Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХЭР ХҮҮХДҮҮД НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖЭЭ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС АВАХ БОЛОЛТОЙ


Нийгмийн халамжийн ту­хай хуулиар энэ сарын 1-нээс эхлэн ихэр хүүхдүүдэд нэг удаа мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, хоёр ихэр хүүхэдтэй өрх хоёр сая, гурван ихэр хүүхэдтэй бол тус бүрт нь сая төгрөг авна гэсэн үг. Энэ нь, ихэр хүүхэд төрөхөд тухайн гэр бүлд учрах санхүүгийн ачааллыг хөнгөвчилж, хуваалцах төрийн дэмжлэг хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлж байсан. Үнэхээр ч хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэгчлэн ихэр хүүхэдтэй болбол тухайн өрхийн зардал багагүй хувиар нэмэгдэж буй. Тиймээс ч дунд нь биш нэг хүүхдэд ногдох мөнгөний хэмжээг нэг сая төгрөг гэж тогтсон нь энэ аж. Гэхдээ эл мөнгийг 0-4 насны ихэр хүүхдүүдэд нэг удаа олгоно гэдгийг онцгойлон анхааруулсан. Харин энэ тэтгэмжийг өгөх бэлтгэл ажлаа хэр хангаж буй эсэхийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн долду­гаар хороогоор орсон юм. Тус хорооны нийгмийн ажилт­ны хэлснээр дөрвөн ай­лын найман ихэр хүүхэд байгаа гэнэ. Гэхдээ харьяа яамнаас нь ихэр хүүхдүүдэд хэрхэн, яаж тэтгэмж өгөх талаар чиглэл ирээгүй учраас мэдээлэлгүй байна. Тэгээд ч ихэр хүүхэд цөөхөн төрдөг учраас хороодод энэ талаархи судалгаа бэлэн байдаг хэмээв.

Харин Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга н.Нямбаяраас энэ талаар асуухад ”Ихэр хүүхдийн талаархи судалгаа гаргасан. Дүүргийн хэмжээнд хоёр, гурван ихэр нийлээд 297 хүүхэд бий. Хэзээ мөнгийг нь өгөх талаар одоохондоо мэдэхгүй байна” гэв. Баянгол дүүргийн нийгмийн халамжийн газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаваас энэ талаар тодруулсан юм.

-Танай дүүрэгт ихэр хүүхэд хэчнээн байдаг вэ. Энэ талаархи тоо, судалгаа гаргасан уу?
-Дүүргийн хэмжээнд хоёр ихэр 182, гурван ихэр хүүхэд хоёр байна гэж гарсан. Энэ тоогоо Нийгмийн халамжийн ерөнхий газарт явуулсан байгаа. Гэхдээ долдугаар сарын 1-ний байдлаар дөрвөн нас хүрээгүй байсан хүүхдүүдэд энэ тэтгэмж олгогдох юм. 

-Он гарсны дараа төрсөн ихэр хүүхдүүдийн хувьд?
-Тэрийг мэдэхгүй байна. Ямартай ч бид энэ тэтгэмжийг авах болзол хангасан ихэр хүүхдийн талаархи мэдээллийг гаргасан.

-Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ мөнгийг авахын тулд ямар бичиг баримт бүр­дүүлж хаана хандах ёстой вэ?
-Хүүхдийн тэтгэмж ава­хыг хүссэн өргөдөл, хорооны тодор­хойлолт, эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг нь авчрах ёстой.

-Санхүүжилт нь хэзээ орж ирэх юм бол. Эцэг, эхчүүд үүнийг сонирхож байгаа?
-Сайн мэдэхгүй байна. Энэ талаар Нийгмийн халамжийн ерөнхий газраас тодруулбал мэдээлэлтэй болох байх. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн эрх мэдлийг орон нутагт нь шилжүүлсэн. Тиймээс энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж буй энэ хуулиар ихэр хүүхдүүдэд өгөх нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн асуудлаа дүүргийн ИТХ-даа оруулна. ИТХ-аар хэлэлцээд баталбал ихэр хүүхэдтэй эцэг, эхчүүд мөнгөө авч болох байх аа гэв.

Ямартай ч, хороодын нийгмийн ажилтнуудын хэлж буйгаар энэ бямба гарагт сургалтад хамрагдан тэтгэмжийн мөнгийг хэрхэн, яаж өгөх талаар нэгдсэн мэдээлэлтэй болж, ажилдаа орно гэсэн “шум” сонсогдов.

Манай улсад ойролцоогоор хоёр ихэр 5100 гаруй, гурван ихэр 75 хүүхэд байдаг гэсэн судалгаа гарч. Гэхдээ ихэр хүүхдүүдэд тусгайлан нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгч байсан удаагүй. Тиймээс ихэр  хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд энэ тэтгэмж талархлыг нь хүлээж буй. Энэ талаар иргэн н.Батнямаас тодруулахад ”Хүүхэд хоол, хувцастайгаа ирдэг гэж монголчууд ярьдаг ч ихэр хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд өрхийнх нь зардал нэмэгддэг. Тухайлбал, нэг хүүхэдтэй айл сардаа живхэнд ойролцоогоор 20 мянга, эхийн сүү орлуулагчдаа 20 мянган төгрөг зарцуулдаг гэж тооцвол хоёр, гурван ихэр хүүхэдтэй өрхийн зарлага ямар их нэмэгддэг нь харагдаж байгаа биз дээ. Ээж, аав, хамаатан садан нь мөнгө төгрөгөөр туслах ч дандаа тусламжийн гараа сунгаад байж чадахгүй. Тиймээс төрөөс ихэр хүүхэдтэй ээж, аавуудад нэг удаа мөнгөн тэтгэмж олгож байгаа нь зөв гэж бодож байна” гэв. Харин ихэр хүүхэдтэй н.Оюун бүсгүй ”Би долоон настай хүүтэй. Өнгөрсөн онд амаржин хоёр ихэр охинтой болсон. Одоо ой хүрч байна. Өмнө нь, хүү дээрээ хувцас, живхэнд нь төдийлэн нэг их мөнгө зарлагаддаггүй байсан. Хоёр охин дээрээ л илт мэдэрч байна.  Чанартай живх, эхийн сүү орлуулагч авна гээд сардаа 70,80 мянган төгрөг зарцуулаад байх шиг байна аа. Манай нөхөр болно доо гэдэг юм. Хурдан ажилдаа орохгүй бол хэцүүдэх юм шиг байна. Ганц биш хоёр ихэр болохоор харах хүн олдохгүй юм”  гэж ярив.
Харин он гарангуут таван нас хүрч байгаа ихэр хүүхдүүдтэй эцэг, эхчүүдэд сонирхуулахад ХАХ, НХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул тайлбар хийсэн байдаг. Тэрээр “Нийгмийн халамжийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Долдугаар сарын 1-ний байдлаар дөрвөн нас хүрээгүй байсан хүүхдүүдэд энэ тэтгэмж олгоно. Хуулийн хүрээнд эрх нь үүссэн ч он гарснаар хүүхэд нь таван настай болчихсон байлаа ч нэг удаагийн тэтгэмж өгнө гэсэн үг. Аймаг, нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газарт өргөдөл гаргаж, холбогдох бичиг баримт бүрдүүлэн мөнгөө авна” хэмээсэн. Тэгэхээр ямар бичиг баримт бүрдүүлэн мөнгөө авах талаар Нийгмийн халамжийн ерөнхий газрын дарга н.Лхагвасүрэнгээс тодруулахад “Улсын хэмжээнд нийтдээ 0-4 насны хоёр ихэр 5000 гаруй хүүхэд байна. Эцэг, эхчүүд тэтгэмж авахыг хүссэн гараар бичсэн өргөдөл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, мөнгө авах хүний иргэний үнэмлэх, эцэг эх нь биш бол асран хамгаалагчаар нь тодорхойлсон шүүхийн шийдвэр, оршин суугаа газрын тодорхойлолтоо бүрдүүлэн хорооныхоо нийгмийн ажилтанд хандах хэрэгтэй” гэв.

Хэзээ тэтгэмжийн мөнгө өгөхийг түүнээс лавлавал “Санхүүжилт хэзээ шийдэгдэнэ. Тэр үед өгнө” хэмээлээ. Гэхдээ албан бус эх сурвалжийн хэлж буйгаар энэ сарын 20-ноос өгч магадгүй гэсэн мэдээлэл өгсөн юм. Учир нь, аймаг, дүүрэг бүрт хүүхдүүдэд олгох мөнгийг хуваарилсан гэнэ.

0 Сэтгэгдэл
тодорхой мэдээлэл хүнд өгчмөөр юм. яах гэж байгаа нь ч мэдэгдэхгүй хачин юмнууд ярих юм. яг тодорхой мэдэх ямар албан тушаалтан байна тэр хүнтэй нь уулзаач дээ
21000 yasan beee
Хамгийн их уншсан