Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхий дээр хар тамхинд донтсон 200 сая орчим хүн бий

2009 оны байдлаар дэлхий дээр хар тамхи, мансууруулах бодист донтогч 172-205 сая хүн бий гэсэн статистик гарчээ.  Ер нь, дэлхийн нийт хүн амын 3-4 хувь нь хар тамхинд донтогчид байдаг гэж үздэг. Хар тамхинд донтогчдын дийлэнх нь, ялангуяа залуучууд каннабисын төрлийн мансууруулах бодис хамгийн ихээр татдаг байна. Дэлхий дээр нэг жилд эргэлдэж буй хар тамхины хууль бус наймаа 321 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Ер нь, дэлхийн нийт худалдааны нэг хувийг хар тамхины нууц наймаа эзэлдэг байна.

Европчуудын 10 хувь нь хар тамхи татдаг

Европын холбооны нийт хүн амын 10 хувь буюу 32 сая сая хүн хар тамхи хэрэглэдэг байна. Тэдний дийлэнх нь буюу 22.5 хувь нь марихуан хэрэглэдэг бол дөрвөн сая нь кокайн, 1.2-1.5 сая нь геройн, опиат татдаг аж. Европчуудын дунд хийсэн судалгаагаар 74 сая хүн амьдралдаа нэг удаа марихуан татаж үзсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Европын орнуудаас хар тамхинд донтогсдын тоогоор Итали, Испани, Чех, Франц тэргүүлдэг бол хамгийн бага нь Мальта, Болгар, Грек, Швед юм. Испанид хар тамхи татах нь маш түгээмэл байдгаас зарим газрынх агаарт хүртэл хар тамхины нунтаг хэсгүүд тархсан байдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Чехэд ч хар тамхи татах явдал түгээмэл байдаг. Тухайлбал, тус улсын дунд сургуулийн 15-16 насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад 45 хувь нь хар тамхи татаж үзсэнээ хүлээн зөвшөөрчээ.

Нийт геройны 21 хувийг оросууд хэрэглэдэг


Орост мансууруулах бодис хэрэглэдэг 2.5 сая, хар тамхинд донтсон 5.1 сая хүн бий. Тус улсын хар тамхинд донтогсдын тоо жил бүр 80 мянгаар нэмэгдэж байгаа гэсэн судалгаа бий. Хар тамхинд донтогсдын 20 хувь нь сургуулийн насны хүүхдүүд, 60 хувь нь 16-30 насны залуучууд байгаа нь мэргэжилтнүүдийн санаа зовоож байгаа юм. Түүгээр ч барахгүй 9-13 насныхан дунд эцэг эхээсээ хар тамхинд донтох зуршлыг нь дуурайж мансууруулах бодис хэрэглэдэг болсон хүүхдүүд ч цөөнгүй байна. Дэлхий дээр худалдаалж буй нийт геройны 21 хувийг оросууд хэрэглэдэг.

Вьетнамд 500 гр хар тамхи авч яваад баригдвал цаазын ялтай


Хар тамхийг хориглосноор хууль бус наймаа нь газар авсан гэж үздэг. 1800-аад оны үед Хятад опиатын эсрэг “дайн” эхлүүлснээр хар тамхи дамлан худалдахыг хориглодог болсон юм. Тухайн үед Британийн худалдаачид Хятадад опиат ихээр авчирч худалдаалж байснаас хоёр сая шахам хүн хар тамхинд орсон гэдэг. Харин барууны орнуудад 1920-иод оны үеэс хар тамхины худалдааг хориглож, мөн тэр үеэс мансууруулах бодисын хууль бус наймаа дэлхийг хэрэн цэцэглэжээ. 1979 оныг хар тамхины наймааны хамгийн оргил үе гэдэг. Хар тамхины учруулж буй хор хохирол асар их байдгаас улс орон бүхэн хууль бус наймаачдыг хатуу чангаар шийтгэдэг. Ялангуяа Хятад, Сингапур, Малайз зэрэг улсад хар тамхины наймаачдыг цаазын ял хүлээж байдаг бол барууны орнуудад торгуулийн шийтгэл оноохыг илүүд үздэг. 
Тухайлбал, АНУ-д 500 граммаас таван килограмм хүртэл кокайн худалдсан хүнийг хамгийн багадаа таван жил хорьж, хоёр сая хүртэл  ам.доллараар торгодог байна. Харин давтан хэрэгтэн бол дээрх ял шийтгэлийг хоёр дахин нэмж оноодог аж. Хар тамхины наймаачдад хамгийн хатуу шийтгэл оноодог газар бол Зүүн Азийн орнууд.

Учир нь, энэ бүс нутагт “Алтан гурвалжин” гэж нэрлэдэг хар тамхи үйлдвэрлэгч гол гурван орон болох Тайланд, Лаос, Мьянма багтдаг юм.  Индонезид хэрэв хар тамхи авч яваад баригдвал 1-5 жил хоригдох ялтай бол, мансууруулах бодис худалдсан тохиолдолд шууд цаазын ял оноодог. Филиппин, Тайланд, Вьетнамд нь худалдсан хар тамхины хэмжээнээс нь хамааран өчиггүй цаазын ял оноодог юм. Хэрэв Вьетнамд 500 граммаас дээш хар тамхи авч яваад баригдвал ялын дээд хэмжээ оноодог. Тус улс 2007 онд 87 хүнийг хар тамхины хэргээр цаазалснаас хэр хатуу хуультай нь харагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан