Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЛСЫН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСЧЭЭ


Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд улсын хэмжээнд 22089 гэмт хэрэг бүртгэжээ. Энэ нь өмнөх оныхоос 2892 хэргээр буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Дундговь, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс аймагт 2.4-15.7 хувиар буурсан бол бусад аймагт 3.9-40 хувиар өссөн байна. Мөн нийслэлийн бүх дүүрэгт гарсан гэмт хэргийн тоо өмнөх жилийнхээс өсчээ. Бүртгэсэн гэмт хэргийн 43.6 хувийг хөнгөн, 45.5 хувийг хүндэвтэр,  8.7 хувийг хүнд,  2.2 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлжээ. Үүнээс онц хүнд ангиллын гэмт хэрэг өмнөх оныхоос 2.2 хувиар буурч, хүнд  гэмт хэрэг 5.0 хувиар, хүндэвтэр нь 13.0 хувиар, хөнгөн нь 20.8 хувиар өссөн байна.
Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 56.3 хувьтай байгаа нь өмнөх оныхоос 5.2 хувиар буурсан аж.

Хууль бусаар ан агнах хэрэг 60 хувиар өссөн байна

Өнгөрсөн жил ан агнуурын хууль тогтоомж зөрчих хэрэг 2011 оныхоос 60 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Мөн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, завшиж үрэгдүүлэх, булаах, хулгайлах, банкны тухай болон ойн тухай хууль тогтоомж зөрчих, хүн худалдах, бусдын биед гэмтэл учруулах, бусдыг амиа хорлоход хүргэх зэрэг гэмт хэрэг өсчээ.  Үүнээс гадна тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт өссөнийг ч цагдаагийнхан хэлж байна. Тухайлбал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах 75 хэрэг өнгөрсөн онд бүртгэгдсэн нь өмнөхөөсөө 6.3 хувиар өсч. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 79 хэрэг бүртгэгдсэн нь мөн л өмнөхөөсөө өссөн байна.

Авлига авах, өгөх гэмт хэрэг буурчээ

Өнгөрсөн онд найман төрлийн гэмт хэргийн тоо өмнөхөөсөө буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, бусдын болгоомжгүй хөнөөх, бусдад жолоогоо шилжүүлэх, хүчиндэх, танхайрах, бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг буурсан байна. Үүнээс гадна буурсан гэмт хэргийн жагсаалтад авлига өгөх, авах нь өмнөхөөсөө 9-15 хувиар буурсан гэсэн нь анхаарал татлаа.

Эмэгтэйчүүд, хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх нь өсчээ

Цагдаагийн байгууллага 2012 онд эмэгтэй хүн оролцсон 2761 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 1270 хэргээр буюу 85.2 хувиар өссөн аж. Хүүхэд оролцсон 1076 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 486 хэргээр буюу 82.4 хувиар мөн л өсчээ. Түүнчлэн бүлэглэж үйлдэх гэмт хэргийн тоо ч өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, бүлэглэн үйлдсэн 2427 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 361 хэргээр буюу 17.5 хувиар өссөн аж.

Гэмт хэргийн улмаас нас барах хүний тоо буурав

Өнгөрсөн жил гэмт хэргийн халдлагад 21294 хүн, 167 байгууллага өртөж хохирчээ. Гэмт хэргийн улмаас 901 хүн нас барж, 8436 гэмтсэн бол төр, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 53.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эл хохирлын 47.2 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх жилийнхээс буурсан ч, гэмтсэн хүний тоо өссөн гэнэ. Мөн гадаадын 121 иргэн гэмт хэргийн халдлагад өртсөн нь өмнөх оныхоос есөн хувиар өссөн байна. Хохирогч нарын олонхи нь БНХАУ, ОХУ, БНСУ-ын иргэн юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан