Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хайнга хандаж болдог монгол хүний амь

Монгол хүний үнэ цэнийн талаар сүүлийн үед их ярих болж. Монголчууд цөөхүүлээ учраас нэгнийхээ төлөө дуугарах ёстой хэмээн ярих хүн ч олон. Энэ худал улстөржсөн хийрхэл цэцэрхэл, төөрөгдөлд “эзлэгдсэн” нийгэмд амьдарч байгаа бид бие биедээ итгэхийн аргагүй болжээ. Ялангуяа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэж, найдан амь насаа даатгах ч аргагүй болчихож. Ард иргэдийнхээ алтан амийг аврах эмчийн тангараг өргөсөн тэдний гаргаж боломжгүй алдаа, эндэгдэл олныг хирдхийлгэж, үртэй хүн бүрийн сэтгэл зүрхийг эмтэлж байна. Дөнгөж төрсөн нярайг буцлам халуун усанд түлсэн гэх мэдээг сонсоод зүрх шимшрэв. Арван сар тээж, алдрай бяцхан үрээ төрүүлэн баяр хөөрөөр дүүрэн байсан тэр эхийн сэтгэлд хургасан гуниг зовлонг юутай ч зүйрлэх арга алга. Хорвоод дуугаа хадаан мэндэлсэн нялх үрийг угаах гэж байгаад халуун усаар түлсэн нь дэндүү хариуцлагагүй, болчимгүй, байж боломжгүй үйлдэл. 

Баянхонгор аймагт оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд гарсан уг явдлаас болж хөөрхий бяцхан үрийн биеийн 60 хувь нь түлэгдэж, гуравдугаар зэргийн түлэгдэлтэй хэмээн ГССҮТ-д эмчлүүлж байгаад ЭХЭМҮТ рүү шилжсэн. Эрүүл саруул 3900 грамм жинтэй төрсөн охин ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан сувилагчийн буруугаас болж зогсоо зайгүй уйлан, өвчиндөө шаналан хэвтэж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Хүн гараа угаахдаа хүртэл халуун хүйтнийг нь шалгадаг байтал дөнгөж төрсөн нялх үрийг угаахдаа яаж ийм сэтгэлгүй хандаж чадаж байна аа. Уг нь “Нярайг угаах үеийн стандарт”-аар бол угаах усны температур 36-37 хэм буюу хүний биеийн халуунтай ижил түвшинд байх ёстой аж. Хэрэв тухайн эмнэлэгт усны халууныг хэмжих багаж байхгүй бол эмч, сувилагчид гарынхаа тохойг усанд дүрэн шалгах ёстой юм байна. Гэтэл тус аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч усны дулааныг шалгахгүй хүйтэн усаар сэлбэхгүйгээр угаажээ. Буцлам халуун уснаас ядаж л уур савсана. Үүнийг анзааралгүй угаасан гэхээр сэтгэлд бууж өгөхгүй юм.

Энэ талаар салбар хариуцсан яамны сайд нь “Эмчлэгч эмч, сувилагч нарын буруутай үйлдлээс болж нэг ч монгол хүн хохирох ёсгүй гэж би анх ажил авахдаа л хэлсэн. Аймгуудын нэгдсэн эмнэлгийн дэргэд Чанар, аюулгүй байдлын зөвлөл байгуулах тухай сайдын тушаал өнгөрөгч оны арваннэгдүгээр сард гаргасан. Ийм болчимгүй үйлдэл гаргасан тус эмнэлгийн удирдлагууд болон хариуцлага алдсан сувилагчийг ажлаас нь халах бичгийг аймгийн Засаг даргад явуулсан. Түлэгдсэн охины ар гэрийнхнээс нийт салбарын ажилчдынхаа өмнөөс уучлал гуйж байна” гэв. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр уучлалт гуйлаа гээд өвчин нь илааршихгүй, эдгэрлээ ч насан туршид нь дагах хор хөнөөл авчрахыг хэн байг гэх юм бэ. Учир нь, гуравдугаар зэргийн түлэгдэлтэй өвчтөнд хавдрын тархалт, шингэн алдалт, бөөрний үйл ажиллагаа алдагдах болон цусархаг хам шинж илрэх зэрэг олон хүндрэл гардаг. Харин охинд дээрх хүндрэлүүдээс халдварын тархалт, цусархаг хам шинж аль хэдийнэ илрээд эхэлчихжээ. Эмнэлгийн байгууллага, эмч, сувилагчдын хариуцлага алдсан явдал ганц энэ явдлаар дууссангүй.

Шинэ оны өмнөхөн Налайх дүүргийн эмнэлэгт дөнгөж төрсөн эмэгтэй эмч нарын хариуцлагагүй байдлаас болж  хүүхдээ алджээ. Тэрээр “Олон жил хүсч хүлээж байж төрүүлсэн үрээ алдана гэж даанч санасангүй дээ” хэмээн гашуудан уйлж байв. Бусдын л адил гараасаа хөтлөх, ээжээ гэж дуудуулах үртэй боллоо хэмээн тэр эмэгтэй хэчнээн их баярлаж байсан бол.

Үүнээс гадна нийслэлийн гуравдугаар амаржих газар төрсөн эмэгтэйн гэдсэнд метр гаруй марлия мартан оёчихож. Бүсгүйн онош тодрохгүй байсаар жил гаруйн дараа арайхийн оношоо тодруулж,   марлиа авахуулах хагалгаа хийлгэхэд нарийн гэдсийг нь авахаас өөр аргагүй болсон байна гэжээ. Бас нэгэн жишээ дурдахад Увс аймгийн Зүүнхайнгай суманд эмчийн буруугаас болж нярай хүүхэд эндсэн тухай мэдээлэл байна. Оны өмнөхөн нутгийн иргэн нэг сартай хүүхдээ сумын эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд сумын эмч нь “Энд үзэхгүй, багийнхаа эмчид үзүүл” гээд буцаажээ. Үүнээс болж хүүхэд эмчийн тусламж авч чадалгүй байсаар нас барсан аж. Хүүхдийн гэр бүлийнхэн гомдолтой байгаа учраас Увс аймгийн сум дундын шүүхэд гомдол гаргаад байгаа гэнэ.

Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарынхны хариуцлагагүй хайнга байдлыг дурьдаад байвал дуусахгүй нь. Өвдөж, шаналсан нэгэнд амьдрал бэлэглэж, элэг бүтэн болгодог эмч, эмнэлгийн ажилтнууд маань ажилдаа чин сэтгэлээсээ ханддаггүй байдал газар авсан нь энэ салбарын ялзрал доройтлыг илтгэнэ. Энэ салбарынханд шинэчлэлт хийж, “эрүүлжүүлэх”-ийн тулд Монголын төр ажиллах цаг хэдийнэ болжээ.

0 Сэтгэгдэл
ted mash bytshan uchir yaj ltesev gej dd emchilj chadahgui ydaj huuhed tursniihin dara tohirson hemjeendch oruulj chadahgui bj yj subilagch bldg bnaa
Зэвүүн ш дээ. Ер нь ажилдаа хэр хандаж байгаа нь төдий чинээ байхгүй юу. Тийм сэтгэлгүй байхдаа яахав дээ хүний нялх хүүхдийг ер нь хайнга угаадаг ш дээ бусад нь ч гэсэн.
Ажилдаа хариуцлагагүй хандсан эмч, сувилагч нарыг ажлаас нь халаад зогсохгүй хэрэг үүсгэн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Хамгийн их уншсан