Төрийн болон хувийн хэвшлийн том оврын автобус нэгдүгээр сарын 23-наас эхлэн тасалбарын үнээ нэмж, 600 төгрөг болгоно хэмээн мэдэгдлээ. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны мэдэгдэж буйгаар тасалбарын ханшаа нэмэхийг 25 аж ахуйн нэгж гараа өргөн дэмжиж байгаа гэв. Төрөөс олон жилийн турш барьсан хатуу бодлого болон цахилгаан, түлш шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан одоогийн үнээрээ үргэлжлүүлэн цаашид үйлчлэх боломжгүй гэв.
Уг мэдээллийг зохион байгуулагч С.Эрдэнэбатын хэлснээр “Сүүлийн 14 жилийн хугацаанд нийтийн тээврийн үнэ хоёр удаа өөрчлөгдсөн учир бодит өртөгөө нөхөж чадахгүй байгаа. 1999 онд тасалбарын үнэ 200 төгрөг байхад нийт зардлын талаас илүү эзэлдэг түлшний үнэ 400 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр дизель түлшний үнэ хэд дахин өсч, 1800 төгрөг байхад тасалбарын үнэ 400 төгрөг л байгаа. Засгийн газраас дизель түлшний бөөний үнэд онцгой албан татвар болон НӨАТ-ын хөнгөлөлтийг цуцалсан нь 1529-1600-аар авч байсан түлш 1800-1850 төгрөгөөр авч байна. Уул уурхайн салбарт нийлүүлэгдэж буй нефтийн бүтээгдэхүүний бөөний үнийн асуудал сөхөгдөөд л ийм шийдвэр гарчихсан. Гэтэл уул уурхай, нийтийн тээвэр огт өөр салбар шүү дээ. Тийм байтал дизель түлшний бөөний хөнгөлөлтийг цуцалсан нь эргээд нийтийн тээврийн үнэ өсөх нөхцөл болж байна. Автобус баазууд цаашдаа машин техникээ шинэчлэх хуримтлал үүсгэж чадахгүйгээр энэ бүхнийг зохицуулж байна” хэмээн ярилаа. Цахилгаан тээвэр компанийн ҮЭ-ийн дарга Д.Батнасан “Зах зээлд шилжин орсноос хойш 20 жил амь тариа төдий явсаар явлаа. Цахилгаан тээвэр компанийн хувьд 100 төгрөгөөр нэмэгдүүлж, өнөөдрийг хүртэл 200 төгрөгөөр хэрэглэгчдэд үйлчилж ирсэн. Удахгүй эрчим хүчний үнийг нэмэхтэй холбогдуулан троллейбусны тасалбарын үнийг 400 төгрөг болгон нэмэхээр санал оруулсан” гэв.
“Автобус-3” компанийн ҮЭ-ийн дарга Ч.Сарантуяа “Манай автобус баазын хувьд 410 ажилтантай. Нийслэлийн зүүн болон зүүн урд зүгийн найман чиглэлд зорчигчдод үйлчилдэг. Дизель түлшийг литрийг 1685 төгрөг, арванхоёрдугаар сарын 22-наас 1735, нэгдүгээр сарын 4-нөөс 1775 төгрөгөөр худалдан авч байна. Ажлын өдрүүдэд 6400 литр шатахуун, амралтын өдрүүдэд 5800 литр зарцуулдаг. Дизель түлшний үнийн зөрүүнээс болж 17-18 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Манай жолооч нарын цалин дунджаар 330 гаруй мянга, кондуктор 298 мянган төгрөгийн цалин авдаг. Тиймээс бид “Автобус -1” компанийн ажилчидтай хамтарч нэгдсэн журмаар ажил хаялт зарлахад ч бэлэн байна. Энэ талаар ярилцаж байгаа” гэсэн юм.
С.Эрдэнэбат: Нэг зорчигч тээвэрлэхэд 160 төгрөгийн алдагдал хүлээдэг
/Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭХ-ны холбооны тэргүүн/
-Үнэ нэмэхгүй байх боломж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юү?
-Нийтийн тээврийн үнийг талх, мах шиг нэмэх боломжгүй. Жилд нэг удаа л гэрээгээр зохицуулдаг. Гэхдээ гэрээнд шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулж болно гэсэн заалт бий. Өнгөрсөн жил бид үнийн асуудлаар удаа дараа холбогдох байгууллагуудад мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Засгийн газраас нийтийн тээврийнхэнд зорчигч тутмаас алдаж байгаа зөрүүг олгох эсвэл түлшний үнийн зөрүүг төсвөөс олгох, нэг бол хөнгөлөлттэй үнээр түлш өгөх талаар даруйхан шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна. Мөн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих талаар одоогийн мөрдөгдөж буй хуулиудад өөрчлөлт оруулах зэрэг шаардлагыг хүргүүлээд байна.
-Нэг зорчигчийг тээвэрлэх бодит өртөг хэдэн төгрөг байна вэ. Зорчигч тутамд алдаж байгаа зөрүү тэтгэмж гэдэг нь?
-Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар дунджаар 560 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, он гарсаар нэмэгдсэн түлшний үнээр бодогдоогүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар нэг зорчигч тээвэрлэхэд 160 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
-Шаардлагуудыг хүлээн авахгүй бол хэзээнээс тасалбарын үнэ энэмэх вэ?
-Энэ сарын 23-ны дотор хариу ирүүлээгүй тохиолдолд тасалбарын үнийг 600 төгрөг болгоно. Бид аль болох нэмэхгүй байх хүсэлтэй байгаа тул Засгийн газраас тодорхой арга хэмжээ авна хэмээн найдаж байна.
-Нийтийн тээврийн газрын удирдлага солигдсон. Ер нь, үнэ нэмэх талаар албаны хүмүүсийн зүгээс ямар тайлбар өгч байна?
-Бид байнга уулзаж энэ талаар ярилцаж байгаа. Албаны хүмүүсийн хувьд үнэ нэмэхээс өөр аргагүй гэдгийг ойлгож байна гэсэн.
-Сурагчдын тасалбарын хувьд бас нэмэгдэх үү?
-Хүүхдийн тасалбарын хувьд хуучин үнээрээ байна. Сурагчдын хувьд ямар нэгэн орлогогүй учраас нэмэхгүй байхаар ярьж байгаа. Харин нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог хуулийн тухайд эргэн харах шаардлагатай. Энэхүү хуулиас шалтгаалан хөнгөлөлт чөлөөлөлтийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн зорчих асуудал үүсч байна. Жишээ нь, оюутнууд өдөртөө дунджаар нэг удаа биш 2-3, хамгийн их нь 10 удаа явж байна. Тиймээс бүх нийтээрээ хөлсөө төлдөг зарчимд шилжвэл хамгийн шударга тогтолцоо болно гэж үзэж байна.
-Гэхдээ ахмадуудын хувьд тэр бүр зорчдоггүй шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ энэ талаар бодит судалгаа байхгүй. Үнэнийг хэлэхэд автобусаар үнэгүй зорчдог хүмүүс дээр нэмэгдээд орлогогүй, ажилгүй хүмүүс л явдаг.
-Өдөрт дунджаар хэдэн хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг вэ?
-Дунджаар 600-800 мянган хүн үйлчлүүлдэг гэсэн тоо бий.
-Налайхын автобус 1000, Гачууртын чиглэлд 600 төгрөг гээд Шувуун фабрик, зуслангийн чиглэлийн автобусны үнэ бас нэмэгдэх үү. Хэдэн төгрөг болох бол?
-Одоогоор нарийн тогтоогоогүй байна. Тодорхой хэмжээгээр 200-300 төгрөг нэмэгдээд явах болно.
-Энэ оны төсөвт нийтийн тээврийн нөхөн олговорт хэчнээн төгрөг суулгасан бэ?
-23 аж ахуй нэгжийн 800-1000 автобусанд 46 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог.
Х.Булгаа: Дур мэдэн үнэ нэмвэл арга хэмжээ авна
Нийтийн тээврийнхэн үнэ нэмэх талаар ийн хурал хийсний дараа албаны хүнээс тодруулахаар Нийслэлийн нийтийн тээврийн газрыг зорив. Тус газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаагаас дараахь тодруулгыг авлаа.
-Улсын болон хувийн хэвшлийн автобус компанийнхан тасалбарынхаа үнийг нэмэх талаараа өнөөдөр хурал хийлээ. Үнэ нэмэгдэх үү?
-Ерөнхийдөө автобусны компаниудаас удаа дараа үнэ нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Зам тээврийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтраад судалгаа хийж эхэлсэн.
-Нэгдүгээр сарын 23 гэхэд хариу өгөхгүй бол үнээ нэмнэ гэж байна. Хэрвээ та бүхнийг судлаад сууж байхад үнэ нэмчихвэл яах вэ?
-Манай газраас том оврын автобус эрхлэгчидтэй гэрээ байгуулдаг. Гэрээний дагуу бол шууд дур мэдэн үнэ нэмэх боломжгүй.
-Хэрвээ нэмчихвэл?
-Хэрвээ дур мэдэн үнэ нэмвэл арга хэмжээ авна.
-Эрчим хүчний үнэ өнөөдрийг хүртэл нэмэгдээгүй байгаа. Айл өрхийн хэрэглээг 5-10, албан байгууллагад 30 орчим төгрөгөөр үнэ нэмэх тухай яригдаж байна. Гэтэл Цахилгаан тээвэр компаниас тасалбарын үнээ 50 хувиар нэмж 400 төгрөг болгоно гээд ярих болж?
-Бид судалж байгаа. Цахилгаан тээвэр компаниас хэн тэгж хэлсэн юм.
-Цахилгаан тээвэр компанийн ҮЭ-ийн Д.Батнасан дарга 200 төгрөгийг 400 болгоно гээд хэвлэлийн хурал дээр ярилаа?
-Бид энэ талаар мэдээлэл аваагүй байна. Яахав. Цахилгаан тээвэр компанийн хувьд эрчим хүчнээс гадна зайлшгүй нэмэх ёстой зардлууд байгаа.
Нэг хэсэг нь үнэ нэмэхээр шулуудчихсан байхад нөгөө талд нь судлаад л сууж байдаг. Дизель түлшний 200 орчим төгрөгийн зөрүүнээс шалтгаалан улсын болон хувийн хэвшлийн автобус баазууд үнээ 200 төгрөгөөр нэмэх гэж байдаг. Гэтэл эрчим хүчний үнэ 5-35 төгрөгөөр нэмэгдэх төдийд Цахилгаан тээвэр 200 төгрөгөөр бас нэмнэ гээд байгаа. 5-35 төгрөгийн нэмэгдлээс үүдэн 50 хувь үнэ нэмэх нь хэр зөв тооцоо судалгаа вэ хэмээн Цахилгаан тээвэр компанийн ҮЭ-ийн дарга Д.Батнасанаас тодруулахад “Манайх 3.2 тэрбумын өртэй. Бид хүнд байна. Ажилчид маань сүүлийн хоёр сар цалингаа аваагүй гээд л” баахан зовлон тоочих нь тэр. С.Эрдэнэбат гэж нөхрийн ярьж буйгаар “Компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад ажилчдынхаа унааны мөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэнэ. Гэхдээ энэхүү дизель түлшний үнийн зөрүүг үнэн чанартай хувийн хэвшлийнхэн төлөх ёстой юу. Төрийн албан хаагчид тэртэй тэргүй хориглосон, хориглоогүй ч албаны болон хувийн унаатай хүмүүс. Өнөөдөр нийтийн тээврийнхнийг тэжээж буй хүмүүс бол цалин багатай хувийн хэвшлийнхэн шүү.