Ойрд дүүргүүдийн хороод олны хөлд дарагдаад байгаа гэнэ. Энэ нь, иргэн бүрт олгох хувьцааны бүртгэлтэй давхцан хоёр нас хүртэлх хүүхдээ харж буй эхчүүдэд сар болгон мөнгөн тэтгэмж өгөх нь гэсэн “шум” олны дунд тархсан хэрэг. Салхинаас ч хурдан тархсан эл мэдээлэл ийнхүү эхчүүдийг хороогоо зориход хүргэж. Эл мэдээллийн дагуу захын дүүрэг болох Баянзүрхийн наймдугаар хороогоор орвол олны хөлд дарагджээ. Цахим үнэмлэхээ авах, хорооноос явуулж буй үйл ажиллагаанд хамрагдах, тодорхойлолт авах гэсэн иргэд халамжийн ажилтныг тал талаас нь бүччихэж. Тэрээр их л шуурхай үйлчлэхийг зорин асуудлыг дор дор нь шийдэж өгч байв. Харин үйлчлүүлэх ээлж нь ирсэн нэгэн бүсгүй “Хоёр хүртэлх насны хүүхдээ гэртээ харж байгаа ээжүүдэд сар бүр тэтгэмж өгнө гэж ярих юм. Хэзээ өгөх юм бол” хэмээн асуув. Нийгмийн ажилтан бүсгүй ”Одоогоор мөнгө өгөх нь тодорхойгүй шүү дээ. Бид ямар ч гэсэн хорооныхоо хоёр нас хүртэлх хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдийн судалгааг гаргаж байна. Дээрээс чиглэл ирэнгүүт эхчүүдийг дуудаж дахин нэрсийн тулгалт хийх байх” хэмээв. Үүнийг сонссон эхчүүд “Наадах чинь зүгээр юм байна. Амьдралаа бодоод зарим бүсгүй хүүхдээ дөрөв, таван сар болонгуут нь ажилдаа ордог. Өвчтэй хүүхэдтэй ээжүүд бүр хэцүү шүү дээ. Их зөв ажил хийх нь” хэмээн өөр хоорондоо халуун яриа өрнүүлэх нь тэр. Харин ажиглаж зогссон нэгэн ах “Халамжийн бодлогоо цэгцэлнэ гэчихээд мөнгө тараагаад байж болж байгаа юм уу” хэмээн хэлж байгаа харагдав.
Энэ талаар ямар бодолтой байгааг тус хорооны иргэн Б.Бат-Оюунаас тодруулахад “Хэрвээ улсаас мөнгө өгнө гэвэл болж л байна. Эмэгтэй хүн чинь гэртээ нэр хүндгүй үйлчлэгч л байх юм байна шүү дээ. Гэртээ хүүхдээ хараад суучихвал байр, машины зээлтэй гэр бүл бол хэцүүднэ. Хоёулаа л хөдлөхгүй бол өнөөдөр амьдрахад хэцүү байна” хэмээн ярилаа. Ингээд хотын төвөөс төлөөлөл болгон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороогоор орсон юм. Захын хороог бодвол ачаалал гайгүй байж магадгүй хэмээн бодвол харин ч эсрэгээрээ. Мөн л цахим үнэмлэх, тодорхойлолт авах гэсэн иргэдийн хөлд дарагджээ. 9275 хүн амтай, 2100 гаруй өрхтэй эл хороонд ойролцоогоор 500 гаруй эх хүүхдээ харан гэртээ сууж буй гэсэн судалгаа бий гэнэ. Гэхдээ өнөөгийн байдлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас ямар ч чиглэл өгөөгүй учраас судалгаа хийгээгүй. Хэрвээ энэ талаархи хууль батлагдаж, чиглэл өгвөл дахин тооцоо судалгаа хийн нягтлах учиртай юм. Хүмүүс хэзээнээс, хэдэн төгрөг олгох талаар асуугаад л байна. Одоохондоо чиглэл өгөөгүй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн нийгмийн ажилтан нь хэлж байлаа. Ингээд эхчүүдийг хороогоо зориход хүргэсэн эл мэдээллийг тодруулахаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын газрын дарга Ю.Отгонбилэгээс тодруулахад ”Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт хоёр хүртэлх насны хүүхдээ гэртээ харж буй ээжүүдэд сар бүр мөнгөн тэтгэмж өгөх талаар тусгасан юм. Одоогоор нийгмийн хамгааллын ямар ч хуульд энэ талаар тусгасан заалт байхгүй. Хэрэгжүүлнэ гэвэл хуульд тусгана, тооцоо судалгаа хийнэ, мөнгө төсөвлөх учраас энэ жилдээ амжихгүй болов уу. Мөнгөний тухайд сар бүр 120 эсвэл 140 мянган төгрөг байх уу гэдэг нь яригдаагүй байгаа. Ямар ч гэсэн ирэх жилээс энэ ажил эхэлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Тэгэхээр ирэх жилээс гэртээ хүүхдээ харж буй ээжүүд мөнгөн тэтгэмж авч эхлэх нь. Гэхдээ хэдэн төгрөгийн тэтгэмж өгөх нь одоогоор тодорхойгүй байгааг дуулгая, ээжүүдээ...