Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Армийн тооноос хол давсан хоригдлуудын эрхийг хэрхэн хамгаалах вэ

10 хүүхэд ээжтэйгээ хоригдож байна

Монгол Улсад хүний эрх өнгөрсөн онд ямар байсан талаар Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр хэлэлцэх учиртай. Энэ хэлэлцүүлгийн нэг бүлэг буюу Хүний эрх ба хорих газрын нөхцөл байдал гэсэн том хүрээ хамарсан сэдэв байгаа аж. Том гэж хэлдэгийн учир Монгол Улсын хэмжээнд ял эдэлж байгаа 8000 гаруй хоригдол байгаа гэнэ. Энэ нь хүн амынхаа тоотой харьцуулбал дэлхийд дээгүүр орох тоо гэдгийг албаныхан хэлж байна. Тэгвэл яагаад иргэд гэмт хэрэг үйлдээд байна вэ, үүний шалтгаан нөхцөл нь ямар байна, гэмт хэрэг үйлдсэн иргэдийн эрх ямар хэм, хэмжээнд байна вэ гэдэгтэй танилцахаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Ганбат, тус хорооны гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Л.Болд, Ж.Батзандан, Хүний эрхийн гишүүд өчигдөр ШШГЕГ-ын 407, 401, 411, Урьдчилан хорих 461 дүгээр ангиар явсан юм.
Эмэгтэйчүүдийн хорих ангид өнөөдрийн байдлаар 300 гаруй эмэгтэй хорих ял эдэлж байгаа аж. Энэ ангийн хувьд нөхцөл байдал нь урьд өмнөхөө бодвол сайжирч байгаа ч гишүүнийн хамгийн их анхаарлыг татсан зүйл нь эхтэйгээ хамт хорих ял эдэлж байгаа нярай хүүхдүүдийн асуудал байсан юм. Тус ангид өнөөдрийн байдлаар 10 хүүхэд эхтэйгээ хамт ял эдэлж байгаа аж. Монгол Улсын эрүүгийн хуулиар жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэйг ял хойшлуулна, ялаас чөлөөлнө гэсэн заалт байдаггүй харин бага насны хүүхдийг нэг нас хүртэл нь эхтэй нь хамт байлгана гэсэн заалт байдаг аж. Тиймээс дээрх хүүхдүүд ээжтэйгээ хамт ял эдэлж байгаа нь энэ. УИХ-ын гишүүдийн зүгээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн төсөл боловсруулагдаж байгаа энэ үед жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүдийг ял хойшлуулах талаар тусгах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байсан юм. Тэрчлэн одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч бага насны хүүхэдтэй бол тухайн эхийг тусгай нөхцөлд байлгах ёстой гэсэн шаардлагыг ангийн удирдлагуудад тавьж байсан юм. Харин тус ангийн дарга дэд хурандаа О.Хадбаатар, “Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдийг ял хойшлуулах боломжгүй. Харин хүүхэд нь мэдэлчихсэн эхчүүдийг хорих ангийн зооноос гаргаж, халамжийн байдалтай байлгах нь зөв гэж би хувьдаа боддог юм. Ингэхийн тулд хөрөнгө мөнгө хэрэгтэй” гэсэн тайлбарыг өгч байлаа. Энэ ангийн хувьд ял эдэлж байгаа эмэгтэйчүүдээ хөдөлмөр эрхлүүлэх үүднээс гар урлал, үйлдвэрлэл гэсэн хоёр чиглэлээр хөдөлмөр эрхлүүлж байгаа аж. Тус ангийн хүмүүжигч эмэгтэйчүүд өөрсдийнхөө хийсэн гар урлалын бүтээлээр ирэх гуравдугаар сард үзэсгэлэн гаргахаар зэхэж байгаа аж.

Сурах эрх нь хангагдаж байгаа ч...

Хүний эрхийн дэд хорооны гишүүдийн дараагийн очсон анги нь насан хүрээгүйчүүдийн хорих анги буюу ШШГЕГ-ын 411 анги байсан юм. Мөн энэ ангитай хаяа дэрлэн орших 401 анги буюу хорих эмнэлэг байлаа. Хүүхдийн хорих ангийн тухайд өнөөдрийн байдлаар 39 хүүхэд хүмүүжиж байгаа гэнэ. Тэдний 21 нь хүндэвтэр, найм нь хүнд, 10 нь онц хүнд гэмт хэргээр шийтгүүлжээ. Орон нутгийн харъяалалаар хамгийн олон хүмүүжигчтэй аймаг нь Хөвсгөл гэнэ. Хөвсгөлөөс тав, Дархан-Уул, Дорнод аймаг тус бүр дөрөв гэхчлэн аймаг бүрээс гэмт хэрэг үйлдээд ирсэн хүүхэд байдаг тухай ангийн захирагч З.Батхуяг дарга өгүүлсэн.  Хүүхдийн хорих ангийн онцлог нь хүмүүжигчдийн сурч боловсрох асуудлыг орхисонгүй. Тэднийг ерөнхий боловсролын хэддүгээр ангиас гарснаас нь хамаарч бага, дунд, ахлах ангид хувааж, Хан-Уул дүүргийн 110 дугаар сургууль хүмүүжигчдэд ерөнхий эрдмийн хичээл заадаг юм байна. Тухайлбал, тоо, монгол хэл, түүх, биеийн тамир гээд бүх хичээл ордогоо дуулгаад цаашид энэ орчныг боловсронгүй мэргэшсэн болоход төсөв мөнгө шаардлагатайг хэллээ. Өнөөдрийн байдлаар хорих ангиудаас олон улсын стандарт хангасан байр нь урьдчилан хорих 461 дүгээр анги. Бусад нь соц нийгмийн үед баригдсан шаардлага хангахгүй байрууд гэнэ. Үүнд эмэгтэйчүүдийн хорих ангийн хэд хэдэн байр болоод хүүхдийн хорих байр хамаарч байгаа юм байна. Тодруулж хэлэхэд, хүүхдүүдийн эрхээ хязгаарлуулан сууж байгаа байр нь эмнэлгийн зориулалтаар баригдсан эдэлгээ нь муудсэн байр гэнэ.

Хүний эрхийн дэд хороог барьцаалсан О.Баасанхүүгийн шоу

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны ажил уг нь хорих ангиудын нөхцөл байдал ямар байна, хоригдож байгаа хүмүүсийн эрх нь хэрхэн хангагдаж байгааг нүдээр үзэх явдал байв. Гэсэн ч өдрийн тэн хагаст зорилгоосоо хазайсан нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү үүрэгт ажлаа умартан намынхаа даргын асуудлаар шоу хийсэн явдал байлаа. Хүүхдийн хорих ангитай хаяа дэрлэн орших ШШГЕГ-ын харьяа 401 анги буюу Зайсан дахь хорих ангийн эмнэлгээр орох маршруттай байв. Гэсэн ч хэвлэлийнхэнд энэ ангийн хаалга хаалттай байлаа. Учир нь, өвчтэй хүн хэвтэж байгаа газар хар хувцастай гадны хүн ордоггүй гэсэн шалтгаан. Ингэж шалтаглахын учир УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар Хүнийн эрхийн дэд хорооныг “барьцаалж” намынхаа даргыг сэмхэн эргээд амжсан юм. Хэвлэлийнхнийг хүүхдийн хорих ангид “хорьчихоод” төлөвлөсөн цагаасаа хэдэн арван хоромоор хожигдож ирсэн гишүүд, “Бид Энхбаяр даргатай уулзлаа. Одоо эмнэлгийн ерөнхий эмч мэдээлэл хийнэ” гэсээр орж ирсэн юм. Үнэн хэрэгтээ эмч мэдээлэл хийх бус УИХ-ын гишүүн О.Баасанхүү халдашгүй дархан гэх эрхээ ашиглаж, прокурор, эмнэлгийнхнийг загнаж, зандарч байв.

Т.Доржсүрэн: Энхбаярын биеийн байдал хүнд байна

Зайсан дахь хорих анги буюу ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр ангийн ерөнхий эмч Т.Доржсүрэн Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр, “Н.Энхбаяр манай хорих ангийн эмнэлэгт өнгөрсөн сарын 21-нд ирсэн. Ирснээс хойш ямар ч эмчилгээ хийлгээгүй. Өөрөө хийлгэхийг хүсэхгүй байгаа. Бид эмчилгээ хийх хүсэлтээ удаа дараа тавьсан ч хүлээн зөвшөөрөөгүй. Одоогоор түүний биеийн байдал хүнд гэхэд болно. Даралт тогтворгүй, бие нь зовиуртай байгаа. Өдрөөс өдөрт даралт нь нэмэгдэж байна. Тэрээр өлсгөлөнгийн дараах үеийн эрхтэн сиситемийн тогтолцоо өөрчлөлтэй, хордлогын хүнд хэлбэртэй, стрессийн улмаас биеийн байдалд өөрчлөлт орсон гэсэн хоёр оноштой байгаа. Биеийнх нь байдал тогтворгүй байгаа учраас түүнийг өмнө нь эмчилж байсан хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн удирдлагад хандаж “Н.Энхбаярт эмчилгээ хийгээч” гэж хүссэн. Гэвч тэд эмчилгээ хийх тухай тодорхой хариу хэлэхгүй өдөр хоног өнгөрөөж байгаад өнөөдөр /өчигдөр/ ирлээ. Хоёрдугаар эмнэлгийн эмч нар энэ хүсэлтийг хүлээж авахгүй удсаны учир нь “Наад хүнээ та нар хариуц” гэсэн хариу өгч байсан юм” гэсэн  юм гэв. Тус ангийн эмч нарийн өгсөн мэдээллээр хорих эмнэлэгт 2011 онд 11, 2012 онд 10 хүмүүжигч эрүүл мэндийн улмаас амиа алджээ. Нас барсан хүний тоо буурсан үзүүлэлт байгаа ч цаашид үүнийг улам бууруулна гэдгээ эмч нар Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд хэлсэн юм.

Ийн хорих газруудаар явж байдалтай нь танилцсан УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат “Бид хорих газруудаар явж байдалтай нь танилцлаа. Бодит нөхцөл байдалд ялтны тоо хэт өндөр байна. Армийн цэргүүдээс илүү тооны ялтан хүмүүжиж байгаа. Үүнийг цэгцлэх цаг болсон. Ялангуяа, хүний эрхийг эрхэмлэн дээдлэх өнөө цагт хорих ангид ч гэсэн ялтан эрх чөлөөтэй, сурч боловсрох, хөгжих эрх нь нээлттэй байх ёстой. Дээрээс нь ая тухтай орчинд хүмүүжих шаардлагатай. Тэгвэл одоогийн хорих ангиудад энэ эрх нь хаагдсан гэж хэлж болохоор байна. Хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Цаашдаа хүний эрхийн дэд хороог байнгын хороо болгох ёстой” гэв.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан