"ASSA" сэтгүүлийн өнгөрсөн дугаарт “Үйлдвэрлэл” гэсэн маш том сэдвийг онцлож авсан. Ийн онцлосны учир гэвэл Монгол орон өнөөдрийн “Hot topic” болоод байгаа ганц уул уурхайн салбарын хүчээр хөгжин дэвжиж чадахгүй, бидэнд эдийн засгийн ганц биш олон тулгуур багана хэрэгтэй байна гэдгийг уншигч танд дахин нэг сануулах гэснийх юм. Эдийн засгаа төрөлжүүлж, аж үйлдвэрлэлийг хөгжүүлж байж хөгжилд хүрнэ гэдэг нь тодорхой болоод байгаа энэ цаг үед уул уурхайгаас өөр ямар сонголт бидэнд байгаа билээ, аль салбар, ямар үйлдвэрлэлээ хамгийн хурдан хөгжүүлж болох вэ, Монгол гэдэг нэрийг дэлхийн тавцанд гаргах ямар бүтээгдэхүүн байж болох билээ хэмээн хөндөөд үзвэл хамгийн түрүүнд ноолуур санаанд буудаг. Тиймээс Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд брэнд болгох, энэ бүтээгдэхүүнээр дамжуулж улсынхаа нэрийг гаргах ямар гарц боломж байна гэдгийг ярилцахаар бид “Алтай Кашмир” компанийн Чанарын хяналтын хэлтсийн дарга В.Болормааг зочноор урьсан юм. Түүний яриаг хүргэе.
-Өнөөдөр дэлхийн зах зээлд “Made in Mongolia” гэсэн шошготой брэндийг гаргах хамгийн боломжтой бүтээгдэхүүн бол ноолуур. Манайд түүхий эд нь байна, бас туршлагатай боловсон хүчин, үйлдвэрүүд байна. Тэгэхээр Монгол ноолуурыг брэнд болгоход чухам юу хэрэгтэй байна гэсэн асуултаар яриагаа эхлэе?
-Брэнд бүтээгдэхүүн гэж их ярих болсон. Брэнд бүтээгдэхүүн гэдэг нэрийн цаана чанар, чанарын систем гэж бий. Үүнийг үйлдвэрлэлд зөв төлөвшүүлэх нь маш чухал. Өнөөдрийн бэлтгэлийн системээр бэлтгэгдсэн түүхий эдийн чанар нь брэнд бүтээгдэхүүний чанарыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй гэдгийг судалгаа шинжилгээний байгууллага, төсөл хөтөлбөрүүд, мөн үйлдвэрийн үр дүн харуулж байна. Тэгэхээр бид брэнд бүтээгдэхүүний чанарын шаардлагыг хангахын тулд түүхий эдийн чанарыг сайжруулах ажлаас эхлэх нь чухал юм.
-Тэгэхээр манай түүхий эд чанаргүйгээс брэнд гаргах шаардлага хангахгүй байна гэсэн үг үү?
-Брэнд гаргана гэдэг зөвхөн үйлдвэрлэлийн төвшинд ярих асуудал биш. Тэрхүү брэндийг үйлдвэрлэх түүхий эд болох ноолуураа хэрхэн бэлтгэх вэ гэдгээс эхлээд малчны хот, мал аж ахуйн үйлдвэрлэлийн төвшнөөс эхлэх ёстой юм. Тэр төвшинд чанарын асуудал ярьж байж, дараа нь түүндээ тохирсон үйлдвэрлэлийн технологи ашиглаж брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зүйтэй юм.
-Танай компани ноолуурын чанарыг сайжруулах талаар нэлээд хөрөнгө гаргаж, тодорхой ажлыг хийсэн гэж сонссон. Бас ноолуурын чанараа яаж сайжруулах, цэвэр ноолуур бэлтгэх талаар малчдад сургалт явуулсан юм байна. Энэ судалгааныхаа талаар танилцуулахгүй юу?
-Манай компани АХБ-ны санхүүжилттэй “Хөдөөгийн хөгжил”, “Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээл, брэндийг хөгжүүлэх” төслүүдтэй хамтраад нэлээд ажил хийлээ. Бид энэ жил Баянхонгор аймгийн Шинэжинст сумыг сонгож ажиллан 3 багийн 250 орчим ямаанаас дээж авч шинжилгээ хийсэн. Мөн үржлийн ямаанд ангилалт хийх ажилд хамтран оролцсон. Малчдад түүхий эдийг чанараар хэрхэн ангилах, малын чанар, сүргийн бүтцийг сайжруулах зэрэг чиглэлүүдээр төсөл, ХААИС-ийн багш нартай хамтарсан сургалтуудыг хийсэн. Үүний дүнд ямар нэг дундын зуучлагчийг оролцуулалгүйгээр, ангилан ялгалттайгаар бэлтгэсэн ноолуурыг хоршоогоороо дамжуулан малчдаас нь татаж авсан юм.
-Тэгвэл ноолуур бэлтгэх энэ асуудлыг ганц бизнес эрхлэгч компани, үйлдвэрлэгчид дангаараа шийдэхэд хүч хүрэхээр байна уу. Бодлого боловсруулагч хариуцсан яам, тамгын газрын оролцоо туслалцаа хэр үгүйлэгдэж байна вэ?
-Үйлдвэрүүд дангаараа шийдэхээсээ илүү төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн байгууллагууд, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хамтран нэг санаа зорилгын дор нэгдэж ажиллах нь чухал юм.
-Танайх ноолуураа хаанаас бэлтгэдэг вэ?
-Манай компани Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл гэх мэтчилэн олон газраас бэлтгэдэг байсан. Бид цаашдаа тогтвортой бэлтгэлийн системийг бий болгохоор ажиллаж байна.
-Эдгээр ажлыг хийсний дүнд чанартай ноолуур бэлтгэж авч чадсан уу?
-Тийм ээ, сургалт судалгаа хийсний үр дүнд нас, хүйсийн ангилалтайгаар чанартай ноолуур бэлтгэж, чанарын ангилан ялгалттайгаар бэлтгэсэн ноолуурынхаа шинж чанарт тохирсон технологийн боловсруулалтыг хийж түүгээр хийсэн бүтээгдэхүүнээрээ Хонконгд болсон Дэлхийн ноолуурын үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ. Ноос ноолуурын холбоо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнгээс “Шилдэг бүтээгдэхүүн” гран при өргөмжлөл, цом мөн Улаанбаатар хотын бүсийн зөвлөлөөс Улаанбаатар брэндээр шалгарч “Улаанбаатар брэнд” тэмдгийг ашиглах эрх, өргөмжлөл, цом зэргээр шагнагдлаа.
-Монгол ноолуурын дэлхийн зах зээл дэх гол өрсөлдөгч бол Хятад. Хятадтай өрсөлдөхийн тулд юуг хийх нь чухал вэ. Загвар, үнийн тал дээр ямар байдаг юм бол?
-Манай монгол ноолуур дэлхийн бусад үйлдвэрлэгчдээс байгалийн олон өнгөтэй байдгаараа давуу талтай. Мөн монгол ямааны ноолуурыг ангилж бэлтгэх замаар Хятад ноолууртай өрсөлдөх, улмаар ямааны чанарыг сайжруулах, бэлтгэлийн чанарыг сайжруулах замаар ноолуурын чанарыг сайжруулах нь зүйтэй гэж миний хувьд бодож байна. Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт өндөр учраас бэлэн бүтээгдэхүүний үнэ, өртөг бага байдаг талтай.
-Бусад үйлдвэр компани энэ талаар ямар нэг ажил хийж байгаа болов уу?
-Манай компани нь АХБ-ны төслүүдтэй хамтраад мал аж ахуйн төвшинд, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахаар анхлан санаачлаад ажиллаж байна. Хэрэв бусад үйлдвэр ч бас ингээд ажиллаад эхэлвэл Монгол брэндийг гаргаж чадна. Эцэстээ дэлхийн зах зээлд “Алтай кашмир” гэдэг нэрээр биш, монгол гэсэн нэрээр л овоглоод явна шүү дээ. Иймд бусад үйлдвэрүүдийг ч мөн адил нэг зорилгын дор хамтарч ажиллахыг уриалж байна.

"АSSA" сэтгүүлийн түнш

"АSSA" сэтгүүлийн түнш