Энэ жилийн хамгийн онцлох үйл явдлыг уншигч танд цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад 2012 онд хамгийн чухал зүйл хийсэн уншигч таны амьдралыг оны онцлох үйл явдлыг тодруулж байна.
Эгэл уншигч таныг онцолъё
Эгэл уншигч таньгүйгээр энэ дэлхийд онцлох үйл явдал гэхээр зүйл огт болохгүй байлаа. ТА л өдөр болгон ажилдаа явж, үр хүүхэд хань ижлээ асарч халамжилдаг болохоор энэ дэлхий үйл явдлаар дүүрэн байдаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Дэлхийн энэ бүх улстөрчид, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хэн сонгодог юм бэ? ТА. Таньгүйгээр тэд хэзээ ч энэ өндөр дээд албан тушаалд суухгүй. Та л дургүйцвэл тэд албан тушаалаасаа шууд огцорно. Барак Обама, Владимир Путин хоёрыг хэн Ерөнхийлөгч болгов? Та л сонгосон. Иймдээ ч энэ хоёр хүн дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний удирдагч гэж нэрлэгдэж байгаа.
“Ганнам стайл” нэртэй дуу гараад дэлхийн супер хит болж байгаа. Гэтэл эгэл уншигч та л интернэтээр хэсэх зуураа тэр клипийг нь тэрбумуулаа үзээгүй бол энэ дууг мэдэх хүн гэж өнөөдөр байхгүй. Тэгэхээр бүх од, бүх улстөрчид танд өртэй. Таны өдөр тутам, цаг мөч тутамд туулан өнгөрүүлж байдаг эгэл жирийн амьдрал үгүй бол дэлхий сонин, содон, онцлох үйл явдалгүй уйтгартай болж хувирах нь гарцаагүй. Тиймдээ ч эгэл таныг хамгаалах гэж улстөрчид, одууд ямар их зүйл хийж буйг анзаарч байгаа биз дээ? Энэ олон цагдаа, цэрэг, аврагчид хэнийг аврах гээд өдөр болгон ажилдаа явдаг билээ? Таны амар тайвныг хамгаалах гэж яваа. Дэлхий дахинаа хэдэн зуу, хэдэн мянгаараа байгаа энэ олон эмнэлэг, эмч нар хэний эрүүл мэндийг хамгаалах гээд яваад байна вэ? Таны л эрүүл мэндийг хамгаалахын төлөө. Од болсон дуучид яагаад шинэ, шинэ дуу дуулж байна? Таны л анхаарлыг татах гэж тэр. Энэ мэтээр таны эгэл амьдралыг дэлхий дахины хамгийн онцлох үйл явдал болгож байгаа зүйл олон. Тэгэхээр энэ оны хамгийн онцлох үйл явдал бол эгэл уншигч таны өдөр тутмын амьдрал байлаа. Хэргийн гол нь, та ганцаараа биш. Тантай адил эгэл жирийн хүн дэлхийд зургаан тэрбум байна. Тэгэхээр тэр олон хүн шинэ оныг яаж угтдаг бол гэж сонирхож байгаа нь гарцаагүй. Ингээд уншигч танд дэлхийн дахинаа эгэл жирийн уншигчид шинэ жилийн яаж угтдаг тухай сонирхуулъя.
Нидерланд, Бельгийн муж болгон шинэ жилээр хийдэг тусгай жигнэмэгтэй. Нидерландад зөвхөн шинэ жилээр уудаг “слэм” нэртэй ундаа бий. Энэ ундаа халуун сүү, чихэр, нимбэгний хальс, гүйлс гээд хамгийн тансаг үнэр, амттай амтлагчид ордог. Италид Шинэ оныг угтахдаа бүтэн жилийн турш хуримтлагдсан хуучирсан бүхнээсээ салах ёстой гэж үздэг. Тиймээс италичууд 31-ний орой цонхоороо хуучин тогооноос эхлээд, хуучирсан буйдангаа хүртэл гарган шиддэг уламжлалтай. Ёсыг нь мэддэггүй хүмүүс 31-ний орой цонхон доогуур явж байгаад гэмтэх нь цөөнгүй гэнэ.
Испани, Португали зэрэг оронд усан үзэмтэй мөчрийг баян цатгалангийн бэлгэ тэмдэг гэж үздэг. Тиймээс шинэ он гарах мөчид цаг дуугарах болгонд усан үзэм идэж, арван хоёр хүслээ хэлдэг уламжлалтай.
Болгарт хамаатан саднууд шинэ жилээр нэгнийдээ цуглардаг бөгөөд баярын ширээний ард ирц бүрдмэгц гэрлээ унтраан гурван минутын турш харанхуйд суудаг уламжлалтай. Энэ хугацаанд цугласан хүмүүс хайрлаж, хүндэтгэж явдаг хүнээ сэм үнсэн сайн сайхныг хүсэн ерөөдөг. Үнсүүлсэн хүн бүтэн жилийн турш аз хийморьтой явна гэж үзнэ.
Британийн арлууДад Шинэ оныг гэртээ оруулдаг өвөрмөц уламжлалтай. Өнгөрсөн үеэс сайн сайхан шинэ үе рүү шилжин орох, сайн сайхныг далладаг. Хуучин оны хамгийн сүүлийн өдрийн шөнийн 12 цаг болоход байрныхаа арын хаалгыг онгойлгон хуучин оныг үдэн гаргана. Харин цаг 12 дахь удаагаа цохих агшинд гол үүдээ нээн Шинэ оныг оруулдаг.
Шотланд нутагт Шинэ оныг Хогмани гэж нэрлэдэг. Уламжлал ёсоор шинэ он гарах орой давирхайтай торх шатаан гудамжаар өнхрүүлдэг. Ингэснээр хуучин оны улирч өнгөрсөн муу бүхийг шатааж, шинэ он ирэх зай гаргадаг гэж үзнэ. Мөн шинэ оны эхний орой гэрт нь хэн орсноос тухайн айлын аз, хийморь шалтгаална гэж үздэг. Бэлэг барьсан, хар үстэй хүн орж ирэхийг хамгийн азтай үйл явдал гэж үзнэ. Анхны зочныг сэтгэл хөдлөн хүлээдэг энэ уламжлалыг “ферс футинг” гэж нэрлэдэг. Мөн шинэ он гарахаас 1-2 цагийн өмнө гэрийн эрчүүд цагаан гаатай шар айраг дүүртэл хийсэн мөнгөн домбо барин гудамжинд гарч таарсан хүн болгонд уухыг санал болгодог.
Их Британийн Уэлс нутагт ийм зориулалтаар шар айраг хийдэг домбо нь 13 бариултай онцгой домбо байдаг. Халаасан шар айргандаа алим, жигнэмэг, халуун ногоо хийж хүмүүсийг дайлна.
Японд шинэ жилээр сүмд очин 108 удаа хонх цохино. Хонхны цохилт болгоноор хүний хамгийн том нүглүүд арилна гэж үзнэ. Шинэ жилийн баярын ширээг шарсан шош, загас, ногоо, амтат сүмсээр чимсэн о-сэти-рёри шөл чимнэ. Мэдээж, хатуу ундаагүй бол шинэ жил гэж юу байх билээ. Япончууд шинэ оныг угтан сакэ архиа өргөцгөөнө.
Харин кубачууд шинэ оны босгон дээр хуучин оныг бэлгэдсэн даавуун хүүхэлдэйг шатаадаг уламжлалтай. Зүгээр нэг шатаахгүй нутагтаа үйлдвэрлэсэн ром дарсыг бүгд хүртэцгээнэ. Хүн болгон ром дарсыг хүртэхийн бэлгэ тэмдэг болгож, сууж байгаа газрынхаа шалан дээр асгадаг. Гэхдээ ром дарсыг зүгээр нэг дангаар нь уучихгүй жүржийн шүүс, мөс хийж зөөллөн ууна. Мөн цагийн зүү 12-ыг заахын өмнө гэртээ байгаа бүх саваа усаар дүүргэнэ. Ингээд цаг цохилж эхэлмэгц цонхоороо усаа цацдаг. Кубачуудын баярын ширээг хар шоштой жигнэсэн гахайн мах чимдэг.
Финляндууд шинэ оныг зоогийн газар, бааранд угтах дуртай. Ингэснээр бүтэн жилийн турш гэр бүлд нь хуримтлагдсан уур, бухимдлыг арилгана гэж үзнэ. Олноороо цугласан хүмүүс ирээдүйгээ таах дуртай. Ингэхдээ тугалга хайлуулаад хүйтэн устай саванд хийгээд, гарсан дүрсээр нь тухайн хүн дараагийн жилд ямар амьдрахыг таана. Шинэ он гарах мөчид бүгд “Saimaa,” цагаан архиа ууна. Финляндад архины бүх үйлдвэрлэлийг улс нь монопольчилсон болохоор архиных нь чанар маш сайн, өглөө нь шартуулдаггүй онцлогтой ажээ. Архины даруулга болгож бугын утсан мах, дарсан загас иддэг.
Францчууд хоол хийх урлагаараа алдартай болохоор шинэ оныг угтах баярын зоог барьж эхэлнэ. Хэдий чинээ тансаг, ховор хоол иднэ тэр хэмжээгээр оныг азтай, хийморьтой өнгөрөөнө гэж үздэг болохоор айл гэрийн эзэгтэй нар бүгд л гараа гарган тансаг идээ бэлдэхээр зүтгэнэ. Иддэг хоол, ундааных нь талаар хэлээд хэрэггүй байх. Шууд идэж үзмээр санагдана шүү.
Германд гэрийн эрчүүд нь бүгд цуглан мөрийтэй тоглоом тоглож байгаад цагийн зүү 12 цохих үед бүгд ширээн дээрээ үсрэн гардаг уламжлалтай. Ингэснээр тухайн газар орж ирж байгаа шинэ оныг зайдлан морьдож азаа авчирч байгаа гэж үзнэ.
Скандинавын орнуудад хүүхдүүд найз нарынхаа гэрийн үүдэнд шаазан эдлэл хагалдаг уламжлалтай. Хамгийн олон шаазан эдлэл үүдэн дээрээ хагалуулсан хүүхэд хамгийн нэр хүндтэй мундаг нь. Гэрийн эзэд шаазан эдлэл хагалсан хүүхдүүдэд чихэр,- жимс өгөх ёстой.
Энэ мэтээр эгэл уншигч та шинэ жилээр уйдах завгүй. Танд ирж яваа онд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.