Хүйтний эрч чангарч томуу, томуу төст өвчин газар авч байгаатай холбоотойгоор Эмийн сан зорих хүн олширсон байна. Тиймээс байдал ямар байгааг сурвалжлахаар 11 дүгээр хорооллын Эмийн сангуудаар орсон юм.
Өдрийн 12:00 цаг. Эмийн сангуудын ачаалал хамгийн бага байдаг үе гэнэ. Гэвч нэг Эмийн санд 15 минут болоход 10 гаруй иргэн орж үйлчлүүллээ.
Ингэхдээ бараг 80 хувь нь ханиадаа эмчлэх эм авч байв. Харин эмийн санчаас ханиаданд ямар эм уух ёстой хэмээн лавлавал шар, ногоон, цэнхэр гээд цаас нь алагласан хэдэн хайрцаг эм авч ирэх нь тэр. Тэгээд “Таны ханиад дөнгөж эхэлж байна уу. Удсан юм уу. Ямар зовиур байна” гээд асууж гарав. Ингээд хааяа ханиалгаж байгаа бол энгийн зөөлөн сиропон эм зүгээр. Тасралтгүй хий ханиалгаж байвал антибиотик зүгээр хэмээн зөвлөгөө өгөв. Тухайн эмийн санд зөвхөн ханиадны зөөлөн эм гэхэд ойролцоогоор 20 төрөл, хүчтэй антибиотик 10 гаруй байна хэмээв.
Харин үнэ ханшийн хувьд хамгийн хямд нь 800-18000 төгрөг хүртэл хэлбэлзэж байгаа гэнэ. Ихэвчлэн БНСУ, ОХУ-д үйлдвэрлэсэн эмнүүд харагдсан. Үйлчлүүлэгчдийн хувьд ихэнх нь миксагрипп эмийг асууж байлаа. Үүнээс гадна хлорафинаминыг иргэд ихээр сураглаж байсан.
Энэ нь монголчууд эмийг хүнс шиг л хэрэглэдэг болсон гэдгийг илтгэх шиг. Ямар сайндаа л булан тойроод л нэг эмийн сан байх вэ дээ. Санхүүгийн боломжинд нь тааруулан төрөл бүрийн эмийн сонголттой ч байх болж. Өнөөдрийн байдлаар манайд 700 гаруй эрүүл мэндийн байгууллага иргэдэд үйлчилж байгаагаас 500 гаруй нь эмийн сан гэдэг юм билээ. Ийн сурвалжлага хийж явж байх хооронд эм худалдан авч байгаа зарим иргэнтэй уулзсан юм. Өөрийгөө Л.Дулам хэмээн танилцуулсан эмээ “Би ханиад хүрээд долоо хонолоо. Эмийн санчаас ханиадыг хурдан дарах ямар эм байна гэж асуугаад миксагрипп авч уусан. Дарагдаж өгдөггүй. Тэгэхээр нь одоо арай хүчтэй эм ууя гэж бодоод явж байна. Гэтэл антибиотик нь 18 мянган төгрөг гэх юм. Хоолныхоо махыг хасаад эм авч уухаас. Эмээ нь дан ганц тэрийг уухгүй. Хажуугаар нь усан эм, витамин авч ууна“ хэмээн ярьсан юм. Харин иргэн Л.Цэрэнбатын хувьд “Хөнгөлөлттэй үнээр эм олгодог Эмийн сангууд хаягаа ил тавихгүй юм. Уг нь, ханиадны эсрэг хэд хэдэн эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой гэсэн. Эмийн санч нар ч ашгаа бодоод бидэнд хэлж өгдөггүй. Төрийнхөө хайр хишгийг хүртмээр байна“ хэмээн яриа өрнүүлээд амжив. Өнөөдөр өдрийнхөө хоолыг яаж гэж байгаа иргэдийн хувьд дахин нэг “хүнсээ” бэлтгэх санхүү хэрэгтэй болох нь. 11 дүгээр хороолол орчмын эмийн сангуудын эм үнийн хувьд 400-500 төгрөгийн зөрүүтэй байлаа. Тэд “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох эм хангах нийлүүлэх байгууллагуудаас эмээ татдаг гэлээ.
Импортын эмийг “шүтэхээс” татгалзаарай
Үндэсний үйлдвэрт үйлдвэрлэсэн эмийн үнэ харьцангуй бага харагдсан. Гэхдээ иргэд голдуу хямд үнэтэй учраас муу эм байх гэсэн үүднээс импортынхыг илүүд үзэх болсон гэнэ. Уг нь, ханиад хүрч эхлэнгүүт эмчилгээгээ зөв сонгоод зөөлөн эм уух хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөөд байгаа. Гэвч иргэд нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргасаар гадаадынх илүү сайн хэмээн импортын эмийг “шүтэх” болжээ. Үнийн хувьд “Тавин ус” ХХК-д үйлдвэрлэсэн усан эмнүүд 800-1500 төгрөгийн ханштай байхад БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн ширхэг эм л 2500 төгрөгийн үнэтэй харагдсан. Хамгийн гол нь, иргэддээ сануулан хэлэхэд, гадаадын үнэтэй эм таны ханиадыг эмчлэхгүй, зөв эмчилгээг л сонгож зөөлөн эмээр эмчилгээгээ эхлүүлээрэй. Үүнээс гадна хүчтэй антибиотик хэрэглэснээр таны дархлаа сулрахаас гадна дараа нь хүнд ханиад туслаа гэхэд хүчтэй антибиотик нөлөөлөл үзүүлэхгүй гэдгийг ойлгоорой.
Аньс “нүдний гэм” болжээ
Энэ жилийн ханиад вирусын гаралтай. Тиймээс ч эмч мэргэжилтнүүд эм, антибиотик гэхээсээ цэвэр агаарт гарч, аньс, аарц зэргийг хэрэглэж биеийн эсэргүүцлээ сайжруулах хэрэгтэйг дахин дахин сануулсаар. Тэгвэл аарц, аньсны үнэ ханшийг “Бөмбөгөр” худалдааны төвөөс сонирхвол аньс килограмм нь 12 мянган төгрөг, чацаргана 8500 төгрөгөөр борлуулж байлаа. Намар килограмм нь 6000 төгрөг гэж байсан аньс өнөөдөр 12 мянган төгрөгт хүрч. Хэдий үнэтэй ч тус худалдааны төвд аньс “нүдний гэм” болжээ. Харин чацаргана хааяа нэг харагдана. Чацаргана худалдаалж байгаа худалдагч “Чацарганы эрэлт нэмэгдсэн. Хүмүүс байсхийгээд л асуугаад ирэх болсон. Одоо шинэ жил болох гээд бүр эрэлт ихтэй байна. Иргэд үйлдвэрийн гэхээсээ байгалийн чацаргана илүү авах сонирхолтой байгаа” хэмээн ярьсан юм. Харин “Хүчит шонхор” захад ногоон хурганы арьснаас бусад нь бий гэдэг. Ялангуяа, хүнсний бүтээгдэхүүн. Энд аарц хамгийн элбэг аж. Литр нь 2000 төгрөг. Мөн ханиаданд адууны мах хамгийн сайн хэмээдэг. Тэгвэл адууны мах ч энд элбэг байлаа. Бяцхан тооцоо бодьё. Та ханиадны эсрэг дөрвөн ширхэг эмийг 2000 төгрөгөөр аваад нэг л өдөртөө ууна. Харин үүний оронд энэ мөнгөөрөө килограмм аарц авах юм бол багадаа гурав хоног ууна. Дээр нь, цагаан идээ ч учраас таны эрүүл мэндэд тустай. Иймээс ханиад хүрсэн бол эмийн сан зүглэлгүй аарц худалдан авч уугаарай.
Эмийн сангуудаар зарагдаж буй ханиадны эсрэг эмийн үнэ ханш