Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮНИЙ АМЬ НАСНЫ ҮНЭЛЭМЖИЙГ ТОГТООНО


Австралид хүний амь насны үнэлэмж 3.5 сая ам.доллар. Америкт бол иргэнийхээ амь насыг 6.5-7.9 ам.доллараар үнэлдэг байх жишээтэй. Гэхдээ ямар байгууллагад ажиллаж байгаагаас хамаарна. Бүр иргэнийхээ нэг жилийн үнэ­лэмжийг 50-129 мянган ам.дол­­лар гэж тооцсон бай­даг аж. Энэ нь даатгалын тогтол­цоог сайн хөгжүүлсний илрэл ч гэж хуульчид тайлбарлаж байна.
Дээрх мэтээр хүний эдийн засгийн үнэлгээг гаргахдаа тухайн хүний дундаж наслалтын хугацааг нийгэмд бий болгох боломжтой бая­лаг, ажил хөдөлмөр хийж олох орлогыг нь тооцоолж гаргадаг юм байна. Тухайлбал, Австралид хүний амьдралын статистик үнэ цэнийг тогтоохдоо тухайн хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын тооноос хасч, амьдрах байсан он жилүүдийн тоог нэг хүнд ногдох ДНБ-ий тоонд үржүүлэн гаргадаг байна.
Энэ томъёоллоор бодоход Австрали хүний амь насны дундаж үнэлэмжийг мөнгөн дүнд шилжүүлэхэд дээрх тоо гардаг байна.

Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 68 байхад эмэгтэйгийнх нь 72 байна. Тиймээс дээрх жишгээр монгол хүний үнэлэмжийг тооцоход 100-300 сая төгрөг болох боломжтой хэмээн хүний эрхийн хуульч М.Ичинноров хэлж байлаа. Харамсалтай нь, манай улсын төр иргэнээ ингэж үнэлдэггүй. Нас барсан тохиолдолд оршуулгын зардал гэж хэдхэн төгрөг хялаалгадаг. Тэр бүү хэл, гэмт хэргийн улмаас тухайн хүнд учирсан хохирлыг ч бүрэн барагдуулж өгдөггүй.
Гэмт хэргийн улмаас амь насаа алдсан эсвэл эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд хэрүүл зарга хийж, хэдэн сар, жил хууль хяналтын байгууллагын үүд сахин байж эцэст нь шүүхээр буруутай этгээдээс оршуулгын болон эмчилгээний зардал гаргуулах шийдвэр гаргуулдаг. Гэтэл хохирол барагдуулах ажил нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд ирээд гацчихдаг гаж тогтолцоо ч манайд бий. Ингэж хохирогчийг давхар хохироох, залхаах нь энүүхэнд.

Тэгсэн хэрнээ гэмт хэргийн улмаас эд хөрөнгөөрөө хохирвол заавал төлүүлдэг жишигтэй. Мөн байгалийн гамшиг, ослын үеэр хүн амиа алдчихаад байхад нурж унасан хашаа, хороо, хуурч унасан байшингийн дээврээ үнэлээд, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөсөө мөнгө гаргаад сууж байдаг улс. Монгол Улс ингэж эд хөрөнгөө хүнээс дээгүүрт тавьдагаа болих хэрэгтэй гэсэн шүүмжлэл хөвөрсөөр л байдаг. Гэвч үүнийг хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид анхааралдаа авахгүй өдийг хүрснийг шүүмжлэх хүн олон.  

Тэгвэл монгол хүнийг үнэлэмжтэй болгох тухай заалт шинээр боловсруулж буй Эрүүгийн хуульд тусгалаа олох гэж байгаа сайхан мэдээг өчигдөр Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Монгол хүний үнэлэмж ба нөхөн олговор-Эрүүгийн хууль” хэлэлцүүлгийн үеэр албаныхан дуулгалаа. Хууль боловсруулагчид гадаадын улс орнуудын дээрх мэт иргэнээ үнэлж буй жишгийг харьцуулан судлаж, Монгол Улсынхаа хөрсөнд тохирохыг нь хуульдаа тусгахаар ажиллаж байгаа гэнэ.


Хохирол барагдуулах, асуудлыг хуульчлах нь зөв

“Монгол хүний үнэлэмж ба нөхөн олговор-Эрүүгийн хууль” хэлэлцүүлгийн үеэр зарим хуульч болон иргэний санал бодлыг сонслоо.

Хууль зүйн яамны Бодлого хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга О.Алтангэрэл:

-Хүний амь насны үнэлэмжийн асуудлыг ганцхан Эрүүгийн хуулиар шийдвэрлэхгүй. Гэхдээ Эрүүгийн хуульд энэ асуудлыг тусгайлан зааж өгсөн. Хууль зүйн сайдын өгсөн үүргийн дагуу Эрүүгийн хуулийг шинээр боловсруулж байна. Ингэхдээ хэдэн судлаач, хуульч нэг газар бөөгнөрч суучихаад хууль бичих нь чухал биш. Боловсруулж буй хуульдаа аль болох олон түмний санал бодлыг тусгах шаардлагатай. Эрүүгийн хуулийг шинээр боловсруулах ажил төслийн шатанд яваа учраас иргэдийнхээ үгийг сонсч, санал бодлыг нь тусгахаар энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Тэгээд ч хуулиа баталсны дараа иргэдийн шүүмжлэлийг сонсох нь утгагүй. Өмнөх Эрүүгийн хуулиа боловсруулж батлахдаа ард түмнийхээ санаа бодлыг сонсоогүй учраас алдсан. Энэ хуульд хохирол барагдуулах механизм тодорхойгүйгээс олон хүн өнөөдрийг хүртэл гомдолтой яваа юм. Эрүүгийн хуулийг шинээр боловсруулахдаа ял шийтгэл оноохоо юун түрүүнд тавиагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг заавал шүүхээр шийдвэрлүүлэх бус үүнээс өмнө буюу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд барагдуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

 
Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:

-Бид эхлээд хууль зүйн салбарт болохгүй, бүтэхгүй зүйл юу байна вэ, энэ салбарыг яагаад шинэчлэх гээд байгаа юм бэ гэсэн асуултад хариулт олмоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, цаг үеэ олоогүй асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. Амьдралыг судалж, ард иргэдийн хүсэл сонирхолд тулгуурлан хуулийг өөрчилдөг болохоос төсөөллөөр хууль бичиж болохгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нь барагдуулах асуудлыг Эрүү­гийн хуулийг бүхлээр нь өөрчлөхгүйгээр, зарим зүйл, хэсэгт өөрчлөлт нэмэлт оруулж шийдвэрлэж чадахгүй. Хэрэв тэгж бодож байвал төөрөгдөж байна.

Гэмт хэргийн улмаас тухайн хүний амь нас, эрүүл мэнд, бие эрхтэнд учирсан болон сэтгэл санааны хохирлыг бусад улс орны жишгийг судалж, хуульд тусгах бүрэн боломжтой.

 

Хүний эрхийн хуульч М.Ичинноров:

-Шинээр боловсруулж буй Эрүүгийн хуульд эдийн бус хохирол, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх заалт орно. Ингэснээр үүнийг дагаад иргэний харилцаа, даатгалын тогтолцоо дагаж хөгжих боломжтой. Эрүүгийн хуульд хохирол заавал нөхөн төлүүлэх тэр тусмаа зөвхөн эдийн хохирлоос гадна эдийн бус хохирлыг нөхөн төлүүлдэг систем бий болчихвол дэвшил гарах гээд байна. Бид өнгөрсөн жилээс л монгол хүний амь насыг үнэ цэнэтэй болгоё гэж ярьж эхэлсэн маань өнөөдөр энэ хуулиудад бодит тусгалаа олох гэж байгаад баяртай байна.

 
“Долдугаар сарын 1”-нд буудуулж амиа алдсан хохирогчийн аав Ж.Энхбаяр:

-Хохирол барагдуулах нөхөн олговрын асуудлыг зайлшгүй хуульчилж өгнө гэсэн санаа нь зөв. Энэ бол өмнө нь байгаагүй зүйл биш. Үндсэн хуульд хохирол барагдуулах тухай заалт бий. Мөн Эрүүгийн болон Иргэний хуульд ч хохирол барагдуулах тухай заалт байгаа юм. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолд зөвхөн нэр хүнд, алдар хүндийг мөнгөөр үнэлж, төлж болно гэж заасан. Ингэснээр бусад хуульд хохирол нөхөн төлүүлэх тухай заалтыг хүчингүй болгочихож байгаа юм. Харин Эрүүгийн хуульд эдийн бус хохирлыг үнэлэх тухай заалт оруулж буй нь сайшаалтай. Гэхдээ гэмт хэргийн улмаас хохирсон, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон бол нөхөн олговор олгоно гэж иргэдийг тайвшруулж болохгүй.

 
Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дэд тэргүүн Б.Энхтөр:

-2010 оны тавдугаар сард хоёр хүү маань вагонд дайруулж амиа алдсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй яваа. Тээврийн прокурор эзэнгүй хэрэг гээд хавтаст хэргийг нь хаачихаад байгаа юм. Үүнээс болж  хариуцлага үүрэх ёстой хүмүүс нь өнөөдөр ажлаа хийгээд л явж байна. Бүр хоёрын хоёр хүүхдийг минь дайраад хөнөөчихсөн улс шүү дээ. Энэ  асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэхээ мэдэхгүй мухардалд орчихоод явж байна. Дархан-Уул аймгийн Төмөр замын дарга Батмөнх осол болсны маргааш нь хэргийн газар ирчихээд миний хүүгийн тасарсан махан дээр нь гишгэж, “Үүнийг ингээд булчихгүй юу хийж байсан юм бэ” гэж зогсч байсан гээд бод доо. Ийм ёс суртахуунгүй хүнд хариуцлага тооцмоор л юм. Гэвч тэгээгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан