Манай хойд хөрш 2013 оноос эхлэн хуруу шилний үр тогтоолтыг төрийн эрүүл мэндийн даатгалд хамруулсан байна. Чухам юуны тухай яриад байна вэ гэж гайхаж байж магадгүй.
“Үргүйдэл” гэсэн таагүй оношийг дэлхийн маш олон оронд өдөр болгон шахуу эмч нар тавьж цөөнгүй хүний голыг харлуулж байдаг. Нэгэн үе ийм онош тавигдсан бол хүүхэд өргөж авах, эсвэл насан туршдаа хүүхэдгүй явах хоёрын нэгийг нь сонгохоос өөр арга хосуудад байсангүй. Гэхдээ шинжлэх ухаан төрөлт, үр тогтолттой холбоотой бүх асуудлыг нарийвчлан судалж таагүй асуудалтай тулгарсан хосуудад туслах арга замыг тасралтгүй эрж хайж байсан юм. Үүний хүчинд хар яриагаар бол хуруу шилэнд үр тогтоох, албан ёсоор бол “Экстра Корпораль Үр Тогтоолт” гэдэг арга бий болсон. Экстра гэдэг нь латинаар гадна, корпораль гэдэг нь бие, нийлээд биеэс гадуур үр тогтоох гэсэн утгатай. Хуруу шилний арга гээд байгаа нь бүдүүвчилбэл тусгай тэжээлийн орчинтой саванд, өөрөөр хэлбэл хуруу шилэнд эмэгтэйн өндгөн эс ба эрэгтэйн эр бэлгийн эсийг хийж үр тогтоох арга юм. Ингэж бий болсон үр хөврөлийг эхийн саванд буцаан суулгадаг. Хамгийн анхны хуруу шилний хүүхэд тэртээ 1978 онд хорвоод мэндэлжээ.
Луиза Браун гэдэг охин 1978 оны долоодугаар сарын 25-нд Английн нэгэн эмнэлэгт кесарев хагалгаагаар төрсөн нь дэлхийн нийтийг хамарсан асар том дуулиан тарьсан билээ. Луиза охины аав, ээж нь есөн жилийн турш хүүхэдтэй болох гээд чадаагүй аргаа бараад байсан аж. Ингэтэл Кембрижийн эрдэмтэн Р.Эдвардс үр тогтоох шинэ арга боловсруулсан гэдгийг сонсоод шууд л очиж туршихаар шийдсэн нь ийнхүү амжилтад хүрсэн байдаг. Луиза охин хэдэн жилдээ л сонин “баатар” болсон бөгөөд хэлд, хөлд орохоос эхлээд сургуульд гаргасан амжилт хүртэл бүгдийг Английн сониныхон өдөр алгасахгүй мэдээлдэг байсан гэдэг. Удалгүй Луиза охин дүүтэй болсон бөгөөд дүү нь мөн л хуруу шилний аргаар төрсөн байдаг.
Тэр цагаас хойш дэлхийн олон орон энэ аргыг эзэмшиж сая сая гэр бүл үрийн зулай үнэрлэсэн юм. Өнөөдрийн байдлаар хуруу шилний аргаар төрсөн таван сая хүүхэд эсэн мэнд амьдарч байна. Манайх шиг жижиг хоёр улсын хүн ам хуруу шилэнд бойжжээ гэсэн үг юм.
Энэ аргатай холбоотой элдэв төөрөгдөл олон. Жишээлэхэд, хуруу шилний аргаар төрсөн хүүхэд өөрөө хүүхэд төрүүлэх боломжгүй гэдэг. Гэтэл хуруу шилний дэлхийн хамгийн анхны хүүхэд Луиза Браун 2007 оны байгалийн жам ёсоор төрснөөр энэ талаархи элдэв дуулиан таригчдын амыг тагласан түүхтэй.
Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хуруу шилний арга ч улам нарийсч эр бэлгийн эс сул үед тусгай тариураар хамгийн идэвхтэй эсийг сонгон авч өндгөн эсэнд “хүчээр” суулган үр тогтоодог арай боловсронгуй арга хүртэл бий болсон.
Цаашлаад урьдчилан авч тусгай аргаар хөлдөөн хадгалсан эр бэлгийн эс, өндгөн эсээс үр хөврөл тогтоож чаддаг болсон. Ингэснээр урьдчилаад эр бэлгийн эсээ үрийн санд өгч хадгалуулсан хүн осол, гэмтэл гээд ямар нэг байдлаар хүүхэдтэй болох чадваргүй болох, эсвэл өөд болсон ч ар гэр нь санд байгаа эсийг ашиглан үр удмыг үзэх боломжтой болсон бөгөөд энэ арга ч өргөн ашиглагдаж байгаа билээ. Мөн хуруу шилний аргыг ашиглах үед тогтсон үр хөврөлийг эхийн саванд тогтоохоос өмнө генийн шинжилгээ хийж удамшлын ямар нэг согог байгаа эсэхийг тогтоодог болсон. Ингэснээр удамшлын ямар нэг эмгэгтэй хүүхэд тээхээс урьдчилан сэргийлж байгаа билээ.
Сүүлийн үед ганц бие, хөрөнгөтэй чинээлэг бүсгүйчүүд эсийн сангаас өөрт таалагдсан зүс царай, нуруу туруу, нүд амтай залуусын эсийг сонгон хуруу шилний аргаар үр тогтоолгодог моод ч дэлгэрсэн байна. Энэ нь хэдий мөнгөтэй хүмүүсийн гаргаж байгаа зан ч гэлээ хосууд хүсвэл эмчтэйгээ зөвлөж байгаад хуруу шилний аргаар бий болсон үр хөврөлийнхөө хүйс, нүд ба үсний өнгийг хүртэл сонгон авах боломжтой болсон. Цаашлаад генетикийн шинжлэх ухаан өнөөдөртэй адил эрчимтэй хөгжсөөр байвал хуруу шилний үр тогтоолт ашигласан эцэг, эхчүүд хүүхдийнхээ биеийн өндөр төдийгүй үзүүлэлтүүдийг нь сонгох боломжтой болж байгаа юм. Гэхдээ энэ бол ирээдүйд.
Энэ аргаар хэдий чинээ олон хос хүүхэдтэй болж, хэдий чинээ олон хүүхэд төрнө тэр хэмжээгээр улам боловсронгуй, хямд болж ирнэ. Хэрэв одоогийн эрчээр яваад байвал 2038 он гэхэд үргүйдэл гээч зүйл нь зөвхөн түүх болон хоцорно гэж зарим мэргэжилтэн үзэж байгаа юм.
Гэхдээ дэлхий дахин өнөөдрөөр амьдарч байгаа. Тиймээс хуруу шилний аргаар үр тогтооход магадлал нь 30-40 хувь байдаг. Тиймээс эхний удаад болоогүй бол дахиад нэг удаа, дахиад болоогүй бол дахиад гэх мэтээр 3-4 удаагийн оролдлого хийж байж үр тогтох нь хэвийн үзэгдэл гэж үздэг аж. Мухар олгойн хагалгаа биш ертөнцөд бас нэг хүн төрүүлэх гэж байгаа маш нарийн ажилбар болохоор үнэ нь өндөр. Хэдий чинээ нарийн ажилбар ашиглаж үр хөврөл үүсэх магадлалыг өндөр болгох тусам үнэ нь өндөр байдаг аж. Манай хойд хөршид дунджаар 15 мянган рубль, Европт улс орноосоо хамаараад 4-8 мянган евро, Америкт 10 мянга гаруй ам.доллар. Энэ ханш зөвхөн нэг удаагийнх бөгөөд давталт болгонд хосууд дахин мөнгө төлөх шаардлагатай болно. Тэгэхээр тийм ч хямд биш ажилбар гэдэг нь ойлгомжтой.
Иймд манай хойд хөрш гэх мэт хүн ам ба төрөлт нь цөөрөх хандлагатай болсон орнуудад хуруу шилний үр тогтоолтыг хүн амын эрүүл мэндийн даатгалд хамруулав. Ингэснээр эрүүл мэндийн даатгалаа төлөөд явдаг бол үргүйдэл гэсэн онош тавигдвал даатгалынхаа дагуу үнэгүй, эсвэл ихээхэн хэмжээний хөнгөлөлттэйгээр хуруу шилний аргаар хүүхэдтэй болох боломжтой болж байгаа юм. Орчин үеийн хэллэгээр бол Оросын төр ирээдүйдээ асар их хөрөнгө оруулалт хийж эхэллээ.
Байгаль орчны бохирдол, экологийн тэнцвэр алдагдах, хүн амын нягтрал, стресс нэмэгдсэн гээд орчин үеийн амьдралтай салшгүй холбоотой олон хүчин зүйлийн үүднээс үргүйдэл гэсэн онош манайд ч олон тавигддаг болсон ийм үед бидний цөөхөн монголчуудын төр яагаад ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж.