Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх бүр өссөөр байгаа. Иймд Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанк хамтран “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг энэ оны аравдугаар сарын 26-ны өдрийн А/166/А24 тоот тушаалаар баталсан. Дэд хөтөлбөрийн зорилго нь гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын хүнсний улаанбуудай худалдан авахад хөнгөлөлттэй зээлийг олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгах юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан Монголбанкнаас 61 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг нээжээ.
Энэ талаар өнгөрсөн баасан гарагт ҮХААЯ-наас хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ, Монголбанк, ШӨХТГ, гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо. Одоогоор улсын хэмжээнд 73 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар санамж бичигт гарын үсэг зурсан 46 гурилын үйлдвэр материалаа ирүүлж, 35 аж ахуйн нэгж шалгарчээ. Үүнд, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Увс, Өвөрхангай, Хэнтий, Говь-Алтай, Дорнод зэрэг 10 аймаг, нийслэлийн 35 гурилын үйлдвэр хамрагджээ. Энэ долоо хоногоос эл зээлийг олгохоор болжээ.
Оны эхний есөн сарын байдлаар манай улс дотооддоо 75,4 мянган тонн гурил үйлдвэрлэж, 40,1 мянган тонн гурил, хоёр мянган тонн улаанбуудай импортолсон мэдээтэй бий. 2012 оны долдугаар сараас хойш импортоор гурил орж ирээгүй гэнэ.
Өнөөдрийн байдлаар “Гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах тухай” хамтран ажиллах санамж бичигт нийслэл болон орон нутгийн 46 гурилын үйлдвэрийн удирдлага ҮХААЯ-тай санамж бичигт гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Гурилын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулснаар хүн амын хүнсний гол хэрэглээ болох нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, өөрийн нэрийн болон томоохон худалдааны захад /10 кг-аас дээш савлагаатай / борлуулах жижиглэнгийн үнийг нь 650 төгрөг байх юм. Хурлын үеэр ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хөнгөлөлттэй зээлд хамрагдах үйлдвэрүүдийг ямар шалгуураар авсан юм бэ?
-Тариаланчид, ТЭДС-аас хүнсний улаанбуудай худалдан авсан болон авахаар гэрээ байгуулсан, тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь зах зээлд танигдсан байх зэрэг шалгуур хангасан үйлдвэрүүдийг хамруулсан. Мөн гурилын үнийг тогтвортой байлгах талаар ҮХААЯ-тай санамж бичигт гарын үсэг зурсан байх, нэгдүгээр гурилын бөөний үнийг 550 төгрөг, өөрийн нэрийн болон томоохон худалдааны зах төвүүдээр борлуулах жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр худалдаалахыг зохион байгуулах гэх мэт шалгуур тавьсан. Энэ үзүүлэлтийг хангасан үйлдвэрүүдийг материалаа ирүүлэхийг аймгуудын ХХААЖДҮГ-аар дамжуулан урилгыг нь хүргүүлсэн.
-Зээлийн эргэн төлөлтөд хэн хяналт тавих вэ. Чанаргүй зээл болох юм биш биз дээ?
-Арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Тэгэхээр зээлийн эрсдэлийг банкууд үүрнэ. Чанаргүй зээл гарахгүй байх. Зээлийн барьцаа нь нөөцөлсөн улаанбуудай болж байгаа.
-650 төгрөгт багтаан зарах хяналтыг хэн тавих юм бэ?
-Үйлдвэрийн үнэ нь 550 төгрөг гэдгийг бүх гурилын үйлдвэрийн удирдлага хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс ч жижиглэнгийн үнэ нь 650 төгрөгөөс хэтрэхгүйгээр зарагдаж байгаа эсэхэд өөрсдөө хяналт тавихаар болсон. Хэрэв хяналтаа тавихгүй бол хөнгөлөлттэй зээл нь жилийн 20 хувийн хүүтэй болно.
Зээлээ хөнгөлөлттэй нөхцөлтэй байлгахын төлөө үйлдвэрүүд хяналтаа сайн тавих байх аа.
Зарим үйлдвэрлэгчийн байр суурийг сонслоо.
/“Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
-Хөнгөлөлттэй зээл үйлдвэрүүдэд хэр өгөөжөө өгөх бол?
-Гурилын үйлдвэрүүдэд тариа хураалтын үеэр түүхий эдээ бэлтгэхэд санхүүгийн хүндрэл үүсдэг. Энэ үеэр арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг. Намар нөөцөлсөн буудайгаараа жилийнхээ хэрэгцээг хангадаг. Хүү багатай ийм зээл олгож байгаа нь бидэнд том дэмжлэг болж байна. Тэгэхээр яамны өмнө гурилын үнээ тогтвортой байлгах үүргээ манай үйлдвэр биелүүлнэ. Энэ бол бидний хүлээж байсан үйлдвэрлэлийг дэмжих бодлого гэж ойлгож байна.
-Гурилын үнэ дээр үйлдвэрүүд хяналтаа тавина гэж байгаа. Танайх ямар байдлаар хяналт тавихаар төлөвлөөд байна вэ?
-Манайх гэрээтүүдээр дамжуулан гурилаа борлуулдаг. Гэрээт байгууллагаар гурилын бөөний үнийг 550 төгрөг, цаашаагаа жижиглэнгийн үнээ 650 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн тохиролцоо хийнэ. Борлуулж байгаа газарт борлуулагч хяналтаа тавиад гэрээ зөрчигдсөн байвал гурил нийлүүлэх гэрээгээ цуцална. 650 төгрөг хотын хэрэглэгчдэд нийлүүлэх жижиглэнгийн үнэ байгаа.
/“Хөвсгөл алтан дуулга” ХХК-ийн захирал/
-Орон нутгийн үйлдвэрүүдийн хүчин чадал хэр байна вэ. Аймгийнхаа хэрэгцээг хангаж чадаж байна уу?
-Манайх Хөвсгөл аймгийн Тариалан суманд гурилын үйлдвэр эрхэлдэг. 13 жил Хөвсгөл аймгийнхаа хэрэглэгчдийг гурилаар хангаж байгаа. Үйлдвэр маань хоногт 100 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүхий эдээ Булган аймгийн зүүн талын сумдын тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, тариаланчдаас хураан авч гурилаа үйлдвэрлэдэг. Өөрсдөө бас 6000 га-д газар тариалан эрхэлдэг. Энэ маань үйлдвэрийн маань давуу тал.
-Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан уу. Дотоодын буудайг чанарын шаардлага хангадаггүй гээд байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Би үүнтэй санаа нийлдэггүй. Харин өөрийн орны хөрсөнд цаг агаартай нь тохируулаад буудайгаа ургуулбал хамгийн чанартай буудай гарна. Хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлтээ өгөөд гэрээгээ хийсэн.