Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШАШИН БА БЭЛГИЙН АМЬДРАЛ


Шинжлэх ухаан хөгжихөөс өмнө хүмүүсийн танин мэдэхүйн томоохон эх үүсвэр нь шашин байсан. Хүний бэлгийн амьдралын тухай мэдээллийг янз бүрийн шашин, түүний төлөөлөгчид анх хүмүүст хүргэж байсан тухай түүхэн баримт цөөнгүй  байдаг.

Зарим жишээг дурдахад, арван тавдугаар зууны үеийн христийн шашны ном сударт “нойтон зүүд” буюу эрэгтэйчүүдийн үрийн шингэн аяндаа ялгарах үзэгдлийг оюун санаанаас бий болгосон “инкуби”, “сукуби” хэмээх бяцхан амьтантай бэлгийн хавьтал хийсний үр дүн гэж үздэг байсан тухай дурдсан байдаг.

Тэгвэл бэлгийн хавьтлыг амьдралын хамгийн сайхан зүйлийн нэг гэж Исламын шашны агуу их зөнч Мухамед сургажээ. Түүнийг олон эхнэртэй байсан төдийгүй бэлгийн харилцааны хувьд нэлээд авьяастай нэгэн байсан тухай мэдээлэл байдаг.

Монголын түүхэнд ч ийм баримт цөөнгүй бий. Тухайлбал, XIX зууны Буддын шашины зүтгэлтэн ноён хутагт Данзан Равжаагийн бэлгийн хавьтлын янз бүрийн байрлалыг дүрсэлсэн уран зургийн цуврал түүний музейд хадгалагдсаар байна.

Өнөө үед ч гэсэн янз  бүрийн шашин хүмүүсийн бэлгийн амьдралын талаарх үзэл бодолд нөлөөлсөн  хэвээр байна.

Ийм учраас  янз бүрийн шашин шүтдэг хүмүүсийн  ойлголт  ч янз  бүр байдаг.

Өрнөдийн ёс зүйн библийн уламжлалд бэлгийн хавьтал үйлдэхийг зөвхөн гэр бүлтэй холбож ярьдаг. Энэ нь  эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болсноор нүглээс зайлсхийн үр хүүхдээ төрүүлэх боломж олгосон бурхны захиасыг биелүүлэх болно гэсэн шашны тайлбарлал дээр үндэслэсэн уламжлал юм. Иймээс энэхүү уламжлал нь гэр бүл болохоос өмнөх ба гэр бүлээс гадуур хүмүүстэй бэлгийн харилцаанд орохыг буруушаадаг байна. Өнөөдөр хуучинсаг үзэлтэй еврей, протестант, католик шашны зүтгэлтэн нар энэ байр суурийг баримталсан хэвээр байна.

Нийгэмд гарч буй өөрчлөлт олон ёс зүйчдийг энэ асуудлыг сөхөн харж арай уян хатан байр суурь баримтлах хандлага бий болгожээ. Энэ өөрчлөлтийн жишээнээс аюулгүй, найдвартай жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл гарсан, хүмүүс хожуу гэр бүл болох болсон, олон хүмүүс гэр бүл салсан, бэлэвсэрснээс болж ганц бие болох болсон, бодит амьдрал дээр өсвөр үеийнхэн бэлгийн харилцаанд орох болсоныг дурдаж болно. Ёс зүйчид “болохгүй” гэхийн оронд илүү амьдралд ойр, илүү хэрэгтэй зөвлөмж өгч байхыг эрмэлзэх болжээ.

Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа ны ёс суртахууныг үнэлэхэд дараах болзлыг биелүүлсэн байвал зохино.
Нэг талаас, бэлгийн харилцаанд орж буй хүн бүрийг жинхэнэ ёсоор хүндэлж байна уу? Ёс зүйч бүр нэг хүн нөгөөгөө бэлгийн харилцаанд мөлжин ашиглах, зөвхөн нэг нь л нөгөөгөөсөө таашаал авах бол ёс суртахуунгүй асуудал гэж үзнэ. Нөгөө талаас, дийлэнх нь хоёр тал бие биедээ үнэн сэтгэлээсээ хайр сэтгэлтэй, бие биеийнхээ эрх ашгийг хамгаалдаг байхыг шаардана. Тухайлбал, хосууд хүүхэдтэй болох боломжгүй бол жирэмслэхээс сэргийлэх арга хэрэглэх, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх арга хэмжээ авах зэрэг юм. Эцэст нь, ёс зүйч нар ёс суртахуунтай бэлгийн зан үйл нь нээлттэй, чин сэтгэлээсээ байх ёстой гэж үздэг. Олон нийтийн болон хувийн байгууллагууд бэлгийн зан үйлийн талаар хүмүүст бэлгийн харилцааны зөв шийдвэр гаргахад нь тусалдаг байх нь зүйтэй гэж үздэг байна.

Иудей-Христийн шашинд гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг үргэлж бузар хэрэг хэмээн тодорхойлж иржээ.
Еврейн заншилд чулуугаар шидэж алах ял оноодог бол шинэ гэрээслэлд гэр бүл салах ганцхан нөхцөл гэж тодорхойлжээ. Гэр бүлээсээ гадуур бэлгийн харилцаанд орохыг гэр бүлийнхээ хүний итгэлийг алдуулсан, бурханд үнэнч бусаа харуулсан ноцтой хэрэг гэж үздэг байна. Өнөөдөр энэ байр суурийг өөрчлөх бодолтой ёс зүйчид ховор боловч ихэнх нь илүү уян хатан илүү хүмүүнлэг хандах талыг баримтлах байх. Энэ үзэл бодлын дагуу, гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орсон хүмүүст тэгэх ямар шалтгаан байсныг нь олоход тусалж, бие биеэ уучилж, хайрласны үндсэн дээр гэр бүлдээ үнэнч байдалдаа эргэж орохыг зөвлөх нь зүйтэй гэж үздэг. Энэ зарчим нь буруушаахаасаа зөвлөгөө өгөх нь илүү үр дүнтэй хэмээн үздэг. Шашны байгууллага бие биеэ хүндлэх, харилцан ойлголцох, эрх ашгаа хуваалцах зарчим дээр суурилсан тогтвортой гэр бүл бий болгоход нь хүмүүст тусалдаг байх ёстой гэж үздэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан