УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Хүний эрхийн үндэсний комиссынхон “Хорих байгууллага ба хүний эрх”, “Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хүний эрх”, “Уул уурхай ба хүний эрх”, “Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн зарим асуудал” гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ. Гэвч гишүүд эдгээр сэдвийн хүрээнд ярьсангүй. Тэд ХЭҮК тойрсон хэл ам болон хийж буй ажилтай нь холбоотой өөрсдийн санал дүгнэлтээ ярьж, шүүмжилж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монголд комисс хоёр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Цагаатгалын комисс байдаг гэсэн утгаараа улс төрийн хоригдолгүй. Хүний эрхийн комисс ажиллаж байгаа юм бол хүний эрхийн зөрчилгүй байх ёстой. Гэтэл Хүний эрхийн үндэсний комиссын тавих илтгэлээс харахад зөвхөн мессэж өгдөг байгууллага шиг харагдаж байна.
Миний мэдэж байгаагаар комиссынхон хүний итгэл үнэмшил, шашин шүтлэгтэй байх эрхийн талаар нэг ч удаа илтгэсэнгүй. Чаддагаараа өнөөх л шорон, уул уурхай, хүүхэд ярьж байна. Тэгвэл Монголд оюун санааны болоод шашин шүтлэгийн эрх чөлөө уначихсан байгаа. Монгол Улс төрийн хоригдолтой боллоо. Нэгэнт улс төрийн хоригдолтой юм бол түүний эрхийг нь хангах талаар ажиллаач гэж хүсье. Ер нь цаашид комисс байгаа юм чинь хүний эрх зөрчигддөггүй гэж итгэж амьдармаар байна” гэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “О.Баасанхүү гишүүний дүгнэлттэй санал нэг байна. Байгуулагдаад удаж байгаа ч хүний эрхийн төлөв байдалд дорвитой өөрчлөлт гараагүй. Статистик судалгаа, зөвлөмж гаргаж илтгэл хэлэлцүүлэхээс хэтэрдэггүй” гэж шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Монгол Улсад эрүүдэн шүүх, хүний эрх зөрчих, иргэний үндсэн эрхийг хязгаарлах нь хэрээс хэтэрсэн. Тэр дундаа хууль сахиулах байгууллагын хүрээнд хүч хэрэглэх, албадлага хэрэглэхдээ хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа. Гэвч энэ байгууллагуудад болж байгаа үйл явцыг хянах, шалгах, мэдээллийг нь авах эрх нь ХЭҮК-т байхгүй. Тиймээс хүч хэрэглэдэг байгууллагыг хянах эрх олгоё” гэж байлаа. Харин тэдний ярьсанд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ийн хариу барив. Тэрээр “Манай байгууллагын талаар гишүүд буруу зөрүү ойлголттой байгаа учраас залруулах нь зүйтэй байх. ХЭҮК бол төлөв байдлын илтгэл бичээд суудаг байгууллага биш. Миний хувьд даргаар нь хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд бид хийсэн шалгалт шүүлгийнхээ тухай тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаагүй. Тиймээс тайлан бичихээс өөр ажилгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байж болох юм. Ер нь, бид долоо хоног бүр 2-3 удаа хорих ангиудад ажилладаг. Өнгөрсөн даваа гаригт гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг зургаан сургуульд шалгалт хийлээ. Дээр нь хүний эрхийн бүхий л төрлөөр 14 илтгэл бичжээ. Сүсэг бишрэлийн тухай илтгэл бичиж байсан. Үүнийгээ УИХ-ын гишүүдэд тарааж болно. Илтгэл бол бидний ажлын зөвхөн нэг хэсэг нь. Хамгийн гол ажил нь сургалт сурталчилгаа, хяналт шалгалт юм шүү дээ” хэмээв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хүний эрхийн дэд хорооны гишүүд хорих ангиудад шалгалт хийхэд орчин нөхцөл нь тун тааруу байна. Ямар ч олон хоригдолтой юм бэ. 2.7 сая хүн амтай орон 8000 хоригдолтой байна гэдэг нь байж боломгүй асуудал. Харин ч цөөхөн хүн амтай манайх шиг улс хүний эрхийн талд үлгэр жишээ орон байх боломжтой. Үүний төлөө та бид ажиллах ёстой” гэлээ.
Харин ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Бид төрийн байгууллагынхнаас илүү ачаалалтай ажилладаг.
Гэхдээ комисс сайн ажилласан ч хүний эрхийн зөрчил арилна гэж байхгүй. Нийгэм байгаа тохиолдолд хүний эрхийн зөрчил байж таарна шүү дээ. Харин зөрчлийг нь гаргаад тавьж байгаа комиссын гаргасан санал зөвлөмжийг хэрэгжүүлбэл дутагдал арилна. Харамсалтай нь, бидний гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй” гэж гомдоллонгуй ярьж байлаа.