Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Би барилгынхныг адлаад байгаа юм биш шүү. Барилгын салбарынхан тэртэй, тэргүй томоохон бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүс учраас тэднийг дэмжиж ажиллана. Хууль дүрмийн дагуу зөвшөөрөлтэй ажлаа хийх хэрэгтэй” хэмээн дахин сануулав. Нийслэлийн Засаг дарга энэ удаад газрын маргаантай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч, ямар бэрхшээл зовлон байгааг нь сонслоо. Энэ үеэр нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайхан нийслэлд газар эзэмшиж буй 12969 иргэний 14066,8 га газарт хийсэн судалгааны дүнгээ танилцуулсан юм. Нийтийн эзэмшлийн талбай болон сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн талбайгаас хууль бусаар хумслан газар эзэмшсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэний зөвшөөрлийг цуцлах саналыг Засаг даргад хүргүүлсэн гэдгээ хэлэв. Эхний ээлжинд 40 газрын зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Удахгүй олон нийтэд кадастрын зургийг нь ил болгох аж.
Газрын тухай хууль зөрчиж, захирамж гарган иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн газрын жагсаалт:
1. Клиникийн нэгдүгээр амаржих газрын зүүн хойд талд хашаа татсан хоосон газрыг бусдад эзэмшүүлсэн
2. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “Хангай” зочид буудлын хойно байрлах явган хүний газрыг хамарч газар олгосон
3. “Мөнххаан” трейд компани “Их Монгол” рестораны хойд авто замыг хамарч газар эзэмшсэн
4. “МITIC” компани Энхтайваны гүүрний хажууд талын 4400 метр кв газрыг эзэмшиж байна. Тус газарт үйлчилгээний байгууллага, орон сууц барихаар газар олгосон ч хашаа татан олон жил үйл ажиллагаа явуулаагүй байна
5. “С анд Трэйд” компани Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Усан спорт сургалтын төвийн зүүн талын хоосон газар
6. Иргэн Нямдаваад Төв шуудангийн урд талын зам дээрх газрыг эзэмшүүлсэн
7. Иргэн Энхжаргалд Сонгинохайрхан дүүргийн нуагт байрлах авто зогсоолыг эзэмшүүлсэн
8. Иргэн Гэрэлмаад “Саппоро” төвийн урд талын авто машины зогсоолын газрыг хамруулж газар эзэмшүүлсэн
9. “Мөнххаан трейд” Сонгинохайрхан дүүргийн 16 хороо, “Пирамид” үйлчилгээний төвийн урд талын нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмшсэн
10. “Саруулсайхан” компани Сонгинохайрхан дүүргийн 15 хороо нэгдүгээр хороололд байрлах 32 дугаар байрны урд талын зам дээр нийтийн эзэмшлийн газарт газар эзэмшсэн
11. Иргэн н.Алгирмаа Сонгинохайрхан дүүргийн 17 хороо 32 дугаар байрны хойд талд газар эзэмшсэн
12. “Батцагаан өргөө” компани “Шунхлай нефт бааз”-ын хойно цэвэрлэх байгууламжийн хажууд 50 000 ам.метр газар эзэмшиж байна
13. Чингэлтэй дүүрэгт “Макс импэкс” компани Төв шуудангийн баруун талд таван одтой зочид буудал барих зориулалтаар 3515 метр газар эзэмшдэг. Тус газрыг эргүүлэн авах саналыг гаргав
14. “Си энд трейд” компани Урт цагаан үйлчилгээний зүүн хойд авто зогсоолын газрыг хамарч газар эзэмшсэн
15. Иргэн Очирсүрэн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Хөдөлмөрийн дээд сургуулийн хойно байрлах 20 дугаар байрны дунд байрлах газрыг эзэмшдэг
16. Иргэн Саруулбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Тэди” үйлчилгээний төвийн авто зогсоолын гарах гарцыг эзэмшдэг.
17. Иргэн Оюунтуяа Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг
18. Иргэн Үнэнбүрэн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг
19. “Талын хүрээ” компани Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 157 дугаар цэцэрлэгийн зүүн талд байрлах газар
20. Баянгол дүүргийн 11 хороо, Баянгол эмнэлгийн баруун урд газар байрлах газар “Билэг их” дэлгүүрийн өөдөөс харсан машин угаалгын газар
21. “Luminary” компани Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн зүүн талын ногоон байгууламж дээрх газар
22. “Сод Монгол” групп “ТБД” андуудын баруун урд талд эзэмшиж байгаа “Сод Монгол” шатахуун түгээх станцын газрыг эргүүлэн авах
23. Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны гүүрийн баруун талд “Барс” захын хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж дунд газар олгосон.
24. Баянзүрх дүүрэгт “Хан паласе” зочид буудлын урд талд иргэн Бат-Өлзий нарын дөрвөн хүний дунд эзэмшиж байна
25. РЦНК-ын баруун талын газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн
26. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зүүн хойд талд Дүнжингарав эзэмшлийн үйлчилгээний газрын эрхийг цуцлах
27. Хан-Уул дүүрэгт гуравдугаар хороо “Автобус нэг” компанийн хойд талд, Дунд голын урсацыг нарийсгаж зөвшөөрөлгүйгээр далан барьж байгаа газар
28. 52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын урд талын биеийн тамирын талбайд 714 метр газрыг бусдад эзэмшүүлсэн
29. 18 дугаар сургуулийн хашаан доторх 300 ам.метр газрыг бусдад эзэмшүүлсэн
30. Иргэн Б.Нямсүрэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Чингис хаан” нисэх онгоцны буудлын урд талын 33 мянган ам.метр газар
31. “Хаан плаза” компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хойд талд 35 мянган метр кв газар
32. Хан-Уул дүүргийн наймдугаар хороо нисэхийн урд талд 200 мянган метр кв буюу 20 га газар эзэмшиж байна
33. “Буянт” цэцэрлэг нь Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд үйлчилгээний байгууллага барина гэж газар авсан. Одоогоор машин угаалгын газар ажиллуулж байна.
34. 3ДЦС-III цахилгаан станцын баруун талын газрыг бусдад эзэмшүүлсэн.
Нийслэлийн газрын албаны даргга М.Батсайхан “Төвийн зургаан дүүргийн шүүхээр барилга угсралтын ажлын зөвшөөрөл аваагүй 64 барилгын үйл ажиллагааг зогсоохоор хандсан ч шийдвэрлэх боломжгүй гээд авч хэлэлцээгүй. Хууль зөрчин газрын зөвшөөрөл авсан барилга байгууламжийг нураахгүйгээр төрийг хохиролгүй болгох вэ. Банк болон эрх бүхий этгээдэд барилга байгууламжаа хэсэгчлэн барьцаанд тавьчихсан тохиолдолд яах вэ” гэх хүндрэлтэй асуудал байгааг ч хэлсэн юм. М.Батсайхан даргын хийсэн судалгаанаас харахад цаашдаа газартай холбоотой маргаан мэргэжлийн хяналт, шүүх, цагдаагаар тасрахгүй мөнхөд үргэлжлэх нь гэдэг нь харагдаж байлаа.
