Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАЙСАНГИЙН ЗОВЛОН БУЮУ ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ТЭЛСЭН ХОРОО

Нийслэл хот маань ямар ч төлөвлөлтгүй өргөжин тэлсээр буй нь бидний нүдэнд илхэн. Хотын захаар эх захгүй гэр хороолол үргэлжилж, төвөөр нь бөөр бөөрөөрөө нийлж, шавааралдсан олон барилга. Харин явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж өнөөг хүртэл үгүйлэгдсээр. Энэ мэт Улаанбаатар хотын хэмжээнд үгүйлэгдэж, тулгамдаж буй асуудал олон.
Тэгвэл нийслэл хотын төр захиргааны анхан шатны нэгж болсон хороонд ямар асуудал тулгамдаж байна вэ. Гудамжны гэрэлтүүлэг, цэвэр, бохир, ундны ус, хог, зам гээд ар араасаа нэхэгдсэн асуудал шийдэгдэхгүй л явна. Нийслэлийн дүүргүүдийн 152 хорооны нэгийг нь л энд төлөөлөл болгож, асуудлыг хөндлөө.

Төлөвлөлтгүй хороо

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо. Энэ хороо сүүлийн хэдхэн жилийн дотор ямар ч төлөвлөлтгүйгээр өргөжин тэллээ. Байршлын хувьд Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд оршдог. Сүүлийн үед баячуудын хороо­лол гэж нэрлээд байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт эрх мэдэлтнүүд үзэгний үзүүрээр асуудлыг шийдвэрлэж, газар олгосноор агаар сайтай бүс буюу Зайсангийн амыг баячууд л эзэгнэх болов.  Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх барилга, хот байгуулалтын төлөвлөлтөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо багтаагүй. Гэтэл Богдхан уулын Зайсангийн ам, Туул голын хөвөөнд цөөнгүй барилга сүндэрлэсээр л байна. Зөвшөөрөлтэй эсэх нь ч эргэлзээтэй. Барилгаа барьсныхаа дараа холбогдох зөвшөөрөл, бичиг баримтаа хөөцөлддөг гаж тогтолцоо ч манайд бий болоод удаж байгаа. Шинээр барьж буй барилгуудын хувь заяа ч ингэж шийдэгдэнэ гэхэд буруудахгүй л болов уу.
Зайсангийн аманд аялал жуулчлалын чиглэлээр 150-иад аж ахуйн нэгж, иргэнд газар олгосон байдаг. Харин сүүлийн үед аялал жуулчлалын цогцолбор, бааз биш орон сууц л сүндэрлэж байна. Аж ахуйн нэгж, иргэд хууль, журмыг олны нүдэнд ингэж зөрчиж байхад тэдэнд хариуцлага тооцох эзэн ч алга. Даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр хуулиа уландаа гишгэн байж, дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар нутагт ингэж дураараа дургиж байгаа юм чинь бусад хороодын тухай бол бүр ярилтгүй биз. Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж болсон хороо ингэж л ямар ч төлөвлөлтгүй, тэлсээр.

Зайсангийн уугуул иргэдэд учирч буй бэрхшээл

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 8500 хүн амтай. Шинээр баригдсан орон сууцанд амьдарч буй иргэд болон түр оршин суугчидтайгаа нийлээд хүн амын тоо 10 мянга хол давсныг хорооны Засаг дарга С.Түвшинжаргал хэлж байв. Тус хороонд барьсан орон сууцнууд тусгай хамгаалалттай газарт хамаардаг учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь их удаан хугацаанд гардаг гэнэ. Үүнээс болж албан ёсоор хорооны үндсэн иргэн болоогүй ч тэнд амьдарч байгаа хүн олон.
Зайсангийн амны уугуул 560 гаруй өрх бий гэсэн. Энэ айлууд 1954 онд анх ХААИС, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, халд­вартын, уушигны сүрьеэ­гийн эмнэлгийн ажилчдын байр ашиглалтад орсон цагаас л оршин сууж эхэлжээ. Гэсэн ч газар эзэмших бичиг баримтаа одоо болтол авч чадаагүй аж. Сүүлийн жилүүдэд уугуул оршин суугчид болон барилгын компаниудын хооронд газрын маргаан хэдэнтээ дэгдэж, бүр тэмцэл, зодоон ч үүссэн нь бий. Үүний шалтгаан нь БОАЖЯ /хуучин нэрээр/ иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэрт барилгын компаниудад газар давхардуулж олгосон явдал. Иргэд үүний эсрэг “Хан Зайсан холбоо” ТББ байгуулан тэмцэж байгаа. Тус ТББ Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд 500 айлын газрын кадастрын зургийг гаргаж, өгөхөд яамнаас 208-ыг л оруулна гэсэн хариу өгсөн гэнэ. Яамныхан 2005 оны “Google”-ийн газрын зургаас хараад тэнд харагдаж байгаа газар нутгийг л зөвшөөрч болох хэсэгт хамруулаад байгаа юм гэсэн тайлбарыг тус ТББ-ынхан өгөв. Мэдээж, 2005 оноос олон барилга баригдаад, айлууд ч нэмж хашаа хатгаад, байр байдал нь өөрчлөгдсөн. Яамныхаар бол олон зуун айл газаргүй үлдэх гээд байгаа аж.

 Суугуул оршин суугчдын зовлон

Зайсангийн аманд олон хотхон шинээр ашиглалтад ороод буй. Үүний нэг нь “Blue Sky”.  СӨХ-ийн мөнгө гэж сард 400 гаруй мянган төгрөг төлдөг гэнэ. Сайхан, цэвэр агаартай орчинд амьдаръя гээд энэ хотхоноос байр худалдаж авсан хүмүүсийн дунд боломжийн амьдралтай нь байхад, зээл авч, өрх тусгаарласан залуу гэр бүл ч цөөнгүй. Гэтэл төрийн тусгай хамгаалалттай газарт багтах учир Нийслэлийн хот байгуулалтын газраас төлөвлөлт хийгээгүйгээс инженерийн шугам сүлжээ тавиагүй. Төвлөрсөн шугамд холбогдоогүй байна. Тиймээс энэ хотхонд бохир усны сан байгуулсан байх жишээтэй. Бохир усаа соруулахад хотхоны 280 айл сар бүр 180 мянган төгрөг төлдөг аж. 11 дүгээр хорооны Засаг дарга С.Түвшинжаргалын хэлснээр бол бохирыг нь Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн машинаар соруулж авдаг юм байна.  Хэрэв тэр машин эвдэрч, зогсох л юм бол муу ус нь халиад хойно нь байгаа уугуул оршин суугчдын хашаа руу ордог гэнэ.
Мөн  “Могул Таун” бай­на. Том том есөн давхар барилгуудыг уурын зуухаар галлаж, халаадаг аж. Галлагаа зогсвол тус хотхоны амьдрал ч хэцүүдэх нь тодорхой.
Энэ мэтээр шинэхэн хотхонуудад оршин суух иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсэнээр сургууль, цэцэрлэг ч шинээр барих шаардлага тулгарч буй гэнэ. 10 гаруй хүн ам амьдарч буй энэ хороонд л гэхэд тэртээ 1954 онд ашиглалтад орсон ганцхан цэцэрлэг байгаа аж. Барилга нь хуучирч, нурах дээрээ тулсан учир элдэв халдварт өвчний үүр уурхай болж буй нь ч эцэг эхчүүдийг санааг зовоож байна.

Амьдрал буцалж буй газар асуудал олон

Зайсанг баячуудын хо­роолол учир ямар ч асуудалгүй мэтээр олон хүн төсөөлдөг байх. Тэгвэл тийм биш аж. Мэдээж, амьдрал буцалж буй газар асуудал гарах нь тодорхой. Эдгээрийн заримаас нь цухас дурдъя.
Зайсангийн ам тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг учир БОНХЯ-ны мэдлийнх. Яамнаас тийш нь зам харгуй тавихыг ч хойшлуулдаг тухай яриа бий. Үүнээс болж тэндхийн оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа гэнэ.
Туул голын гүүр гараад ХААИС-ын уулзвар хүртэл засмал замтай. Цааш шороон зам үргэлжилнэ. Барилга олноор баригдаж, хүнд даацын машины хөл хөдөлгөөн газрын хөрсийг ихээр эвдэж байна.
Мөн Зайсангийн хороо­лолд орон байрны хулгайн гэмт хэрэг олноор гарч, иргэд эд зүйлээ ихээр алддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, 2011 онд 11 дүгээр хороонд гарсан нийт гэмт хэргийн 85 хувийг хулгай эзэлсэн судалгаа ч гарсан нь анхаарал татав. Баячууд амьдардаг гэдгээр нь хулгайч нар ч тэднийг эзгүйчилж, “ажлаа” амжуулах талтай. Тиймээс хулгайч нарын эсрэг идэвхтэй тэмцэж, хотхон бүрийг дохиолол, хамгаалалт, камертай болгосон гэнэ.

Хороогоо төлөвлөж хөгжүүлье     

Хотын хөгжил хорооноос эхэлнэ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо гэлтгүй бүх хороогоо төлөвлөж, хотынхоо хөгжлийг тодорхойлох шаард­лага тулгарч байна. Зай­сан­гийн амыг л гэхэд хот төлөвлөлтөд багтааж, нэ­гэнт суурьшлын бүс болсон учир иргэдийн амар тайван, аюул­гүй амьдрах орчныг бүрдүүлэх нь чухал. Ингэхийн тулд наад зах нь, дэд бүтцэд холбох шаардлагатай. Өнгөр­сөн хугацаанд төлөвлөлтгүй явж ирсэн учир нэгийг бүтээх гэж нөгөөг сүйтгэх нь энүүхэнд. Нэг суваг шуудуу, өндөр хүчдэл татна, интернэтийн шугам тавина гэхэд асуудал хөвөрдөг гэдгийг ч барилгын компанийнхны амнаас олон удаа сонсч байлаа. Нийслэ­лийн иргэдийн хамгийн өн­гөтэй, өөдтэй байх гэж төсөөлдөг хороонд тулгарч буй зарим асуудлын тухай дурдахад ийм байна.
Тэгээд ч нийслэлийн удирд­лага хотоо дахин төлөв­лөж, хөгжүүлнэ гэж хэдийнэ  мэ­дэгдсэн. Мэдээж, энэ ажил хорооноос эхлэн гэдэгт найдъя. Эцэст нь, хороогоо төлөвлөж, хотоо хөгжүүлье.

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Харамсалтай байна.Сайн судалж авах хэрэгтэй. Барилга барьсан эзэд уран цэцэн үгээр хүнийг мунхруулна шүүдээ. Орчихсон хойноо яалтай билээ.
зайсанд ч баячуудын хотхон лайтай юм байдаг шүү. мань мэтэд нь шарилын ч газар олдохгүй дэгээ
Хамгийн их уншсан