Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗУРГАА СОЛИУЛСАН ИРГЭД ЦАХИМ ҮНЭМЛЭХЭЭ 18300 ТӨГРӨГӨӨР АВНА


УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс цахим үнэмлэхний олголт болон зургаа солиулах хүсэлтээ иргэд хэнд, хаана хандах талаар тодрууллаа.

-Цахим үнэмлэхний зу­р­гаа солиулах хүсэлтээ иргэдийг хороондоо ханд гэсэн. Өнөөгийн байд­лаар хэдэн иргэн хүсэлтээ илэрхийлээд байна вэ?
-Энэ талаархи гомдол олонтаа гарсан. Иргэд хороондоо хүсэлтээ илэрхийлээд дахин үнэмлэхээ авах боломжтой.

-Тэгэхээр хэдэн хүртэл иргэдийн хүсэлтийг хүлээж авах вэ?
-Бүртгэл бол байнга хийж байгаа шүү дээ. Төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, иргэний үнэмлэх, шилжилт хөдөлгөөн бүртгэх нь манай өдөр тутмын ажил. Тиймээс тодорхой хугацаа заан тэдэн хүртэл цахим үнэмлэхнийхээ зургийг солиулах хүсэлтэй иргэд хороондоо хандаарай гэсэн юм байхгүй. Уг нь, программаар хянаад, манай ажилтнууд зургийн тестээр шалгаад боломжтой зургийг нь иргэний үнэмлэхэн дээр нь тавьдаг. Яах ч аргагүй зураг нь шаардлага хангахгүй дахин авахуулах ёстой хүмүүс бол бий. Түүнээс биш программ голоогүй байхад иргэн мөнгөө төлөөд дахин авах шаардлага байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй.

-Цахим үнэмлэхээ дахин авах бол хэдэн төгрөгөөр авах вэ?
-УИХ, Засгийн газрын шийдвэрээр иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим үнэмлэхийг нь олгосон. Харин зургаа солиулах болон дахин цахим үнэмлэх авах иргэдийн хувьд мөнгөө төлж авна. Иргэний үнэмлэхний мөнгө 15500, тэмдэгтийн хураамж 3300 төлөх буюу нийтдээ 18300 төгрөг төлөх юм.

-Өнөөгийн байдлаар иргэдийн хэдэн хувь нь цахим үнэмлэхээ аваад байна?
-18-аас дээш насны иргэдийн 99 хувь нь цахим үнэмлэхээ авлаа. Авч амжаагүй байгаа нэг хувийн тухайд шалтгаантай. Тухайлбал, иргэний шинэчилсэн бүрт­гэлдээ хамрагдаагүй иргэд байна. Өөрөөр хэлбэл, давхцахгүй өгөгдлөө бүртгүүлээгүй гэсэн үг. Мөн иргэний шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлсэн боловч мэдээллийн сан, архивын эх нотлох баримттай мэдээлэл нь зөрсөн.  Түүнчлэн цахим үнэмлэхний зураг нь зургийн программын үзүүлэлтээр гологдсон хүмүүс энэ нэг хувь дотор бий.

-Иргэний үнэмлэхний хэвлэлт хэвийн байгаа юу?
-2013 оны иргэний үнэмлэхний бэлдэц ирээгүй байгаа. 2012 оныхоо үлдэгдэл нөөцөөрөө иргэний үнэмлэх хэвлэж, олгож байгаа. Иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан 16,17 нас хүрсэн хүүхдийн иргэний цахим үнэмлэхийг нь 2013 оны нөөц эхээр хэвлэж өгөхөөр төлөвлөж байгаа. Бусад 18- аас дээш насныхан яг журмаараа хэвлэгдээд явж байна.

-Цахим үнэмлэхний чипэнд бүхий л мэдээлэл хадгалагдсан байх учраас хорооны тодорхойлолт шаардлагагүй болно гэж анх мэдээлж байсан. Гэтэл технологийн дэвшил агуулсан эл үнэмлэх бүрэн утгаараа ашиглагдахгүй байна гэж  иргэд ярьж буй?
-Одоо хорооноос тодор­хойлолт авах шаардлагагүй шүү дээ. Тухайн иргэний цахим үнэмлэхийг уншуулахад оршин суугаа хаягийнх нь талаархи мэдээллийг авах бололцоотой.  Арилжааны банкууд ашиглахгүй байна л даа.  Манай www.бүртгэл.mn хаяг руу ороод тухайн иргэний оршин суугаа хаягийг харах боломжтой шүү дээ. Одоо чипэнд тухайн иргэний талаархи бүх мэдээлэл бий. Гагцхүү Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт хийж буй хаягийн бичилт хийх программын ажил хараахан дуусаагүй байна. Цахим гарын үсгийн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн учраас эл программ дуусахаар тухайн иргэний хаягийн мэдээллийг сум, дүүргийн бүртгэгч чип рүү нь бичээд байх боломжтой болох юм. Программ дуусвал энэ онд хэрэгжээд явах учиртай.

1 Сэтгэгдэл
Давхраа хийлгэсэн юм. Зургаа солиулна биздээ
Зүгээр зурагтай байсан үнэмлэхийг нь ашиглалтын хувьд яг адилхан хуучнаасаа давуу юм юу байгаа билээ цахим гэсэн юу байгаан \ дээр нь мэргэжлийн биш хүн зурагийг нь авсан\зарим хүнийхийг танихааргүй\ шахчаад одоо үнээр авна гэхээр тэнэг юм да нэг хүний бизнес гэдэг нь олон зүйлээр харагдаж байгаа ш дэ
Хамгийн их уншсан