Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАРЬД ҮРЧЛҮҮЛСЭН ҮРСИЙНХЭЭ АРААС ЧИХ ТАВЬЯ

Энэ хорвоод бяцхан үрсийнхээ  цангинах  дууг сонсох, инээж баясч байгааг харах шиг аз жаргал үгүй. Харин зарим гэр бүлд ийм хувь дутдаг. Тийм болохоор хүүхэд үрчилж авдаг. Тэгвэл эрхээ хамгаалж чадахгүй бяцхан үрсийг үрчлүүлсний дараа ямар байгууллага хэрхэн хянаж байна вэ. Тэр дундаа гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдийн араас хэн чих тавьдаг вэ. Үүнийг хөндөх болсон шалтгаан нь саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-д орос хүүхдүүдийг үрчлэхийг хориглосон хууль батлуулсантай холбоотой. Учир нь, тус улсаас АНУ-д үрчлүүлсэн хүүхдийн нас баралтын тоо хамгийн өндөр, эрх нь зөрчигдөж буй талаархи мэдээлэл эрх баригчийнх нь чихэнд хүрчээ. Хэдэн сая хүн амтай, дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг тус улсад дэлхийн хоёрдугаар дайны дараахь үеийнхээс ч олон өнчин хүүхэд байгаа гэнэ. 1945 онд 600 мянган өнчин хүүхэд байсан бол өдгөө 800 мянга орчим болж.
Тиймээс өнгөрсөн хугацаанд олон хүүхдэд элэг бүтэн амьдралыг хүсч АНУ-ын иргэдэд үрчлүүлж байсан ч үндэстэн, ястны ирээдүйн хөгжилд нөлөөлнө хэмээн тус улсын Ерөнхийлөгч В.Путин үзжээ. Магадгүй, тэгсэн нь хэдэн зуун жилийн дараа гарч болзошгүй аюулыг урьдчилан тооцоолж зохицуулсан  байж мэднэ. Тэгвэл манай улс харь орон руу илгээсэн бяцхан үрсээ эргэж тойрдог юм болов уу.
Манай улс 1998 оноос гадаадад хүүхэд үрчлүүлж байгаа. Жилд 10-30 хүртэлх хүүхэд гадаад эцэг, эхтэй болж байна гэсэн үг. 2012 оны хувьд 12 хүүхэд үрчлүүлсэн гэхээр энэ хугацаанд 200 гаруй хүүхэд гадаадын иргэнд үрчлэгдсэн гэсэн статистик тоо байна. Хүйсээр нь аваад үзвэл, 118 нь эрэгтэй, 102 нь эмэгтэй хүүхэд гэх. Гадаадын иргэд монгол хүүхэд үрчилж авах сонирхолтой гэдэг. Учир нь, монгол хүний  дасан зохицох оюун ухааны чадвар,  биеийн хөгжил зэргийг нь харгалзан үзээд ийн шийддэг гэнэ.
Өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, ГХЯ, ГИХАЭГ-ын хэдхэн албан хаагчид  хамтраад нэг  хүүхдийн амьдралыг шийдчихэж байна. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн Жонд хүүхэд үрчлүүлэхийг шийддэг аж. Зүүний үзүүрт будаа тогтох ховор энэ хувь заяаг хаа хамаагүй хэн нэгний гарт амархан өгчихмөөргүй л юмсан. Хэдийгээр одоо үрчлэгдсэн хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал гараагүй гэж албаныхан мэдээлэх ч, нүд үнэнч чих худалч гэдэг шүү дээ. Үрчлэгдсэн хүүхдүүдийг эргэж, тойрох асуудлыг ГИХАЭГ хариуцдаг хэмээдэг ч, орхигдсон гэхэд болно. Учир нь, өнөө л санхүүжилттэйгээр холбоотойгоор гадаадад очиж уулзаж  чаддаггүй гэдэг. Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны  холбогдох мэргэжилтнүүд тухайн хүүхдийн амьдарч байгаа нөхцөл, байдлыг газар дээр нь очиж танилцдаг хэмээн мэдээлдэг. Гэтэл хүүхэд өргөж авсан Жонынд хам хум орж харчихаад “Гадаад иргэнд үрчлэгдсэн хүүхдүүд сайхан амьдарч байна” гэж ярьж байгаа нь бодит байдал мөн эсэхэд эргэлзээтэй. Энэ нь, хүүхдийг сайн сайхан амьдарч байна гэх баталгаа болж чадахгүй шүү дээ. Тиймээс хатуухан хэлэхэд, манай улс эрхээ эдэлж чадахгүй бяцхан үрсээ харь орон руу үдэж явуулчихаад эргэж тойрохгүй гадаадын хэн нэгэнд найдаад орхиж байна гэвэл буруудахгүй. Хамгийн харамсалтай нь, үрчлэгдэж байгаа хүүхдүүд ихэнхдээ нэгээс таван насны хүүхдүүд байдаг.
 Үүнээс гадна НХХ-ийн дэд сайд асан Д.Нямхүү “Гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд дотоодын үрчлэлтийн журмаар буюу сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хүүхэд өргөн  авч, гадаадад авч гарсан тохиолдолд хяналт тавих  боломжгүй байдалд хүрээд байгаа. Тиймээс монголчууд олноор ажиллаж байгаа АНУ, Европын орнууд тухайлбал, БНУУ, ХБНГУ, Их Британи, Швед зэрэг улс дахь ЭСЯ-нд хөдөлмөрийн атташе нарыг ажиллуулах замаар төрийн үйлчилгээг тус улсад байгаа иргэдэд хүргэх шаардлага бий” гэдгийг нэгэнтээ хэлж байсан. Тэгэхээр Хүүхэд үрчлэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж боловсронгуй болгох хэрэгтэй гэж байсан.Гол нь, гадаадад хүүхэд үрчлүүлэхийг буруу гэхгүй ч зөв хүндээ өндөр шаардлага тавьж, эрхээ хамгаалж чадахгүй бяцхан иргэнээ гадаадад орон руу явуулъя.
Энд нэг жишээ хэлэхэд, АНУ-ын нэгэн гэр бүл ОХУ-аас хүүхэд үрчилж авах гэж хоёр жилийн хугацаанд 20 удаа ниссэн байдаг. Ийм чанга хуультай улс орноос хүүхэд үрчилж авсан иргэд олон шалгуурыг давж байхад манайх ямар босго тавьдаг  нь нууц байдаг гэлтэй. Монгол Улс цөөхөн хүн амтай. Гэтэл эх орны хойч ирээдүй болсон хүүхдүүдээ харь орон руу танихгүй нэгэнд өргүүлээд явуулаад байвал яаж хүн ам маань өсч, эх орон минь хөгжих билээ. Энэ хорвоод мэндлээд ээж, аавын энэрэл хайрыг мэдрээгүй алгын чинээ үрсийг минь ирээдүй гэгээн байх болтугай. Элэг бүтэн амьдралыг бэлэглэх гэж байгаа ээж, аавын итгэл сэтгэл бүү алдраасай.  Хэдийгээр хөх толботой монгол хүү гадаадад оронд үрчлэгдсэн ч түүний цусанд эх орноо, хэзээ нэгэн цагт төрсөн ээж аавтайгаа уулзана гэсэн тэмүүлэл ухаан орох мөчөөс зүрхэнд нь хадаастай байх  биз ээ. Үрчлүүлсэн бяцхан үрсийнхээ араас  Монголын төр юу хийх бол.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан