Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

РЕКЛАМНЫ СҮЛЖЭЭ БИЗНЕСИЙГ ЗОГСООНО

Хөдөөний танил маань хотод ажлаар ирээд нутагтаа очоод айл хотлынхоо хүмүүст сонирхуулан “Улаанбаатар ч дүүрэн ярлык юм билээ” гэж ярьсан гэдэг. Үнэхээр ч нийслэлийн өнгө төрхийг тодорхойлогч нэг хүчин зүйл болох хотын төвийн гудамж талбай рекламны самбарын сүрэнд дарагдаад удаж байгаа. Энд тэндгүй байрлуулсан рекламны самбарууд хотын өнгө төрхийг чимэх биш харин ч үзэмжгүй харагдуулж байна гэж иргэд шүүмжилдэг. Тиймээс нийслэлийн удирд­лагууд ч хотын нутаг дэвсгэрт байрлах рекламны самбаруудыг цэгцлэхээр болжээ. Өнөөгийн байдлаар НИТХ-аас 2006 онд батлагдсан Улаанбаатарын нутаг дэвсгэрт реклам, мэдээллийн байгууламж байрлуулах талаар байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмын дагуу хотын зам талбайд рекламны самбаруу­дыг байршуулж байгаа аж.
Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хотын төвийн реклам, мэдээллийн самбаруудын өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан одоо мөрдөж буй дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэнэ. Энэхүү шинэ журмаар рекламны самбар байрлуулахыг хориг­лосон гудамж, зам талбайн жагсаалтыг батлах аж. Үүний зэрэгцээ тухайн гудамжинд ямар загвар хэмжээтэй, хэдэн ширхэг рекламны самбар байрлуулж болохыг нарийвчлан тогтоож өгөх юм байна.
Юуны түрүүнд, түүх соёлын дурсгалт газар, архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж, Сүхбаатарын талбайн урд цэцэрлэг зэрэг газарт рекламны самбар байрлуулахыг хориг­лох­­оор болжээ. Үнэхээр ч төв зам дагуу байрлуулсан томоохон самбаруудын ард Сүхбаатарын талбай, Чингис хааны хөшөө, Төрийн ордон хамтдаа “нуугдчихдаг” талтай. Уг шийдвэр самбарын түрээсээр бизнес хийдэг нөхдүүдэд хүндээр тусах нь ойлгомжтой. Ингээд рекламны самбарын түрээс хэд байдгийг сонирхлоо. Самбар байнга түрээслэнэ гэсэн 9198 ….утсанд холбогдов.

-Рекламны самбар түрээслэх гэсэн юм. Хотын төвд гэвэл ямар үнэтэй вэ?
-Хаанаас ярьж байна. Ямар компани юм.

-Гоо сайхных.
-Хаа сайгүй дуртай газраа л самбар түрээсэлж болно доо. Хамгийн багадаа өдрийн 5000 төгрөг. Хамгийн сайн байршилд тавъя гэвэл хотын төвд өдрийн 550 мянган төгрөг гээд янз бүр байх жишээтэй.

-Байршил нь яг хаана байж болох вэ?
-Гудамжны самбар гэхэд том, жижиг, дунд гээд хэмжээ байхаас гадна автобусны буудал, ханан самбар, хашаа, орон сууцны хананд байрлуулсан ч бий. Электрон самбар гэхэд лсд, лэд сурталчилгаа байрлуулах боломжтой. Үүнээс гадна нүхэн гарц, дэлгүүр, төв цэнгэлдэх, бөхийн өргөө, Буянт-Ухаа цогцолбор, онгоцны буудал гэсэн байршлуудад самбар байгаа.

-Хэдээс хэдийн хооронд байх уу. 550 мянган төгрөгийн рекламны самбар гэхэд өөрийн хүссэн хэмжээгээр том байж болох юм уу?
-Хамгийн бага 5000 төгрөгийн самбар гэхэд 1x1.6 метр талбайтай байх жишээтэй. Том талбайтай самбар нь гэвэл 6x17, 7x17 гэсэн харьцаатай. 

-Хэдий хугацаагаар байршуулдаг юм бэ?
-14 хоногоор. Мөнгөө төлөөд цааш сунгах боломжтой.

-Нийслэлээс рекламны самбаруудыг цэгцэлнэ гэсэн. Рекламаа урт хугацаагаар байршуулчихвал нэг өдөр аваад хаячих юм биш биз дээ?
-Үгүй байх аа. Тийм мэдээлэл гарсан юм уу. Тэгээд ч манай самбарууд найдвартай.  
Хэн дуртай нь хоёр шон ухаж төмөр рам зангидаад рекламны самбар нэрээр мөнгө төвөггүйхэн олдог бизнес юутай ч удахгүй цэгцлэгдэх нь. Рекламны самбарын эзэд нэг самбараа 550 мянган төгрөгөөр түрээслүүлдэг гэхээр хүмүүсийн сар хөдөлмөрлөж олдог цалинг нь өдөртөө олдог нь харагдаж байна.
Ийм ч ашигтай учраас борооны дараахь мөөг шиг рекламны самбарууд ингэтлээ олширсон бололтой.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан