Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨМӨР ЗАМЧИД ОРОН НУТАГТ БАЙРТАЙ БОЛЖ ЭХЭЛЖЭЭ


Нийслэлээс 270 км орчим километрийн алсад орших “Шивээ-Овоо” зөрлөгт очиход гурван давхар шинэхэн орон сууц бүхнээс илүүтэй сүндэрлэж харагдав. 1990 онд байгуулагдсан залуухан өртөөний тоонд багтах ч төмөр замчдаа тохилог орон сууцанд амьдруулахын тулд энэ жил ашиглалтад өгч байгаа орон сууц нь энэ аж. Шинэ оны босгон дээр тус зөрлөгийн 24 ажилтан шинэ байрныхаа түлхүүрийг хүлээн авлаа. Уг орон сууцыг төмөр замын барилга, засвар, үйлдвэр, үйлчилгээний ангийн замчид найман сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн гэнэ. Мэргэжлийн барилгачдаас дутахааргүй стандартын дагуу барьсан тухай дүгнэлтийг улсын комисс өгсөн хэмээн орон сууцны түлхүүр гардан авсан ажилчид бахархангуй ярьсан юм. 1990 оноос “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн шав тавигдсанаар энэхүү зөрлөг бий болжээ. Улмаар 2008 онд хоёрдугаар зэргийн ачилтын өртөө болж Улаанбаатар хотын IV цахилгаан станцын нүүрсийг тасралтгүй тээвэрлэж байгаа аж. Жилдээ саяас дээш тонн нүүрс ачиж тээвэрлэдэг бөгөөд өдөртөө 100 гаруй вагон хүлээн авдаг гэнэ. Харин энэ өртөөнөөс цааш  70-аад км –ийн зайд “Олон-Овоо”-тын зөрлөг бий. Тэнд бас л 24 айлын шинэ орон сууцны эзэд түлхүүрээ замын даргаасаа хүлээн авсан юм. Тус өртөө нь 1984 онд үйл ажиллагаагаа эхэлж улмаар Алаг толгойн нүүрсний ачилт хийдэг аж.
Ингээд шинэхэн орон сууцны түлхүүр гардсан эзэд болон албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.  

Б.Чинзориг: Гурван өрөө байртай болсондоо баяртай байна

/“Шивээ-Овоо” өртөөний дарга /
Энэхүү 24 айлын орон сууцанд “Шивээ-Овоо” өр­төөнд ажиллаж амьдарч буй иргэдийн бараг 60 хувь нь хамрагдаж байгаа нь бидний цаашид ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл боломжийг бүрдүүлж өгч буй чухал ач холбогдолтой. Бид хэдий хөдөө талд амьдарч байгаа ч гэсэн хот суурин газ­раас дутахааргүй халуун ус, цахилгаан дулаан, интернэт, шилэн кабельтай хүртэл хол­богдсон шинэ тохилог байр­тай болж байна. Ийнхүү тө­­мөр замчин биднийхээ нийг­­­­мийн асуудалд үргэлж ан­хаарч ажиллах орчин нөх­­цөлийг маань үргэлж бүр­дүүлж өгдөг УБТЗ-ын нийт удирдлагууддаа “Ши­вээ-Овоо” өртөөнийхөө хамт олныхоо өмнөөс баяр­лан талархаж буйгаа илэр­хийлье. Миний хувьд 2003 оноос хойш “Цагаан хад” зөр­лөг, “Улаан-Уул” зангилаа өртөө­ний даргаар тус тус ажил­лаж байгаад өнгөрсөн долдугаар сард энэ өртөөнд даргаар томилогдсон. Эхнэр, хүүхдийнхээ хамт гурван өрөө байранд амьдрах болоод түл­хүүрээ гардаж авсандаа их баяртай байна. Манай өртөө энэ оныхоо ажлыг 115 хувиар давуулан биелүүлж ажилласан. Ирж буй шинэ ондоо улам амжилттай ажиллах болно гэдгээ хэлэх байна.
 
Г.Оюунгэрэл: Өмнө нь галладаг модон байшинд амьдардаг байсан

/Вагон үзэгч/
Анх өөрийн сонирхлоор төмөр замын ажилчин болж “Шивээ-Овоо” өртөөнд то­милогд­сон. Түүнээс хойш ес дэх жилдээ ажиллаж бай­на. Манай удирдлагууд бидний ажиллах амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлж тохилог орон сууцаар хангаж буйд маш их баяртай байна. Цаашдаа дор бүрнээ ажлын хариуцлага алдалгүй улам бүр амжилт бүтээлийн төлөө ажиллах үүрэг хариуцлага бидэнд тохогдож байна гэж ойлголоо. Өмнө нь галладаг модон байшинд амьдардаг байсан. Мод түлээ­гээ, усаа өөрөө зөөх гээд л бүх ачааллыг үүрнэ гэдэг ганц бие эмэгтэй хүнд хэцүү байлаа. Харин  одоо энэ сайхан байранд цаг заваараа ажлын­хаа холбогдолтой  илүү мэдээлэлтэй болж улам бүр суралцаж, ахиж дэвжих урам зоригтой боллоо.

Г.Сэрээнэндорж: Ирэх онд дөрвөн өртөөнд орон сууц барина

/ УБТЗ-ын дарга /
2012 онд УБТЗ-ын хөрөнгөөр 86 төмөр замчиндаа зориулан технологийн орон сууц барьж ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулахаар ажиллалаа. “Олон-Овоо”, “Шивээ-Овоо” гэх энэ хоёр ачилт буулгалтын өртөөндөө 24 айлын орон сууц тус тус ашиглалтад орууллаа. Үндсэндээ 24 айлын орон сууц нь тус бүр 1,1 тэрбум төгрөгийн өртөгтэй. Орчин үеийн шаардлага хангасан халуун хүйтэн устай, цахилгаан дулаан, интернэт болон ши­лэн кабельд холбогдсон бай­раар төмөр замчдынхаа ахуй амьдралыг сайжруулж буй юм. Энэ хөтөлбөрийг бид цаашид үргэлжлүүлэн явуулна.
Ирэх онд гэхэд дөрвөн өртөөнд ажилчдынхаа амьдрах ор­чинг тохилог байраар хан­гаж ажиллахаар төлөвлөж бай­гаа. Төмөр замчдынхаа ахуй амьдралыг сайжруулах зорил­гоор энэ жилийн хувьд 400-гаад хүнд орон сууцны зээлийг шийдэж өгсөн.

Х.Эрдэнэ: Цаашдаа орон сууцаа төмөр замын зурвасаас гаргаж барина

/Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга/
Юуны өмнө шинэ байрныхаа түлхүүрийг  гардан авч буй төмөр замчиддаа баяр хүргэе. УБТЗ-ын захиргаа, Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны хамтын гэрээний дагуу хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг жишээ нь эдгээр орон сууц.
Цаашдаа бид энэ орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу ямар бодлого баримтлах ёстой вэ гэхээр технологийн орон сууцыг барихдаа төмөр замын зурваст газраас нь гарган барьж байхаар төмөр замын замын захиргаанд санал тавьсан. Учир нь, төмөр замын зурваст газар дээр баригдсан барилга маань тодорхой хугацааны дараа хувьчлагдах болвол төмөр зам газраасаа хөөх хүндрэл учрах магадлалтай. Жишээ нь, 1957 онд баригдаж байсан байшингаа манайд ажиллаж байсан өндөр настнууд хувьчлаад авъя гэсэн санал тавьдаг. Гэтэл төмөр замын зурваст газар дээр баригдсан барилга учраас байраа авах бол төмөр замын газрыг чөлөөлж өг гэдэг асуудал гарч ирсэн. Тиймээс л цаашид төмөр замчдаа орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлэхдээ төмөр замын зурваст газраас гаргаж барих шаардлагатай.

Т.Түвшин: Найман сарын хугацаанд орон сууц барилаа

/ Барилга, засвар, үйлдвэрлэл, үйлчилгээний ангийн дарга /
Манай барилгын багийнхан 24 айлын орон сууцыг найман сарын хугацаанд барьж гүйцэтгэлээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өр­төөнд банкны зээлээр 32 айлын орон  сууц барь­сан.
Барилгуудын маань материалын чанарын хувьд асуудалгүй сайн. БНХАУ, БНСУ, ОХУ-аас оруулж ирсэн барилгын стандартад нийцсэн чанартай материалуудаар боссон барилга учраас аюулгүй байдлын талаар санаа зовох зүйлгүй. Тиймдээ ч бид барилгын хуулийн дагуу наанадаж гурван жилийн баталгаа өгч байгаа. Барилгын чанарыг материалаар нь үнэлдэг гэж ярьдаг даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан