Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д иргэдийн гар дээр 150 сая буу байна


АНУ-ын 50 муж улсаас 33 нь иргэд гар дээрээ зэвсэг хадгалахыг зөвшөөрсөн байдгийн 22 нь нь энэ шийдвэрийг сүүлийн 10 жилд, 11 муж нь сүүлийн хоёр жилд гаргасан байна.


Профессор Дэвид Мастард судалгаа хийж үзээд иргэдэд гар дээрээ зэвсэг авч байхыг зөвшөөрснөөр аллагын тоо жил бүр буурч байна гэж дүгнэснээ саяхан Journal of Law and Economics сэтгүүлд нийтэлжээ. Энд хүмүүс хувьдаа зэвсэг авч байхыг зөвшөөрсөн мужуудад гарч байгаа хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг,  зөвшөөрдөггүй мужуудынхаас 18 хувь бага байна гэсэн байна. Төрлөөр нь авч үзвэл аллага 33, дээрэм 37, халдлага 14 хувиар бага гэжээ.


Зэвсэг хадгалахыг хориглосон  нутагт 100 мянган хүн амд 289.7 аллага гарч байхад, хүмүүс хувьдаа зэвсэг хадгалж, авч байж болно гэж зөвшөөрсөн нутагт 100 мянган хүнд 183.3 аллага гарч байна гэсэн судалгаа байна. Флорида муж гэхэд л 1987 онд зэвсэг худалдаалах, хүмүүс хувьдаа зэвсэгтэй байхыг зөвшөөрсөн байна. Үүнээс хойш америк даяар гэмт хэрэг 12 хувь өсөөд байхад энэ мужид гэмт хэргийн тоо 21 хувиар буурсан тоо байдаг. Нийслэл Вашингтонд  1976 оноос иргэдийг гар буу эзэмшихийг хориглосон байна. Гэтэл улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт 12 хувь өсч байхад нийслэлд  хоёр дахин өссөн аймшигт үзүүлэлт гарчээ. Нью-Йорк, Чикаго, Лос-Анжелос, Вашингтон хотуудад тус улсын нийт хүн амын таван хувь нь амьдардаг атлаа бүх аллагын 12 хувь нь гардаг байна. Хэргийн гол нь эдгээр хотод зэвсэг эзэмших талаар хамгийн хатуу хуультайгаас болж байна гэж судлаачид үздэг.


Өнөөдөр 310 сая хүн амтай АНУ-ын насанд хүрсэн 10 хүний долоо нь гар дээрээ зэвсэг эзэмшиж нийтдээ 150 сая нэгж зэвсэг иргэдийн гар дээр байна. АНУ-д жил 5,0 сая галт зэвсэг, буу иргэдэд худалдаалдаг гэсэн статистик байна.
Жоржия мужийн Кеннеа-со хотын эрх баригчид гэхэд л айл өрх бүрийг дор хаяж нэг буутай байхыг шаарддаг байна. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд энэ хотод гурван аллага гарсны зөвхөн нэгийг нь л галт зэвсгээр үйлдсэн бол хоёрыг нь хутгаар үйлдсэн байдаг гэнэ.


АНУ-д хүмүүс амь үргэдэж байгаа гэмт хэргийг авч үзвэл 2001 онд гэхэд л хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэргийн улмаас 42,9 мянган хүн, өндрөөс үсэрч 14,2 мянган хүн, золгүй тохиолдлоор 4200, гал түймрийн улмаас түлэгдэж, угаартаж 3900, галт зэвсэгтэй холбоотой 800 хүн амь үрэгдсэн статистик үзүүлэлт байдаг. Аллагын гэмт хэрэг 1993 онд АНУ-д 23 мянга гарсан байхад Орост 29 мянга гарсан байдаг.  Иргэд галт зэвсэг эзэмшихийг хориглодог Чикаго хотод гэхэд л аллагын гэмт хэрэг бусад хотуудынхаас их байдаг байна. Цагдаагийн байгууллагын судалгаагаар галт зэвсэг эзэмшдэг иргэд дээрэм халдлагын золиос болох нь хамаагүй бага байдаг байна. Ийм тохиолдлын нэг хувьд нь дээрэмчин шархаддаг бол 9 есөн хувьд нь дээрэмчин алагддаг байна. Зарим мужид галт зэвсгийг хэрэглэх орныг нь хязгаарлаж, зөвхөн гэртээ хэрэглэхийг зөвшөөрсөн байдгаас ихэнх тохиолдолд бие хамгаалах зориулалтаар ашигласан байдаг байна. Ийм тохиолдолд эмэгтэйчүүд, тэтгэрийнхэн бол зөвхөн орон гэр, амь насаа хамгаалах зорилгоор л ашигладаг.


Ийм байдлаар өнөө хүртэл АНУ-д галт зэвсгийг иргэд гар дээрээ хадгалах, эзэмших нь хэвийн зүйл, харин ч гэмт хэргийг буурулдаг гэж үздэг байсан бол сүүлийн үед галт зэвсэг ашиглан хүмүүсийг олноор нь хөнөөх гэмт хэрэг дараалан гарах болсон нь иргэд, улстөрчдийн зүгээс галт зэвсгийн худалдаа, иргэдийн гар дээр зэвсэг байх тухай хуулийг эргэн харах ёстой гэсэн шүүмжлэл дагуулах болж байна.


Детройт хотод кино театрт, бага сургуульд, гудамж талбайд галт зэвсэг ашиглан хүмүүсийг олноор нь хөнөөх гэмт хэрэг удаа дараа гарсан.
Өнгөрсөн бямба гарагт гэхэд л Конненктикут мужийн Ньютаун хотын “Сэнди Хук” бага сургуульд 20 настай Адам Ланц гэгч сум нэвтрэхгүй хантааз өмсөн хоёр гар буу, винтов буугаар зэвсэглэн  ангид орон гал нээснээс 27 хүн нас барсны дотор өөрийнх нь ээж, багш нар байгаа юм. Амь үрэгдсэн 20 хүүхэд бүгд 5-10 насны хүүхэд байжээ.


Энэ хэргээс үүдээд Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг  иргэд зэвсэг эзэмших тухай хуулийг маш яаралтай өөрчилж, зэвсэгт халдлага, хүчирхийллээс иргэдийг хамгаалах ёстой гэж уриалж байна.


Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг хууль бусаар зэвсэг ашиглахыг эсэргүүцдэг 600 гаруй хотын захирагчдын нэгддэг холбооны гишүүн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан