Ядуурлын талаар дор бүрнээ тоо хэлж, нэг нэгнийхээ хийсэн статистик үзүүлэлтийг үгүйсгэдэг талтай. 2010 оноос эхлэн өнөөг хүртэл ядуурлын талаархи хэлэлцүүлгүүд ихэвчлэн тоо баримтыг тойрон өрнөсөн. 1995-2008 онд явсан үндэсний дөрвөн удаагийн өрхийн судалгаа нь арга зүйн хувьд ялгаатай учир хооронд нь харьцуулах боломжгүй аж. 2007-2008 онд явуулсан өрхийн судалгаанд үндэслэн гаргасан ядуурлын үзүүлэлтүүд бодитой эсэх талаар өнөөг хүртэл маргадаг.
Үүнээс шалтгаалан ядуурлын талаар нэгдмэл зөвшилцөлд хүрсэн тодорхой тоо байдаггүйгээс байгууллагууд өөр, өөр тоо хэрэглэж, ойлгомжгүй байдал үүсгэсээр байсан. Тэгвэл Үндэсний статистикийн хороо, Хүн ам, нийгэм хамгааллын яам, Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг холбогдох байгууллага хамтран тоогоо нэгтгэлээ. Ядуурлын төвшинг тооцохдоо өөр, өөр аргачлал хэрэглэдэг явдлыг зогсоож, нэг аргачлалаар 2011 оны ядуурлын төвшинг тооцжээ. Амны билгээс ашдын билгэ гэдэгчлэн ядуурлын тоо буурсан гэдгийг албаныхан хэлэв.
2010 онд ядуурлын төвшин 39,3 хувьтай байсан бол өнгөрсөн онд 29,8 болтлоо буурсан сайхан мэдээ байна. Үндэсний статистикийн хороонынхны хэлж буйгаар түүвэр судалгаа учраас алдааны хязгаараа 0,8-0,9 хувь гэж тооцож байгаа ч тоо нь өөрөө ингэж “ядуурч” буурч сайн хэрэг. Ингээд ядууралтай холбоотой зарим тоо баримтыг сонирхуулъя. Улсын хэмжээнд аймаг, сумыг бүс, бүсээр хуваан үзэхэд хангайн бүсийнхэн ядуурлын төвшингөөр тэргүүлсэн байх юм. Аймгуудаас Өвөрхангай, Говь-Алтай аймаг, Архангай гэхэд ядуурлын төвшингөөр тэргүүлж байгааг дээрх үзүүлэлтэд нэмэр болсон биз ээ.
Ядуурлын талаархи тоон мэдээллийг нэг мөр болгон шийдсэн хэдий ч үүний цаадах учир шалтгаантай холбогдох олон асуулт байгаа юм. Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч, дунд орлоготой орнуудын ангилалд орох боллоо. Гэтэл Монгол Улсын хүн амын гуравны нэг орчим нь ядуурлын төвшнөөс доогуур амьдарсаар байгаа. 2009-2011 оны хооронд хийсэн судалгаанаас нэгэн тоо сонирхол татаж байлаа. Хувь хүний хэрэглээний үзүүлэлт 118 хувьтай байхад Засгийн газрын хэрэглээ 119.8 хувьтай гэсэн тооцоо гарчээ. Иргэдийнхээ хэрэгцээнээс Засгийн газрын хэрэглээ давж байгаа нь сөрөг талтай байдаг байна. Ядуу өрхийн нэг гишүүнд сардаа 53.681 төгрөгийн зардал гардаг байхад чинээлэг айлынх 414.381 хувьтай гарчээ. Хөдөө аж ахуйн салбарт өрхийн тэргүүн нь ажилладаг 10 хүн тутмын гурав нь ядуу бол үйлчилгээний салбарынх 10:1 гэсэн тооцоо байх юм. Үүний цаад шалтгаан юу вэ, эдийн засгийн өсөлт болон төр засгаас явуулж буй тэгш бус байдал ямар нөлөөл үзүүлж байгаа вэ, ядуурлыг бууруулахад хамгийн үр нөлөөтэй ямар стратегийг боловсруулбал зохистой вэ, олон улсын хөгжлийн байгууллагууд ядуурлыг бууруулах чиглэлээр ямар салбаруудад болон Засгийн газарт дэмжлэг үзүүлэх бол гэдэг асуултууд хариулт нэхсээр 2013 оныг угтлаа. Шинэчлэлийн Засгийн газраас шинэ алхам, бодлого хүлээж байгаагаа олон улсын байгууллагуудын төлөөлөл онцолсон юм.