Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ЧИМЭДРЭГЗЭН: ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ ЛИЦЕНЗ ЗАРДАГ ХҮМҮҮСТЭЙ ТЭМЦЭЭРЭЙ ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗАХИДАЛ БИЧСЭН


Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын Хэрх багийн Монголын Ардчилсан холбооны зохицуулагч, АН-ын үүрийн дарга, агрономич Д.Чимэдрэгзэнтэй ярилцлаа.

-Та өөрийгөө товч танилцуулна уу?
-1982 онд Эрхүү хотын Хөдөө аж ахуйн сургуулийг аргономич мэргэжлээр төгсөөд Зүүнхараагийн сангийн аж ахуйд агрономичоор ажиллаж байсан. Тэгээд 1990 онд Зүүнхараагийн сангийн аж ахуй одоогийнхоор Мандал сумын Хэрх багт Монголын Ардчилсан холбоог зургаан нөхрийнхөө хамт байгуулж, одоо болтол зохицуулагчаар ажиллаж байна. Гурван жилийн өмнө Хэрх багтаа Ардчилсан намын үүр байгуулсан. Зүүнхараад маань сонгуульд Ардчилсан нам ерөөсөө ялж байгаагүй. Үндсэндээ улаан суманд ардчиллын төлөө дуу хоолойгоо хүргээд л явж байна даа. 

-Өдий 23 жил болж байхад нэг ч сонгуулиар ялалт байгуулж байгаагүй шалтгаан нь юу юм бол?
-Зүүнхараагийн иргэд маань их хөдөлмөрч ард түмэн. Айл бүр ногоо тарьж, тахиа, гахайн ферм эрхэлдэг болохоор зах зээлийн шилжилтийн хүнд үеийг харьцангуй гайгүй давсан. Ардчиллын мөн чанарыг төдий л сайн ойлгохгүй байна гэж боддог юм. Амьдралаа өөрсдөө аваад явж сурчихсан хүмүүс болохоор улс төр тэгж их сонирхоод байдаггүй юм байна. МАН-ынхан ч гэсэн үргэлж ардчиллын эсрэг зүйл хэлж ярьж, ухуулж байдаг. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн 3-4 нь л АН-ын хүн сонгогдсоор ирсэн.

-Энэ жилийн сонгуулиар нөхцөл байдал өөрчлөгдөж чадсан уу. Улаан тойргууд цэнхэртэж эхэлсэн шүү дээ?
-Ардчилал гарч ирсэн нь бидэнд давуу тал боллоо. Манай сумын АН-ын дарга Баярхүү гэж нутаг орондоо нэр хүндтэй хүн болсон нь сонгуульд олон суудал авахад бас нөлөө үзүүлсэн. Энэ олон жил МАН-ыг сонгоод өөрчлөгдөөгүй болохоор ардчиллаа дэмжээд үзье гэсэн хүлээлт байсан. ИТХ-ын 31 суудлын 13-ыг нь АН-ын төлөөлөгч авсан.  Том сөрөг хүчин болсон доо. ИТХ-ын даргад МАН-аас хоёр хүн, Засаг даргад гурван хүн дотроо өрсөлдсөн юм билээ. Манай АН-ынхан ИТХ-ын дарга Эрдэнэхүүг, Засаг даргад Баярхүүг өрсөлдүүлэхээр санал нэгдсэн байсан.

-Олон суудал авсан нам нь илүү саналаар өөрсдийнхөө хүмүүсийг томилуулсан биз дээ?
-Өмнөх Засаг дарга Цээпилдорж, ИТХ-ын дарга байсан Эрдэнэчимэг, Нямдаваа нар МАН дотроо Засаг даргад өрсөлдсөн юм. Нямдаваа нь олон хүний санал авч, ИТХ-аар дэмжигдэж Зүүнхараагийн Засаг дарга болсон. Харин ИТХ-ын даргад АН-аас нэр дэвшүүлсэн Эрдэнэхүүг маань олонхи нь дэмжсэн. Намын ялгааг гаргах нь сүүлийн жилүүдэд бүр илүү болсон. АН-ын гишүүн, дэмжигчийг гадуурхдаг байдал үргэлж гардаг. Өмнөх Засаг дарга Цээпилдорж бүтээн байгуулалт хийсэн. Гэхдээ хүний төлөөх ардчиллын гол тулгуур зүйлийг бэхжүүлэхэд юу ч хийгээгүй. Ажилтай орлоготой байхад нь анхаарч ажиллаагүй. Ер нь ардчиллын мөн чанарыг ойлгуулахын тулд байнга ярьж, хэлж байх хэрэгтэй юм шиг санагддаг.

-Зүүнхараа сумын АН ажиллаж чадахгүй, ардчиллын мөн чанараа хадгалж, хамгаалж чадахгүй байгаа юм болов уу гэж харагдаж байна л даа?
-Тэр үнэн л дээ. Шарав гэж нөхөр АН-ын дарга байсан. Юу ч хийгээд намыг бараг унтуулчихсан. Дараа нь Эрдэнэчулуун авсан. МАН-ынхантай сүжирсээр байгаад МСҮТ-ийн захирал болоод намаа бараг хаясан. Ингээд АН-ын ажил унтаа байдалд орсон. Харин Баярхүү АН-ын дарга болж, энэ удаагийн сонгуульд амжилттай оролцож, суудлын тоогоо нэмсэн юм. Өмнөх ИТХ-ын төлөөлөгчийн дөрөв нь л АН-ынх байсан. Энэ удаагийн ИТХ-д манай намынхан 13 болж төлөөлөгчийн тоо нэмэгдсэн. Ер нь, хөдөө орон нутаг дахь АН-ынхаа үйл ажиллагааг дэмжиж ажиллаасай гэж боддог. Ямар нэг сонгууль болохоор л намдаа, ард түмэнд хайртай гээд ирдэг. Сонгуульд ялсан бол дөрвөн жилдээ мартдаг. Тэгээд энэ нөхцөл байдлыг харж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал бичсэн юм.

-За ямар утгатай захидал  хэзээ бичсэн юм бэ?
-Авлигыг хоёр ангилах ёстой гэсэн утгатай зүйл захидалдаа бичсэн л дээ. Сү.Батболд гадаадын компанид лиценз нэрээр жишээ нь “Бороо гоулд”-ыг 42 сая ам.доллараар зарсан. Таван толгойн бас нэг лицензийг зарсан ч гэдэг. Монголын газар шороог баялагтай нь зарж байгаа гэсэн үг. Албан тушаалаа ашиглаж зарсан тэр хүн авлига авсан биш эх орноосоо урвасан хэрэг. Тэр хүмүүст эх орноосоо урвасан гэж ял хүлээлгэж, бүх насаар нь хорих ёстой.
Монголын иргэншлээс хасч, бүх хөрөнгийг нь хураах ёстой. Ардчиллаа аварч, эрх мэдлээ ашиглаж лиценз зардаг хүмүүстэй тэмцээсэй гэж захидал бичсэн юм. 2011 оны арваннэгдүгээр сард бичиж, МоАХ-ны удирдлагуудад бас захидлаа өгсөн.  Миний бичсэн зүйлийг Ерөнхийлөгч маань анхааралдаа авна гэж найдаж байгаа.

0 Сэтгэгдэл
2011 ond bichsen yum bol odoo hurtel yum yarij helehku yugaa huleegeed bsan yum be? esvel tanaih hudlaa bicheed baidag yumuu?
Хамгийн их уншсан