Ард түмний гавьяат багш гэсэн тэмдэг энгэртээ зүүсэн Б.Арготой уулзаж ярилцлаа. Тэрбээр одоо 47 настай, 1990 оноос хойш сурган хүмүүжүүлэх, хэл судлалын чиглэлээр ажиллаж байгаа аж.
-Фэйсбүүкт таны нэртэй гурван ч хэрэглэгч байдаг юм билээ. Сүүлийн өдрүүдэд их идэвхтэй ажиллах болж. Тэр та мөн үү?
-Би биш ээ. Зав муутай болохоор тийшээ ордоггүй. Манай нэг шавь надаас зөвшөөрөл авалгүйгээр миний нэрээр фэйсбүүк хөтөлж байса. Боль гэж хэлсэн ч үгэнд орохгүй юм. Ер нь интернэтийн орчинд хүний нэр барьж юм бичих, хүнийг доромжлох явдал одоо гаарлаа. Зөвхөн намайг биш, зөндөө олон хүнийг доромжилж байна шүү дээ. Интернэтэд бизнесийн зорилгоор бараа, үйлчилгээ сурталчилж болох ч бусдыг ингэж доромжлох, гүтгэх, зохиогчийн эрх зөрчих, хулгай хийх байдлаар ашигладаггүй. Хятадын Засгийн газраас фэйсбүүкийг хаачихсан шүү дээ.
-Тэгэхээр ардчилсан нийгэмд хүний үг хэлэх эрхийг боогдууллаа гэх байх даа?
-Хятадын Коммунист нам төлөвшөөгүй нийгэмд хязгааргүй мэдээллийн эрх чөлөө аюултай гэж үзсэн. Төлөвшиж тогтсон нийгэмд ингэж биесээ доромжилж суух зав ч байхгүй, хэнийгээ ч муулах юм билээ. 1990-2000 оны хооронд баячуудын хүүхдүүд барууны оронд дээд боловсрол эзэмшиж байсан. Тэд төгсч ирээд ажил хийе гэхээр эзэмшсэн боловсрол нь энд байгаа ажилтай нь зөрдөг юм. Хөдөлмөрч хүмүүжил байхгүй, баян тарган өссөн болохоор ажил хийж, цалин харж амьдрах тэвчээр тэдэнд байхгүй. Сургууль төгссөн тэр улсынхаа хэлээр сурах бичиг боловсруулж чаддаггүй. Тэгээд намайг зургаан хэлний сурах бичиг хийчихээр хорсч, атаархана биз. Гэртээ хийх юмгүй хүн чинь фэйсбүүк, твиттерээр хүн доромжилдог.
-Таны бодлоор бол интернэт огт хэрэггүйдэх гээд байна уу?
-Хэрэггүй ээ, гар утас интернэттэй болоод сайжирсан юм алга. 45 минут анхаарлаа төвлөрүүлээд сууж байгаа хүүхэд алга. Гэтэл шинжлэх ухааны чиглэлийн хүн нэг сэдвээр хэдэн цаг төвлөрч сууснаар амжилтад хүрдэг. Хүүхдүүд маш хурдан сайт сольж үзээд, нэг мэдээлэл дээр төвлөрч чадахгүй болж. Бас тэр олон мэдээлэлд боловсруулалт хийж амжихгүй болохоор живж байна. Энэ интернэт хүүхдийн тархины сэтгэн бодох чадварт хортой эд юм. Одоо бүр Ерөнхийлөгчийг хүртэл доромжилдог болж. Би сайт уншдаггүй, туслахаасаа тойм төдий л сонсдог. Дэлгэрэнгүй яриулвал миний даралт хөдлөөд харвахаар юм билээ, бурхан минь. Зөв зорилгоор, найз болохын төлөө фэйсбүүк ашигладаг бол хэчнээн сайхан.
-Та өөрөө фэйсбүүк хөтөлдөггүй ч өөрийнхөө тухай мэдээг тоймлож сонсдог юм байна. Тэгвэл 21-ний өдөр “Би дэлхийг аварлаа” гэх мэт үгийг юу гэж тайлбарлах вэ?
-Би дэлхийг аварчихсан юм байхгүй ээ. Манай хар сүлдний тахилга арванхоёрдугаар сарын 21-24-нд болдог. Бид 2007 оноос хойш тахилга хийсэн. Би тэнгэрийн өмнө 22 тахилга үйлдэнэ гэж ам гараад энэ сард дуусч байгаа юм. Бүгдээрээ монголчуудаа цөвүүн цагийн муу бүхнээс хамгаалсан тахилга. Намайг доромжилж байгаа монгол хүний төлөө ч гэсэн залбирч энэ тахилгаа хийлээ. Би дахиж тахилга үйлдэхгүй, дууссан. Ер нь сайтуудад сэтгэгдэл бичдэг болсноос хойш бид их муухай болжээ. Хэрэв бид урлаг, соёл, спортын шилдгүүдээ хүндлэхгүй, интернэтээр үзэн ядвал нэг үндэстэн гэж амьдраад яах юм бэ. Саяхан хувьсгал гарсан Арабын улсууд шиг болоход ганц шүдэнз зурахад л хангалттай байна. Хоорондоо эвтэй байгүй бол эх орноо гадаадынханд хүлээлгэж өгчихөөд, еврэйчүүд шиг харсан зүгтээ явж амьдар. Эх орон гэдгийг чинь мөнгөөр тогтоодоггүй юм. Ядуу ч байсан, баян ч байсан эх орон байна. 100 жилийн өмнө ядуу, бөөсөндөө баригдчихсан, боловсролгүй харанхуй, ердөө 500 мянган хүн улсаа тусгаарласан биз дээ. Гэтэл одоо тав дахин олуулаа болчихсон, боловсролтой мөртлөө үзэн ядалтаар дүүрчихээд эх орноо, бие биеэ тоож анхаарахаа байж.
Сая 21-нд олон хүн хотоос гарч зугтаалаа. Зугтаж байгааг нь харахаар жирийн хүн биш түрүүн хэлсэн гадаадад сураад ирсэн, дор хаяж нэг компанитай захирал, сэхээтнүүд байсан. Жирийн иргэд зах дээр л ажиллаж байсан шүү дээ.
-Та 21-ний өдөрт итгэж байсан уу, таны нэрийг баригч бол бүрэн итгээд, сүйрлийг зогсоолоо гэсэн утгатай юм л бичсэн байсан?
-Би дээд боловсролтой хүн. Хуучны ЗХУ-д Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийг хэл судлаач мэргэжлээр төгслөө. Улаанбаатар хотод Гадаад хэлний дээд сургуулийг багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Өөрийгөө олон жил багшилсан, шинжлэх ухаанч сэтгэлгээ суусан хүн л гэж боддог. Тэгэхээр дэлхий сөнөх асуудал дээр харанхуй бүдүүлгээр, чимээ шуугианд автагддаг хүн биш. Энэ бүхэн чинь Маяагийн календариас илүү “Орифлэйм”-ийн Оюунгэрэлийн дэлгэрүүлсэн хар, муу ёрын хэл ам шүү дээ. Тэр Оюунгэрэл чинь бас л манай улсын тэргүүний, сэхээтнийхээ тоонд орох хүн. Түүнийг дагаад хотын зах руу гэр бариад суусан улсууд бас л боловсролтой гэмээр хүмүүс байсан биз дээ. Дэлхий сөнөхөөс өмнө хүмүүсийн муу сэтгэл өөрсдийг нь сөнөөж магадгүй байна.
-Таны хийж байгаа юмыг үгүйсгэж, доромжилсон бүхний ард тэр л байгаа даа гэж таамагладаг хүн бий юу? Танд тийм дайсан байна уу танд?
-Дайсан гэвэл алга. Атаархсан хүн бол битүү байна. Аргагүй шүү дээ, Америкт төгсч ирээд англи хэлээ би айхтар мэддэг шүү гэхэд нь над шиг сэгсийсэн нөхөр англи хэлний сурах бичиг биччихээд, хэдэн мянган ширхгээр нь зараад байхаар уур нь хүрнэ. Өөрөө бичье гэхээр чаддаггүй. Солонгост байж байгаад иртэл нэг нөхөр солонгос хэлний ном биччихсэн, тэр нь Арго байдаг. Германы Баварын их сургуулийг хэл зүйч мэргэжлээр төгсч ирээд ажил хийдэггүй хүн байдаг. Тэгээд аав ээжээрээ нэг дээд сургуульд багшийн ажил олуулаад орж ажиллана. Тэгэхдээ Аргогийн номыг уншиж болохгүй, архичин, мэдрэл муутай хүн гэж яриад байна. Оюутнуудаас нь шалгалт авахаар 95 хувь нь ярианы чадвар байдаггүй шүү дээ.
-Та тийм их архи уудаг хэрэг үү?
-Би архи уудаг ч гэлээ авлига, хахуулиар олсон мөнгөөр архи авдаггүй. Дээд зэрэглэлийн ресторанд ороод найз нөхөдтэйгөө хамгийн сайн архийг нь аваад л бизнес, ажил хэрэг ярьж уудаг юм. Одоо гудамж, орцны мухар, гэртээ хүүхдийн дэргэд, хямдхан хятад спирттэй архи уух, элдэв хонгил гээд муу архидалт их байна. Энийг болиулах ганц арга нь шөнийн цагаар архи зарж болохгүй гэдгээ болих хэрэгтэй. Бид архийг зөв л хэрэглэх ёстой болохоос огт амсахгүй байж болохгүй. Ажил хэрэг ярих гэхээр ам нь халахгүй бол бүтдэггүй.
Хүн бүр гэр бүлээ авч явах үүрэгтэй байтал тэрийг төр өмнүүр нь орж гүйцэтгэх хэрэггүй ээ. Зүгээр л эрх чөлөөг нь олгочихвол тэд өөрсдөө аргаа олоод явна, чадахгүй бол хохь нь. Эцсийн эцэст хэний төлөө амьдарч байгаа юм, монголчууд?
-Та ер нь халамжийн мөнгөний тухай л яриад байна уу даа?
-Харин тийм, сая дахиад л тараана гэлээ. Би энэ мөнгийг зогсоо гээд 21 мянга гэдэг хошин шогийн тоглолт хүртэл хийсэн. Хэлээд байхад л дахиад 340 мянгыг өгнө гэх юм. Тэрийгээ харин ажил хийдэг хүмүүсийн цалин дээр нэмж өгөх ёстой. Ажил хийдэггүй соёлтой гуйлгачдад мөнгө тараагаад байхаар хүмүүсийн хөдөлмөрийн утга учир гэж юу байна аа. Цагаан сар тэмдэглэх ямар албатай юм, мөнгөтэй бол тэмдэглэ, үгүй бол гэртээ даруухан сууж л бай. Ер нь ингэж эрхлүүлж болохгүй.
-Өөр танд бүтэхгүй санагдаж байгаа зүйл байна уу?
-Байна аа, Засгийн газар зоригтойхон зээл авах хэрэгтэй. Бонд гаргаж байгаа юм бол 50-80 тэрбум ам.долларын бонд гаргаад нийслэлчүүдийг бүгдийг нь орон сууцжуулаад, гэр хорооллыг нэг зэрэг газартай нь тэгшлэх хэрэгтэй. Урагшаа Богд уулаа тойрсон магистралийн шугам, транспорт системээ байгуул. Дундуур нь тунель явуулаад, аймаг руугаа зам бариад, цэцэрлэг сургуулиа хангалттай босго. Зээл, бонд авчихаад буцааж төлж чадахгүй бол ямар юмгүйн зовлон байх биш ганц хоёр сумын нутаг л өгчихнө биз дээ. Эсвэл нэг ордоо ч юм уу, тэртэй тэргүй том ордынхоо талыг алдчихлаа гээд яриад байгаа шүү дээ.
-Таныг ингэж хэлэхээр алга дарам газраа ч битгий өг гэсэн өвөг дээдсийн захиасыг зөрчлөө гэнэ дээ?
-Тэгвэл хүмүүсээ өлсгө, ядраа, зовоо, олон жил шаналга. Тэгээд бүгд гадаад руу дүрвээд, зугатчихаар хүнгүй хоосон газар нутгаа яахыг нь харъя. Хэдэн хүн гадаадынхантай нийлж найрлана биз. Хүнийхээ төлөө ашиглахгүй юм бол ийм том газраар яах юм бэ. Ямар талыг нь, аравны нэгийг нь өг гэсэн биш. Мянганы нэгд ч хүрэхгүй дээ. Жаахан газар л биз дээ. Төлж чадахгүй бол шүү дээ, тэрнээс наана нь төлчихвөл өөр хэрэг. Өвөг, дээдэс битгий гэсэн гээд хүүхдүүдээ утаанаас болж уушгины хорт хавдартай болгоод бүгдийг нь алдах юм уу. Миний бодлоор замаа Японоор, метрогоо Францаар, үйлдвэрээ Оросоор, барилгаа Хятадаар хийлгэх гэрээ байгуулаад ажиллах хэрэгтэй. Гурван жилийн дотор орон сууц ашиглалтад орох ёстой гэж гэрээндээ хатуу заагаад гурван жилийн дараа бүх гэр хорооллыг орон сууц руу нүүлгэх хэрэгтэй. Бэлэн байрны түлхүүр аваачиж өгөөд, одоо нүүгээд ор гэвэл үгүй гэх гэр хорооллын хүн байхгүй шүү дээ. Ингэж моргейжийн зээлээр гэр хороололгүй болж байж утаагүй болно доо. 2016 он гэхэд Улаанбаатар танигдахааргүй хот болох хэрэгтэй. Сүүлийн үед далайн эргийн улс орнууд манайх шиг далайд гарцгүй улсад газартай болохын төлөө өрсөлдөж байна. Ийм өрсөлдөөн дээр нь тоглох ёстой. Токиогийн төвд нэг ам метр талбай сая ам.долларын үнэ хүрлээ. Энэ мэт байгаа юмаа ашиглая аа. Гадаадынхан эдийн засаг хямарлаа, байгалийн гамшиг боллоо гээд л 50, 60 тэрбум ам.доллар зээлж байна. Манайх яагаад болдоггүй юм, ард нь баталгаатай газар нутаг байхад.