Багануур дүүрэгт “Үндэсний хүүхдийн монгол шилтгээн” олон улсын хүүхдийн зуслан барихаар болжээ. Энэ талаар болон боловсролын системийн тухай “Гүн галуутай” цогцолбор сургуулийн багш Ч.Уртнасантай ярилцлаа.
-Багануур дүүрэгт орчин үеийн хүүхдийн зуслан байгуулахыг Засгийн газраас дэмжсэн гэсэн үү?
-Тийм ээ. Үе үеийн Засгийн газар хүүхдийн төлөө гэж дуугардаг байсан ч хэзээ ч дорвитой арга хэмжээ авч байгаагүй. Багануур дүүрэгт олон улсын хүүхдийн зуслан байгуулах төсөл бичээд Ерөнхий сайд байсан Батболдтой хүртэл уулзсан. Гэтэл хойшлуулж явсаар сүүлд уулзахад сонгуулийн дараа гээд орхисон. Саяхан Хүн ам, нийгэм хамгааллын яамны сайдад танилцуулсан байсныг энэ сарын 14-нд болсон хүүхдийн чуулганы үеэр Эрдэнэ сайд дэмжсэн гэдгээ албан ёсоор хэлсэн. Энэ бол үнэхээр хүүхдийн төлөө хийх томоохон бүтээн байгуулалт учраас “Хүүхэд ээлтэй төрийн түшээ” өргөмжлөлийг Эрдэнэ сайдад чуулганы үеэр гардуулан өгсөн. “Найрамдал” зуслан гэхэд 70 жилийн ойгоо өнгөрсөн онд тэмдэглэсэн. Филатова хатагтай санаачилж тухайн үед энэхүү зусланг бариулаагүй бол энэ 70 жилийн түүхэнд нэг ч хүүхдийн зуслан баригдахгүй л байсныг бид харж байна шүү дээ. 900 мянган хүүхэдтэй мөртлөө 19 мянган хүүхэд зусланд амардаг гэхээр үнэхээр чамлалттай тоо.
-Зуслангийнхаа талаар сонирхуулаач. Нэг ээлжиндээ хэчнээн хүүхэд хүлээн авах вэ?
-Багануур дүүргээс 16 км зайд Хэрлэн голын эрэг дээр 10 га газарт зуслангаа барихаар төлөвлөсөн. Хамгийн орчин үеийн усан бассейн, чийрэгжүүлэлтийн төв, экологийн чиглэлийн байгууламж байх юм. Нэг ээлжинд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 300 хүүхэд хүлээн авна. Жилийн турш 2700-3000 хүүхэд хүлээн авах юм.
-Хэчнээн төгрөгийн хөрөнгө шаардлагатай вэ?
-Байгууламжинд шаардагдах нэг тэрбум 289 сая төгрөгийг шийдэж өгсөн. Ирэх сарын 20-ноос хойш санхүүжилт нь ороод хавраас барилгын ажлаа эхлүүлнэ. Зуны байгууламжаа барьж зургадугаар сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн.
-Боловсролын салбарт олон жил ажилласан ахмад багшийн хувьд асуух зүйл байна. Гадаадын байгууллагаас өнгөрсөн хавар сурагчдаас шалгалт авахад хангалтгүй үнэлгээ авсан нь юунаас үүдэлтэй вэ. Багш, сурагч, холбогдох албан тушаалтнууд гээд хэнийх нь буруу вэ?
-Сайн суралцана гэдэг хүүхдийн оролцооноос шалтгаалдаг. Боловсролын яамны үе үеийн удирлага бодлого боловсруулагчид үүнийг таг орхигдуулсаар өдий хүрсэн. Хүүхдийг сургах хөгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллах бус зөвхөн чанар, нэр төрийн төлөө хөөцөлдөх үйл ажиллагаа руу нь бодлого нь чиглэгдчихсэн. Хүүхэд бүр заавал онц сурах албагүй. Харин зөв хүмүүжилтэй иргэн болох албатай. Дээр үед багш нар хүүхдүүд бүртэй тулж ажиллаж, араас хөөцөлддөг байлаа. Одоо бол хичээлээ заасан бол гараад явчихдаг. Багш нар яг л нүүдлийн шувуу шиг ажиллах болсон нь маш буруу. Залуу багш нар бага цалин авч байж яахаараа ингэж ажиллах юм гэцгээдэг. Эцэг эх хүртэл хүүхэдтэйгээ хамт байхаа больчихсон.
-Залуу багш нарын ур чадвар, сэтгэл дутдаг гэдэгтэй би ч бас санал нийлмээр байна?
-Бүгдийг үгүйсгэж болохгүй. Мундаг чадалтай залуу багш нар бий. Багш бол хүүхдийн толь байдаг. Хүүхэд өөрөө цагаан цаас шиг учраас маш болгоомжтой хандах ёстой. Тийм учраас би сүүлийн 12 жил бага боловсролд анхаарч ажиллаж байгаа. “Ногоон гоёл” ТББ байгуулж хүүхдүүдтэй их ойр байгаа. Хэнтий, Улаанбаатарт эцэг эхтэй нь хамтран аялал зохион байгууллаа. Хүүхэдтэй илүү ойр ажиллаж цагийн хамт өнгөрүүлж байж тухайн хүүхдэд тохирох түлхүүрийг олдог.
-Сурах бичиг зохиох баг гээд тусдаа хэсэг бүлэг хүн бий. Нэгдсэн журмаар сурах бичгээ ингэж боловсруулаад байгаа нь хэр оновчтой юм бол оо?
-Би үүний эсрэг бодолтой явдаг хүн. Боловсролын салбарт халуун цэг дээр ажиллаж байгаа багш нараас санал бодол хүсэлт огт авдаггүй. Дээрээс шууд л хэдэн хүний үзэл бодол саналаар сурах бичгийг боловсруулаад шууд л тулгаад үүний дагуу хичээлээ заа гээд баахан үнэтэй ном өгчихдөг. Би өөрөө монгол хэл уран зохиолын багш хүн. Миний хичээлийн ном сурах бичиг бол санаанд хүрдэггүй л юм.
-Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс аваад хаячихсан удаатай?
-Тийм шүү. Одоо долоо хоногт монгол хэл дөрвөн цаг, уран зохиол дөрвөн цаг орж байгаа. Миний бодлоор тусад нь биш хэл, уран зохиолын хичээл гэж хамтатгаж ормоор байгаа юм. Монгол зан заншлын талаар хичээл ч бас сургалтын программд байх ёстой.