Буруу талдаа хүрдтэй автомашин гэнэтхэн нүд үзүүрлэгдсэн нь өнөөг хүртэл хүмүүсийн ярианы сэдэв болсоор. Цаашид тэгээд яахаар болсон гээд л…Энэ долоо хоногт албаныхан уг сэдвээр тодорхой хариулт өгөх байлгүй. Өмнөх дугаарт www.assa.mn сайтад ирсэн уншигчдын санал асуулгын дагуу энэ талаархи мэдээллийг хүргэсэн билээ. Харин энэ удаад “Да хүрээ” захаар орж сурвалжлага хийхээр зорилоо. Амралтын өдөр эртлэн очсон болоод ч тэр үү машин сонирхож яваа хүн цөөхөн байлаа. Хүмүүсийн яриагаар өдрөөс хойш л бужигначихдаг юм байх. Юутай ч “Да хүрээ” захынхан хөл хөдөлгөөнгүй байгаагаа ашиглаад хальтиргаа гулгааны эх үүсвэр болсон цас, мөсөө арилгаад дор бүрнээ завгүй байлаа.
Машины үнэ ханш сонирхох гэтэл шилэн дээр нь наасан наалтанд үйлдвэрлэсэн он, холбоо барих гээд бөөн л азын дугааруудаас өөр мэдээлэл алга байх юм. Асуучих гэхээр эргэн тойронд ч хүн алга. Зарим нэг автомашин нь моторын үзүүлэлтээ биччихэж. Уг нь он сар, түлш зарцуулалт, үнэ, утас зэрэг бүх мэдээллээ тавьчихвал хэн, хэндээ л амар баймаар юм. Буруу талдаа хүрдтэй машиныг хязгаарлах шум гарснаас хойш солонгос автомашины борлуулалт нэмэгдсэн гэдэг мэдээлэл гараад байгаа. Гэтэл эл захад солонгос машин нэг их харагдсангүй. Машин зарж буй хүмүүсээс лавлахад хашааны гадна талд зам дагуу л байдаг гэв. Үнэхээр ч зам дагуу “Портероос авахуулаад “Соната-7” гээд л эгнээд зогсчихож. Машин зарж буй залуугийн хэлснээр “Борлуулалтын хувьд өмнөх шигээ л байна. Япон автомашиныг хоригловол борлуулалт сайжрах л байх. Гэхдээ өвлийн улиралд ялангуяа газаар явдаг автомашинууд асах нь удаан байдгаас борлуулалт муудчихдаг” гэв. Ингээд машин авахаар сонирхож яваа болон япон автомашины борлуулж буй хүмүүсээс дараахь тодруулгыг авлаа.
Ё.Оюунбаяр: Үнэ нэмэгдээгүй байна
-Машин сонирхож явна уу?
-Тийм ээ.
-Ямар машин авахаар Да хүрээг зорьсон бол?
-Япон машин авна даа. “Swift” авдаг юм уу гээд үнийг нь сонирхоод байна.
-Үнийн хувьд хэр байх шиг байна. Машины үнэ өссөн байна уу?
-8,3 сая төгрөг л гэж хоёр, гурван газар байна. Оны өмнө бас нэг удаа ирж машин үнэ сонирхсон. Өнөөдөр авах санаатай гарч ирсэн. Үнийн хувьд оны өмнөхөөс нэмэгдээгүй байна.
-Та өмнө нь ямар машинтай байсан бэ. НЗДТГ-аас буруу талдаа хүрдтэй автомашиныг ням гарагт явуулахгүй байх санал асуулга явуулаад байгаа шүү дээ?
-Ах нь өмнө “Sonata-5”-тай байж байгаад зарчихсан. Засаг даргын явуулж буй санал асуулгыг дэмжихгүй байгаа. Солонгос машин хэд, хэдэн удаа унасан. Хурдан эвдэрдэг, өвлийн улиралд асч өгөхгүй үнэхээр муу юм. Хориглодог ч бай япон машин л авна даа.
М.Ундрах: Солонгос машин авъя гэсэн ч япон шиг сонголттой биш
-Та машин авах гэж байна уу?
-Тийм ээ.
-Ямар машин сонирхож байгаа вэ?
-“Prado” авах гээд үнийг нь хараад байна.
-Япон машиныг ням гарагт хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр батлагдчихвал яана?
-Иргэдийн санал асуулгаар шийднэ гэсэн биз дээ. Жолооч нар төдийгүй иргэд яагаад ч энэ саналыг дэмжихгүй. Ням гарагт хориглосон ч хамаа алга, япон машинаа л авна. Солонгосыг нь авъя гэсэн ч япон машинууд шиг өргөн сонголттойгоор байхгүй. Эдэлгээ муутай. Би дандаа япон тэрэг унаж байсан. Одоо гэхэд “Glugger” унаж байгаа.
Н.Алтанзул: Аль ч улс оронд зөв, буруу хүрдтэй машин холилдоод л явдаг
/автомашин борлуулагч/
-Хотын дарга иргэдээс ням гарагт буруу талдаа хүрдтэй автомашин оролцуулахгүй байх талаар санал асуулга явууллаа. Машины борлуулалтад энэхүү санал асуулга нөлөөлж байна уу?
-Нөлөөлөлгүй яахав. Харин ч машин үнэд орох гээд байгаа юм уу тэрнээс өмнө авъя гээд борлуулалт сайжирчихлаа. Оны өмнө үнэндээ муу байсан. Нийслэлийн хөдөлгөөнд оролцож буй автомашины 48 хувь нь буруу талдаа хүрдтэй гээд байгаа, худлаа шүү. Зам дээр гараад гарахад 10 автомашины дор хаяж найм, ес нь япон. Бусад нь “Эксел”, “Элентра”, “Портер” л байдаг. Манай орны байгаль цаг уур ямар билээ. Миний хувьд гэхэд хэзээ ч солонгос машин унаж чадахгүй. Хурдан дуу ордог, эвдэрдэг. Байнгын ойр зуурын юм хийлгэж байдаг учраас завгүй хүнд үнэндээ хэцүү.
-Япон автомашиныг хилээр оруулж ирэхийг энэ оноос зогсоох талаар яригдаж эхэлсэн?
-Манайхан туйлшраад байх юм. Зөв, буруу талдаа хүрдтэй машин аль ч улс оронд холилдоод л явдаг. Японд хүртэл зөв талдаа хүрдтэй машин авч болдог. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд манайхан шиг туйлшраад хориглож болно шүү дээ. Хятад, ОХУ холилдоод л замын хөдөлгөөнд явж байна. ОХУ гэхэд он залуутай долоон жилээс дотогш автомашин оруулна гэж байснаа болиод найм, есөн жилтэйг хүртэл зөвшөөрчихлөө.
-Ер нь, Солонгосоос автомашин оруулж ирэхэд ямар нэгэн хүндрэлтэй зүйл бий юу?
-Байхгүй л дээ. Бид Японд дуудлага худалдаанд ороод машинаа авдаг. Тухайн машиныг ямар хүн унаж байсан, аль хаалга нь будганд орсон, дугуйг нь хэзээ сольсон, ямар засвар энэ тэр байгаа бүх мэдээлэл нь байдаг. Дуудлага худалдаанд зориулсан энэхүү мэдээллийн системээрээ дэлхийд нэгдүгээрт байдаг. Гэтэл бусад орны автомашинд энэ төрлийн мэдээлэл байдаггүй. Мэдээж, хууль дүрэм нь өөрчлөгдөөд япон машин хоригловол Солонгосоос л зөөх байх даа. Гэхдээ битгий өөрчлөгдөөсэй л гэж бодож байна.
-Япон машинуудын үнэ тогтвортой байж чаддаг уу. Гэнэт үнэ нь нэмэгдчихдэг нь юутай холбоотой вэ?
-Бид дуудлага худалдаагаар машинаа авдаг. Олон орноос оролцвол үнэ өсчихдөг. Өрсөлдөгч бага байвал машинаа хямдхан л авчихдаг. Машины стандарт, чанараар дэлхийд Герман тэргүүлж, Япон удаалж, Америк гуравт ордог. Тэр утгаараа япон машин борлуулсан ч бидэнд амар л даа.
-Сэлбэгийн дэлгүүрүүдийг харж байхад Солонгосынх дийлэнх юм аа?
-Эвдрэл хурдан гардаг учраас аргагүй шүү дээ. Солонгос гэсэн атлаа хятад сэлбэгүүд орж ирдэг. Япон машиныг задлаад оруулж ирдэг. Хэдийгээр хуучин ч гэсэн найдвартай, эдэлгээ удаан.