Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ЭРДЭНЭЧИМЭГ: СУРАГЧДЫГ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД МАЛД ЯВУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГСӨН


Орон нутгийн сурагчид амралтаараа хөдөө гэртээ харин малд явж байгаад чих, гар, хөлөө хөлдөөх нь бараг хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор өвөлжилт хүндэрсэн аймгуудын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад БШУЯ-аас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Алслагдсан айм­гуу­дад өвөлжилт хүн­дэрс­нээс сургууль, цэцэр­лэгүүд үйл ажиллагаа явуулахад бэрх болж байгаа гэсэн?
-Улаанбаатар хо­тын болон Баян-Өлгий, Баян­хонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэ­­лэн­гэ, Увс, Хөвсгөл, Хэнт­ий, Дархан-Уул айм­гийн нийт 13 сургууль, цэ­цэрлэгт түлээ нүүрс дутагдалтайгаас халаалт до­голдож байгаа. Үүнийг шийдэх 856.5 сая төг­рөгийн санхүүжилтийг яамны зүгээс гаргах бол­сон. Мөн ирэх оны эх­ний улиралд хүндрэл үүсгэж магадгүй байгаа Дорноговь, Төв, Ховд аймгийн найман сургууль, цэцэрлэг, дотуур байрны түлээ нүүрс, халаалтын 30.7 сая төгрөгийн зард­лыг шийдвэрлэхээр хол­богдох зохицуулалт хийж байна.
-Ерөнхий боловс­ро­лын сургуулиудын улир­лын амралт хараахан эх­лээгүй байна. Хүйт­ний эрч чангарах тусам ханиад томууны тархалт нэмэгддэг?
-Хүйтний эрч чангарч байгаа учраас хичээл сургууль амрах хүртэл аймаг, нийслэлийн Онцгой байдлын алба, Эрүүл мэндийн газар, сургууль, цэцэрлэгийн ажилтнуудыг онцгой байдалд ажиллах үүргийг БШУ-ы сайдын зүгээс өгсөн. Тухайлбал, сургууль, цэцэрлэгтэй холбоо барих утасны жагс­аалтыг гаргаж яам болон бусад холбоо барих зайлшгүй хэрэгцээ­тэй газруудад тараах, жаг­саал­тад орсон утасны дугаарыг заавал ажил­лагаатай байлгах гээд наад захын зүйлийг нарийн тооцоолж үүрэг өгсөн. Анги танхимын халаалтын хэмийг нэг хэмд байлгахыг даал­гасан болохоор ханиад томууны тархалтын асуу­дал гайгүй болов уу.

-Улирлынхаа амрал­таар гэртээ харих гэж яв­сан хүү осгож амь насаа алдсан хэрэг гарч байсан. Яг ид хүйтний үед амралт таарч бай­на. Үүнд ямар нэг зохицуулалт хийсэн үү?
-Манай яамны зүгээс сургуулиудад хүргүүлсэн үүрэг чиглэлд сурагчдын амралт эхлэх үеэр сурагч­дыг эцэг эхийнх нь гарт хүлээлгэн өгөх тухай заасан. Тийм болохоор хэрэв чиний хэлсэн шиг хэрэг гарвал сургуулийнх нь захирал, захиргаатай хариуцлага тооцно.

-Яамнаас сургуу­лиу­дад хүргүүлсэн үүрэг даалгавар дотор эцэг эх­чүүдэд зориулсан зүйл ч бас бий. Энэ талаар?
-Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавих ёстой. Ханиад томуу хүрвэл яарал­тай эмчид хан­дах хичээ­лийн үеэр хүүх­дүү­дээ сургуульд нь хүр­гэж өгөх, авахдаа зам  товч­лох зорилгоор эрс­дэлт­эй замаар дагуулж явахгүй байх, мөн цөмөрч болзошгүй гол мөрөнг гаталж болохгүй. Харин амралтынх нь үеэр ямар ч тохиолдол гарсан хүүхдийг малд явуулж болохгүй гэсэн чиг одоогоор өгөөд байна.

-Зам даваа хаагдсан энэ үед орон нутгийн сур­гуулийн дотуур бай­ранд амьдардаг хүүх­дүүдэд гэрээс нь хоол хүнс нь ирэхгүй байна гэж сонссон?
-Тийм зүйл гарч байгаа. Дотуур байрнаас нь өгдөг хоолыг хийх махгүй болсон тохиолдол ч гараад байгаа. Ийм үед сум орон нутгийн Засаг даргын тамгын газраас нь дэмжиж, хамтран ажиллах үүрэг өгсөн. Мөн дотуур байрны хүүхдүүдийн хоол­ны илчлэг, шим тэжээллэг байдалд анхаарал тавьж, халуун аарц, сүү, чацаргана уулгаж байхыг ч үүрэг болгосон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан