Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6200 гаруй үндэсний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүнээс 45 хувь нь олон улс, бүс нутаг, гадаад орны стандарттай нийцсэн байна. Үндэсний стандартын 23% нь 1990 оноос өмнө, 18% нь 1991-2000 оны хооронд, 59% нь 2001 оноос хойш батлагдсан байдаг аж. Эдгээр стандартын шинжлэх ухаан техникийн түвшинд 2013 оны эхний улиралд улсын үзлэгийг зохион байгуулах тухай Монгол Улсын Шадар Сайдын 2012 оны 42 дугаар тушаал гарч улсын хэмжээнд энэхүү ажлыг хийж эхэлжээ. Энэхүү улсын үзлэгийг удирдан зохион байгуулах төв комиссыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва ахалж, салбарын яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга, ШУА, МҮХАҮТ-ын төлөөллөөс комиссын гишүүд бүрдсэн байна. Мөн яам тус бүрд Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан салбар комисс байгуулагдан цаашид тухайн стандартыг үргэлжлүүлэн мөрдөх эсэх дүгнэлт гаргах, стандарт зайлшгүй гаргах салбар, чиглэл, нэр төрлийг тогтоох, мөн техникийн зохицуулалт гаргах салбар, чиглэл, нэр төрлийг тогтоох юм байна.