архи зайлшгүй нийгмээс тус­даа байх шаардлагатай. Одоо­ны залуус буруугаа архи­наас хайдаг. Гэтэл тийм биш, жин­хэнэ эр хүн байна гэдэг чинь архинаас хараат бус, хол­боо­гүй байхыг л хэлдэг юм шүү.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
yamar saihan yum be? ta nariig sonsood mash ih bayarlaj bna. harin bayanzurhiin haana ni bdiim boloo, holboo barih utas bna uu?
Хамгийн их уншсан