Алдсан хүн арван тамтай гэдэг үгийг бид хулгайд эд зүйлээ алдсан үед л жинхэнэ утгаар нь мэдэрдэг. Автобусанд гар утсаа алдчихвал хулгайчийг нүдээрээ хайж хэсэг зогсоно, цагдаа дуудна, байцаалт өгнө. “Миний бие автобусанд явж байгаад...” гээд л үлгэр шиг өргөдөл бичнэ. Дараа нь дахин дахин цагдаагийн газарт дуудагдаж хэрэг хийсэн мэт байцаагдан өрөөнийх нь үүдийг сахина. Тэгсний үр дүнд алдсан юмаа олно, эсвэл олохгүй гэх хоёрхон зам бий. Олохгүй өнгөрөх тохиолдол олонтаа. Хомхой сэтгэл, хоёр хуруугаа ашиглаж халаасанд байгаа үнэд хүрч болох бүхнийг авчихдаг хулгайчдыг бид өөгшүүлсээр иржээ. Хулгай хийгээд баригдсан бол сануулж, анхааруулаад, захиргааны арга хэмжээ авсаар ирсэн ч “Арван там”-д унах хүний тоо буурахгүй л байна.
Там гэж тодотгосон нь учиртай. Хэрэгтнийг олох гэж хөөцөлдөөд цаг, мөнгөө үрэхийг хүсдэг хүн өнөөдөр ховор болжээ. “Гарлагын үүд ингэж нэг хаагдлаа”, “Би угаасаа хаях гээд байсан юм аа”, “Ингэх л тавилантай байж” гэх зэргээр өөрийгөө тайвшруулаад өнгөрнө. Ийм болохоор нөгөө халаас суйлаач улам урамтай “ажилладаг” биз.
Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд Халаасны хулгайтай тэмцэх тасаг гэж бий. 2012 оны судалгаа хараахан гараагүй байгаа ч 2008-2011 оны хооронд улсын хэмжээнд 418 халаасны хулгайн хэрэг бүртгэгдсэн гэнэ. Хэтэрхий бага тоо шиг санагдаж байна уу. Цагдаад мэдэгдэж, өөртөө чирэгдэл учруулж байхаас төвөгшөөсөн хүмүүс алдсан зүйлээ гаргуунд нь хаядаг, цагдаагийн байгууллагад огт тэмдэглүүлдэггүй.
Харин зарим нь олсон, гээсэн бичиг баримт зуучлалын утсанд бүртгүүлээд иргэний үнэмлэх л олдчихвол болоо гээд хүлээж суух нь их. Гэмт хэрэг хийвэл хуулиар шийтгүүлдэг гэдгийг хатуу ойлгуулах ёстой.
Олон улсын эрх зүйн стандартад хүнийг хэрэг хийснийх нь төлөө заавал шоронд хорихоос илүү бурууг нь хэлж, ухааруулахыг чухалчилдаг. Толгой дараалан хорьчихвол шоронгоос гарч ирэхдээ нэгэнт ялтан гэх нэр зүүсэн хойно юу ч хийхээс сийхгүй нэгэн болдог гэдэг. Тэгвэл манайхны хувьд тэднийг ухааруулах, сануулга өгөх нь ял завших сайхан боломж мэт. Хулгай хийгээд цагдаад баригдвал хохирлыг нь төлнө, өмнөх “орлогоосоо” хэдэн төгрөгийн торгууль төлнө.
Хулгайчийн хурууг тасалдаг байсан цаг үе бий. Эдүгээчилж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хэрэгслийг хураадагтай ижил юм. Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэмд 20 мянган төгрөгийн утас хулгайлсны төлөө хуруу тасдах ч дэндэнэ ээ гэж хулгайчдыг өрөвдөх нэгэн бий. Гэтэл олны дунд юмаа алдчихаад баргар царайлж, нүд нь бүлтгэнэж, нулимс цийлэгнүүлсэн хүүхдийг харвал бүр ч өр өвдөм.
2012 оны сонгуулиас өмнө монголчууд саналаа өгсөн, өгөөгүйг будаг түрхэж баталдаг байлаа. Долоовор хурууны хумсны толион дээр бэх дусаасан бол сонгуульдаа оролцсон, үгүй байвал явж саналаа өг гэнэ. Хөдөөний малчид хонио ялгаж танихын тулд хондлой дээр нь будаг түрхдэг.
Халаасны хулгай хийгээд баригдсан бол хувинтай будагт гарыг нь дүрэх хэрэгтэй. Будагтай гарыг ядаж л хүмүүс хараад хулгай хийсэн хүн байна гэж мэдэж аваг. Аль болгон бээлий өмсч явах билээ. Энэтхэгт гэхэд хумсыг нь будчихад шинээр ургахаас өөрөөр арилгах боломжгүй будаг хэрэглэдэг гэсэн. Хүний хумс дөрвөн сар болж байж бүрэн шинэчлэгддэг. Тэгэхээр өнөөх “урт хуруутнуудыг” ийм бодисоор будчихад 3-4 сардаа зүгээр суух байлгүй. Арилдаггүй бодисоор гар, хуруу нь харлачихсан хүн байвал түүнийг хулгайч гэж мэд, сэрэмжил. Нууцыг задруулахгүй байх нь энгийн иргэдийг шулж, хөдөлмөрийг нь мөлжиж, утгаар нь дарлаж байгаа “уран” хуруутай нөхдөөс нийгмээ хамгаалах үйлс гэж сана.
Аливаа баяр ёслолын үеэр хулгайн хэрэг даамжирч, эрчимждэг. Хоёр он солигдох үед хүмүүсийн баярыг далимдуулагчид цөөнгүй байж. Баярын өдрүүдэд хулгайн 42 хэрэг гарснаас халаасны болон орон байрны хулгай нэмэгдэх хандлагатай байлаа гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдэгдэв. Хэрэв хулгайчийн гарыг хар болгож буддаг болчихвол хамгийн их хулгай гардаг үндэсний их баяр наадмаар санаа амар явж чадах нь. Халуунд бээлий өмсөх боломжгүй, ханцуйтай цамц байнга өмсч чадахгүй шүү дээ. Гараа нуугаад байгаа хүнийг сэжиглэх бүрэн үндэслэлч бий.
Хулгайчийн нүүрэн дээр “ХУЛГАЙЧ” гэж томоор шивбэл таарна, халаасандаа хавхтай явмаар юм уу гэсэн янз бүрийн санаа хүмүүсээс гардаг. Хамгийн гол нь хүн хэчнээн болгоомжтой байлаа ч дайны нөхцөлд байгаа мэт байнга сэрэмжлэх боломжгүй. Хулгайчийг торгоод, загнаад явуулдаг биш түүнийг өөрөөсөө ичдэг болгох, дахиж буруу үйлдэл хийх бололцоог нь хязгаарлах хэрэгтэй.
Харласан дотортой хулгайчдаас хүүхэд, эмэгтэйчүүд, оюутан, өвөө эмээ, гээд хэн бүхнийг хамгаалахын тулд “хар гарыг” нь жинхэнээсээ хар өнгөтэй болгоод өгмөөр байна. Нийт халаасны хулгайчийн ихэнх нь нийслэлд байдаг. Тэдний тоог албан ёсоор тогтоогоогүй ч 700 гаруй гэх батлагдаагүй баримт бий. Гэхдээ л энэ тоо ч бас бага санагдах биз ээ. 2012 оныг үдэж шинэ жилтэй бид золголоо. 2013 оноос хойш шинэ аргаар халаасны хулгайчидтай тэмцье.