Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ, ЗАРИМ АЙМАГТ ЗУД НҮҮРЛЭЛЭЭ


Шинэчлэлийн Засгийн газар сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт орон нутгийн удирдлагуудтай видео хурал хийдэг уламжлалтай. Энэ дагуу өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар видео хурал хийлээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард орон нутгийн сонгууль болж, ихэнх аймгийн Засаг дарга  солигдож, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 15 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга томилогдоод ажилдаа ороод буй аж. Харин Сэлэнгэ, Говьсүмбэр, Дундговь, Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай аймагт сонгуулийн маргаан болон хууль зөрчсөн үйлдэл гарсан учир өнөөг хүртэл Засаг даргыг нь Ерөнхий сайд батламжлаагүй байгаа гэнэ.

15 аймагт өвөлжилт хүндэрчээ

Өнөөдрийн байдлаар 15 аймгийн 55 суманд мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Цаашид хүйтний эрч чангарч, цас нэмж орвол 17 аймгийн 91 суманд өвөлжилт хүндэрнэ хэмээн цаг агаарын урьдчилсан төлөв гарсан байна. Энэ сарын 6-наас хүйтний эрч нийт нутгаар чангарч зарим газар -48-49 хэм хүрэх мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин өгөв. Түүнчлэн энэ сард цас ихтэй байгаа газруудад цасны зузаан нэмэгдэж, ирэх сарын эхний 10 хоног хүртэл хүйтний эрч сулрахгүй аж. Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, газар дээр нь ажиллахаар ОБЕГ-аас Ажлын хэсэг гаран орон нутагт ажиллаж байна. Тэд энэ сарын 10-нд ирэх бөгөөд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгаа аймаг, сумдын тоог гарган Засгийн газрын хуралдаанд оруулах юм байна.

Говь-Алтайд зуд болж байна

Өвөрхангай аймагт цагийн байдал хүндэрч, зарим газар мал бэлчээрлэх боломжгүй болсон байна. Тиймээс өвс, тэжээлийг зарим газраас татаж эхэлжээ. Харин Говь-Алтайд Онцгой комиссыг яаралтай хуралдуулах шаардлагатай байгаа ч Засаг даргаа сонгоогүй учир хөл толгой нь мэдэгдэхгүй, хуучин удирдлагууд нь дорвитой арга хэмжээ авахгүй буй аж. Одоогоор тэнд долоон суманд өвөлжилт хүндэрч, 17 суманд өвс, тэжээл хүргэжээ. Мөн Завхан аймагт зургаан суманд өвөлжилт хүндэрч, 10 сумын 21 багийн 346 мянган мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Мал хорогдож ч эхэлсэн гэнэ. Орон нутгийн шинж чанартай зам даваа хаагдаж, онгойлгоход 34 сая төгрөг хэрэгтэй байгаа аж. Түүнчлэн улсын нөөцийн өвсний 86 хувь нь худалдаалагджээ. Тиймээс өвөлжилт хүндэрсэн зургаан сумын дунд байгаа Түдэвтэй суманд байрлах 1000 тоннын багтаамжтай агуулахад 300 тонн өвс, 100 тонн тэжээл байршуулах боломж бүрдүүлж өгөхийг тус аймгийн удирдлагууд хэлж байлаа.

Хөвсгөлд нөөцийн өвс дуучээ

Дундговь аймгийн хойд талын сумдаар цагийн байдал хүндэрч, улсын нөөцийн өвсөө малчдад тараахаар болжээ. Харин Ховд аймгийн төв Ховд хотод хүйтний эрч чангарснаас халаалт дулаан үе үе доголдож байгаа аж. Учир нь газар доогуур явж буй шугам сүлжээ нь хөлдөж, хагарч аймгийн төв хөлдөх аюул ойрхон байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ховдын Засаг дарга хэлж байв.  Түүнчлэн Хөвсгөл аймагт зу нүүрлэж, нөөцийн өвс, тэжээл хэдийнэ дууссан аж. Тиймээс тодорхой хэмжээний өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж өгөхийг аймгийн удирдлагууд энэ үеэр уламжиллаа.

Увсад зам даваа хаагдаж, өвс үнэд оров

Увс аймгийн долоон суманд өвөлжилт хүндэрч, зарим газар мал бэлчээрлэх боломжгүй болсон байна. Түүнчлэн орон нутгийн шинж чанартай долоон зам, даваа хаагдаж, цасны зузаан 25-100 см хүрсэн аж. Одоогоор тэнд иргэдийн гар дээр 37200 боодол өвс, 933 тонн будаа байгаа учир үүнийг худалдаж авахад 500 орчим сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Хоног хугацаа өнгөрөх тусам өвсний үнэ нэмэгдэж байгаа болохоор худалдан авч “гал унтраахгүй” бол тус аймагт таван тэрбум төгрөгийн хохирол учрахаар байгааг хэлэв. Тиймээс дээрх мөнгийг шийдвэрлэж өгөхийг аймгийн удирдлагууд Засгийн газрын тэргүүнээс хүсч байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан