Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын компаниудыг чадваржуулъя


Удахгүй гээд урь орж, зам барилгын бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Энэ үед жилийн жилд яригддаг өнөө л чанаргүй замын асуудал хөндөгддөг. Тэгвэл энэ жилийн тухайд  улсын төсвөөс нийслэлийн авто замын салбарт 89.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 75.5  километр авто замыг өргөтгөн шинэчлэх буюу шинээр барьж эхлүүлэхээр төлөвлөсөн. Харин нийслэлийн 34.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 22.7 километр авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэхээс гадна Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар хэд хэдэн авто зам барихаар төлөвлөжээ. Харин энэ мөнгийг үр ашигтай захиран зарцуулахад бид  анхаарлаа хандуулах учиртай. 

Улаанбаатар хотын зам 430 орчим км бөгөөд нийслэл том, жижиг 51 гүүртэй. Авто замын дийлэнх нь удаан жил ашиглагдсан, гүүрүүд нь 1945-1967 оны хооронд баригдсан байдаг. Харин сүүлийн хоёроос гурван жилд авто замын барилгын ажил нэлээд хийгдлээ. Тухайлбал, 2011 онд 67 тэрбум төгрөгөөр зам засварын ажил хийсэн.  2012  онд  22 компани гүйцэтгэгчээр шалгарч, нийт 114 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн замыг засварласан байдаг.  
 Манай замын компаниуд зам барилгын ажлыг чанаргүй хийдэг хэмээн шүүмжлэлд өртдөг. Арга ч үгүй биз дээ. Барьсан зам нь нүдэн дээр жилийн дараа л эвдэрч байгаа хойно. Тэгвэл зам барилгын ажил чанаргүй хийгддэг шалтгааны тухайд  нэгэн компанийн захирал  “Нэг замыг барих гэж бичиг цаасны ажил хөөцөлдөж, ар өврийн хаалга холбогдох албаны хүмүүсийн гарыг хүндрүүлнэ гээд бөөн зардал чирэгдэл болдог. Ингээд замынхаа мөнгөнөөс ч хумслаж өгөх нь бий. Энэ нь нэг талаар замын чанарт нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр, манай орны цаг уурын нөхцөлөөс шалтгаалдаг. Дээр нь, замын компаниудын хүчин чадал техник хангалтгүй, дунджаар 30 хүний бүрэлдэхүүнтэй  л ажилладаг. Энэ нь, яах аргагүй замын чанарт “чөдөр” болж байгаа гэдгийг учирлаж байсан. Харин “Жэй Ки Си” ХХК-ийн инженер  Б.Жавхлантөгс “Манай замын компаниуд Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу л замаа барьдаг. Тэрнээс биш өөрсдөө дур мэдэн хямд чанаргүй материалаар барьдаг юм биш. Манай арчлалтын улирал их хэцүү. Зам барилгын ажил таваас зургадугаар сард л хийгддэг. Тэгж байтал хүйтэн болоод арчлалт хамгаалалт нь байхгүй болчихдог. Энэ нь замын чанарт нөлөөлдөг. Хэрэв Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олговол тоног төхөө­рөмжийн шинэчлэл хийж, компаниуд чадавхижна. Ер нь, зам барилгын компаниудад өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж амин сүнс нь байдаг.

Биднийг чанаргүй зам барьдаг гэж ад шоо үзэж, үндэсний компаниудын нэр хүнд уналаа. Бид хэчнээн хичээгээд ч чадал минь хүрэхгүй байна” хэмээн ярьсан юм.
Тэгэхээр хөрөнгө оруулал­тыг үр ашигтай зарцуулахын тулд замын компаниудаа чадавхижуулах хэрэгтэй. Харин ингэхийн тулд компаниудад хөнгөлөлттэй зээл олгож дэмжье. Одоогоор төр, хувийн нийлсэн хэдэн зам барилгын компани байгаа нь тодорхойгүй аж. Иймд нэгдсэн тоо гаргаж, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг тооцъё. Үнэндээ хөнгөлөлттэй зээлүүд нүдээ олж  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг  барьж чадсан.

Харин одоо бүтээн бай­гуулалтад анхаарлаа хандуулан ирээдүйд гарах үр дүнг хүлээх л үлдлээ. Тэр цагт жилийн жилд үүсдэг бидний “шүдний өвчин” болсон чанаргүй баригдсан замын талаархи  асуудал ард хоцрох биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан