ҮХАА-н сайд Х.Баттулга “Монгол Улс 1990 оноос өмнө хойд хөршийн бааз байсан бол түүнээс хойш урд хөршийнх болсон. Жилдээ 12-13 сая мал нядалдаг учраас тэр хэмжээгээр түүхий эд гарч байгаа. Гэтэл хятадууд өнөө хэдэн сая арьс ширний үс ноосыг нь хороор зумлаж хаяад, бохир хаягдлыг нь Туул гол руу хийчихээд хагас боловсруулсан түүхий эдээ аваад явчихдаг” хэмээн хэлж байсан удаатай. Үнэхээр ч манай улсад түүхий арьс ширний зөвхөн анхан шатны боловсруулалт хийж байгаа учраас 15 хувийн ашиг олдог. Харин бэлэн бүтээгдэхүүн хүртэлх технологийг нь гүйцэтгэж чаддагаараа хятадууд үлдсэн 85 хувийн ашгийг хүртдэг аж.
хамгийн харамсалтай нь, арьс боловсруулах технологийн дамжлага тус бүрт хэрэглэж буй химийн бодис, хаягдлын төвшинг авч үзвэл манайд 80 хувь нь үлддэг. Үүнээс харахаар хятадууд эх оронд минь 80 хувийн хаягдал, химийн бодисоо үлдээчихээд ашгийнх нь 85 хувийг аваад явчихдаг уламжлал тогтсон байсан. Шинэчлэлийн Засгийн газар ялангуяа ҮХХАЯ-наас үүний эсрэг арга хэмжээ авахын тулд өнгөрсөн зургадугаар сард арьс ширийг дотооддоо боловсруулан түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, түүнчлэн малын арьс, ширийг боловсруулах үйлдвэрт тушаасан малчдыг урамшуулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. УИХ хэлэлцүүлгийнхээ явцад тогтоолын төслийн нэрийг “Малчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” болгон өөрчилж, хамрах хүрээг нь өргөжүүлэн оны өмнөхөн нэгдсэн чуулганаар баталжээ.
Энэхүү тогтоолоор арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрчээ. Хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах, үйлдвэрлэгчдэд олгох зээлийн хүүг жилийн долоон хувиас илүүгүй байхаар тооцож олгохоор болжээ.
Үүнээс гадна арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 он дуустал үе шаттайгаар зохион байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхийг Засгийн газарт даалгажээ. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөгийн, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн мөнгөн урамшуулал авахаар болжээ. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн малчин, мал бүхий хувь хүн зөвхөн хоршооны гишүүн болсон тохиолдолд дээрх мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн авах боломжтой юм.
Мөн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд олгох 2000 төгрөгийн мөнгөн урамшууллыг зөвхөн хоршооны гишүүн малчин, мал бүхий хувь хүн ирэх оноос үргэлжлүүлэн авах аж.