Энэ Монгол Улсад чинь хариуцлагагүй байдал, хүнд суртал ямар гүн гүнзгий нүүрлэчихсэн юм бэ дээ. Гэгээн цагаан өдрөөр найз нартайгаа уулзах гээд гудамжинд алхаж явсан залууг барилга дээрээс төмөр унаад алчихдаг юм байна.
Хичээлийн шинэ жилдээ бэлтгээд инээж ханиагаад гүйч явсан балчир охины дээрээс барилгын зуурмаг шахагч унаад хөнөөчихөж байна.
Энэ хорвоод мэндлээд цаг ч болоогүй бяцхан хүүг сувилагч нь шазлам халуун усаар түлчихдэг юм байна.
Энэ бүхнийг мэдэх байгууллагууд нь ч чимээгүй хараад л байж байдаг болж.
Өнгөрсөн хаврын сонгуулиар байгуулагдсан Шинэчлэлийн засгийн газар энэ бүхнийг л шинэчилнэ гэж гарч ирсэн. Хариуцлага сахилгыг сайжруулна, хүнд суртал авлигыг үгүй хийнэ, буруутай хүмүүст хариуцлага тооцож явдаг газарт нь явуулна гэсэн. Үүнд нь ч хүмүүс итгэсэн. Тийм ч болохоор өнөөдөр тэр хүмүүс өөрийн төр засгаа байгуулаад, сандал ширээндээ суугаад ажлаа эхэлчихсэн.
Бас ч хоосонгүй ээ. Эхлэл байна. Өмнө байсан шиг мартагдаад уусаад, “шалгаж байна”, “ажлын хэсэг томилсон” гээд таг чиг болчихгүй, зарим зүйлийг өөрчлөх гэж байна.
Гэхдээ олны нүдэн дээр илэрхий болсон, захын хүн буруутай хүнийг нь хөтлөөд ирэхээр, хууль ном дээрээс энэ хүнд чинь ийм л ял өгөхөөр юм байна гээд уншчихаар хэргүүд ар араасаа гарлаа. Дээр өгүүлсэн хэдийг хэлж байна.
Одоо л шинэчлэлийн Засгийн газар, шинэ төрийн ид шидийг харах үлдлээ. Ийм хариуцлагагүй, гэм буруутай хүмүүс нь тов тодорхой хэргүүдийг хэдий удаан шалгаж, хэрхэн шийдэхээс л энэ төр, Засгийн газар ард түмний итгэлийг биелүүлж чадах эсэх нь харагдана. Яагаад гэвэл ард түмэнд зүсэм талхнаасаа илүүтэй, шударга ёс хэрэгтэй байна.
Өмнөх төр, Засаг шиг “Шалгаж байна, шалгаж байна” гэж байгаад тэгэсхийгээд өнгөрөх нь үү. Хэний ч тодорхой ийм хэргийг нуун дарагдуулж байгаад замхруулах гэсэн шиг хугацаа хожоод байх нь уу. Эсвэл ард биднийхээ үгийг сонсоно, эргэх холбоотой байна гэсэн шигээ шийдээд, “энэ хэргийг ингэж шийдлээ” гээд эргэж мэдээлэх нь үү.
Эргэн санавал барилга дээрээс төмөр, зуурмаг шахагч унагаж хүний амь бүрэлгэсэн компани байгууллагын хүмүүсийг “шалгаж байгаа” л гэж ЦЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, өнөөх хурандаа Сайнжаргал яриад байна билээ. Хэдий удаан шалгах юм бол. Гэхдээ хэн нэгнийг саатууллаа гэж бас хэлээгүй. Үхсэнийх нь хохь болоод буруутай хүмүүс нь шинэ жилээ тэмдэглээд бидний дунд инээж ханиагаад дахиад л өнөөх барилгаа бариад явж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Одоо өнөөх нярай хүүхдийг шалз түлсэн сувилагчийг яах юм бол. Бас л “Үнэхээр түлсэн юм уу, ямар усаар түлсэн юм бол, халуун юм уу, хүйтэн юм уу, аль гартаа барьж байсан юм бол. Ээж нь дэргэд нь байхгүй яасан юм бол. Ямар хариуцлагагүй ээж вэ. Хүүхэд түл гэж хэн нэгэн үүрэг өгсөн юм болов уу” гээд хэдэн сар бодож шалгах болов уу. Эсвэл хүүхдийг том болохоор нь “Халуун усаар угаахад ямар байсан бэ. Өвдсөн үү” гэж мэдүүлэг авах гээд хүлээж байгаа юм болов уу. Өнөөх хариуцлагагүй сувилагч яасан бол.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, ахлах дэслэгч Төгсбаяртай утсаар ярьж энэ талаар тодруулахад “Энэ талаар бидэнд мэдээлэл ирээгүй. Баянхонгорт гарсан юм бол тэндээс нь асуу” гэсэн хариу өгч байна. Тэгээд нэмж тодруулах гэтэл “Бид утсаар мэдээлэл өгдөггүй” гэнэ. Чухамдаа байдал нэг иймэрхүү. “Өөх идэвч өөрийшдөггүй, мах идэвч манайшдаггүй” гэсэн хуучны нэг үг байдаг. Дээр нь засаг нь, дэргэдэх дарга нар нь хэчнээн өөрчлөгдөөд ч нэмэргүй. Угаасаа бугшчихсан, буглачихсан аппарат яг л хэвээрээ. Би Монгол Улсын ЦЕГ-ын олон нийтттэй харилцах төвтэй ярьсан болохоос биш ямар өөр нэг аймгийн цагдаагийн газар руу залгасан биш. Ер нь энэ цагдаагийнхныг хэзээ шинэчилж, цэвэрлэж дуусах юм бол.
Эрүүл мэндийн яам ч энэ талаар бас л чимээгүй. Байсхийгээд л видео хурал хийлээ, орон нутагтайгаа шууд ярилаа гээд байдаг. Яг энэ асуудлаар шийдсэн, хариуцлага тооцсон гэсэн нэг ч мэдээлэл алга.
Чухамдаа эмч, цагдаа нараас болоод хохирсон, гомдсон хэчнээн хүн энэ хоёр байгууллагын үүдийг хэдэн сараар сахиж, элээж нулимсаа барж яваа билээ. Нэг нь цагаан, нөгөө нь хар хувцасаараа түрий бариад л ханхалзаад байдаг. Ард түмэндээ үйлчлэх үүргээ умартчихсан ийм улсыг яалтай ч билээ дээ.
За яахав өмнөх засгаас юу нь шинэчлэгдсэнийг харж л байя.