Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАМ-ҮҮДИЙН ВАГОНЫ ТАСАЛБАРЫГ 2-4 ДАХИН ӨСГӨН ШАГЛАХ БОЛЖЭЭ

Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Иймээс урд хөршийг зорих иргэдийн цуваа хэр байгааг сурвалжлахаар УБТЗ-ыг зорилоо. Баасан гарагийн өдрийн 12 цагийн үед вокзал дээр очиход хөл хөдөлгөөнд дарагдаж, жил бүрийн өдийд давтагддаг өнөө л төрх угтаж авах нь тэр. Урд хөршийг зорих зорчигчдын тоо өсч, УБТЗ-ын ачаалал нэлээд ихэсчээ. Вокзал орчмоор “Хагас сайн өдөр Эрээн рүү аялах галт тэрэгний билет байна уу, Замын-Үүд явах тасалбар хэдэн төгрөгөөр ч хамаагүй худалдаж авна шүү” хэмээн зарлах иргэд холхино. Харин УБТЗ-ын тасалбар түгээх байранд ороход нэг давхарт долоон цонхоор тасалбар бичих бөгөөд зарим цонх нь цайны цаг хэмээн бичиг өлгөсөн харагдлаа. Тасалбар бичих цонх бүрт ойролцоогоор арав гаруй  хүн дугаарлан зогсоно.
Ингэж зогсох хооронд иргэд урдуур орлоо, дугаарла, бид ч гэсэн ажилтай хүмүүс, тасалбараа бичүүлэх гээд л хүлээж байна хэмээн бие биенээсээ өрсөн дуу хадаана. Эргэн тойронд бухимдлаа хэнд тайлахаа мэдэхгүй иргэд. Хааяа зарим нэг хүн тасалбар бичиж буй үйлчилгээний ажилтанг хурдан хөдлөөч хэмээн зандрахад бичиж л байна шүү дээ. Чамайг харахад би зүгээр суугаад байна уу гээд л хэрүүлийн алим болгож орхино. Хоёр давхарт гарахад мөн л адил төрх угтана.
 Иймээс ачааллыг хэрхэн зохицуулж ямар арга хэмжээ авч буйг албаны хүнээс тодруулахаар тасалбарын эрхлэгч н.Өлзий гэх хүнтэй уулзахаар зорив. Гадны хүн орохыг хориглоно гэсэн пайз өлгөсөн өрөөний үүдэнд очиход эрхлэгч эзгүй байна. Ирэхээр нь уулз. Гараад хүлээж бай хэмээн ажилтан нь халгаасангүй. Ийн цаг гаруй хүлээсэн ч эрхлэгч нь ирэх шинжгүй. Аргаа бараад утсыг нь өгөөч гэхэд хүн дуугарсны чинээ хүлээж авсангүй. Ийн захиргааны хэлтсийнхэнтэй нь уулзахаар очсон боловч мөн л янгинатал түгжигдсэн хаалга урдаас код нэхэх нь тэр. Харин нэгэн ажилтан нь дарга гадуур ажилтай гэхээс өөр юм хэлсэнгүй. Ингээд албаны хүнээс мэдээлэл авах гэсэн эрэл мухардаж эргээд л тасалбар захиалахаар дугаарлаж буй иргэдийн дунд очлоо. Өөрийгөө сэтгүүлч хэмээн танилцуулсан минь балаг тарьж, иргэд даргатай нь уулзсан уу, юу гэж байна, ямар зохицуулалт хийсэн  гэнэ гээд бүчив.  Эрэл мухардсанаа хэлээд гадагш гарахад нүдэнд нь нулимс цийлэгнэсэн охин “та тэг л дээ” хэмээн нэгэн хүүхнээс юм гуйж байгаа харагдав. Жаахан хүлээзнээд харвал билет шаглаж буй хүүхнээс үнийг нь буулгахыг гуйж байгаа аж. Охиноос шагийн билет авч болох юм уу, илэрчихвэл яана гэхэд “зүгээрээ эгчээ энэ хүмүүс таньдаг хүнээрээ зохицуулаад өгчихдөг юм” гэв. Харин нөгөө хүүхнээс тасалбар байна уу хэмээн асуухад “Би шагладаггүй. Эрээн рүү явах гэж байсан боловч ажилтай болчихоод зарах гэсэн юм” гэв. Намайг энд тэнгүй яваад байхаар сэтгүүлч гэдгийг анзаарсан байх л даа. Гэхдээ хүмүүсийн яриагаар шагийн үнээрээ Замын-Үүдийн вагоны тасалбар 25000-32000 төгрөг байна хэмээсэн. Хэдийгээр шагийн билет аль хэдийнэ үгүй болсон хэмээн албаныхан мэдээлдэг ч хулгайгаар зардаг хүмүүсийн арга улам нарийсан оршсоор л байна.
Үүний дараагаар төв хүлээлгийн танхимд хөл тавихад бужигналдсан хүн, энэ тэндгүй жижиг ТҮЦ маягийн лангуунууд харагдана. Тэнд жижиглэнгийн бараанаас авахуулаад бүхий л эд барааг өржээ. Хүлээлгийн танхимд тасалбараа хэдийнэ авчихаад зорьсон газраа очихоор гэгэлзэн суугаа иргэд угтах аж. Гэтэл шатны хажууд УБТЗ-ын дарга таныг сонсч байна 25-44-00 гэсэн утсаар төмөр замын тээвэр үйлчилгээнд гарч буй хууль бус үйлдэл, зан харилцаа, ёсзүйн талаархи санал гомдлыг мэдэгдэнэ үү хэмээн зарлал хаджээ. Үүнийг олж анзаарсан би бухимдаж байгаа иргэдээс даргын утсанд хандахыг зөвлөхөд “Тэр зар, мэдээллээ хүний нүдэнд харагдахаар газарт өлгөж баймаар юм. Хүлээлгийн танхимд байгаа хүмүүс тэр бүр анзаарахгүй шүү дээ” хэмээн гомдонгуй ярьж гарав.
Ингээд тасалбар авахаар дугаарлан зогсч байсан нэгэн иргэнтэй уулзлаа.

Л.Батнасан: Суудлаа бичүүлэх гэж гурав хоног явж байна

/Орхон-Уул аймгийн иргэн/

-Билет бичүүлэх гээд дугаарлаж байна уу. Хэр удаан зогсч байна вэ?

-Ах нь Замын-Үүд явах суудлаа бичүүлэх гэж гурав хоног явж байна. Эрдэнэтээс хотод ирээд, хотоосоо Замын-Үүд рүү гээд хэдэн шат дамжлага дамжих юм. Ер нь, орон нутгийн иргэд Замын-Үүд Эрээн рүү шууд явдаггүй. Заавал хотод ирж дамжиж явах болдог. Хотод ирээд хонох газар, мөнгө гээд хүнд байна. Ядаж байхад хотод хамаатан байдаггүй. Үнэнийг хэлэхэд, хэцүү л байна.
-Суудлаа бичүүлнэ гэхээр өмнө нь билетээ захиалчихсан байсан гэсэн үг үү?
-Замын-Үүд явах нийтийн вагон байгаа гэсэн. Тэгээд нийтийнхээр нь бичүүлсэн. Харин явах үедээ суудлаа бичүүлээрэй гэсэн. Тасалбар дээр тэмдэглээд явуулсан.
-Тасалбараа бичүүлсэн байхад суудлыг нь чинь бичиж өгөхгүй байгаа юм уу. Шалтгааныг нь юу гэх юм?

-Вагон байхгүй гээд л гурав хоног явууллаа. Одоо хэсгийн даргатай уулз гэсэн. 

Б.Мягмаржав

1 Сэтгэгдэл
Сэтгүүлч нь жаахан хэрүүлч байрын хүүхэн үү гү юу? Жаахан эвгүй уншигдаж байна шүү.
Хамгийн их уншсан