Атар талх олон шат дамжлага дамжин хэрэглэгчдийн гар дээр очдог. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа учраас савлагаатай болго хэмээн анхааруулсан билээ. Харин “Талх чихэр” ХХК-ийнхан савлагаатай болговол талхны үнэ нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгаагаа танилцуулж байв. Тэгвэл энэ нь хэр үндэслэлтэй болохыг ШӨХТГ-ынхан болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албаны хүмүүс “Талх чихэр” ХХК-ийн талхны үйлдвэрийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.
Уулзалтын эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал Х.Батцоож “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас болон хэрэглэгчид “Атар” талхыг савлагаатай болгохыг шаардаж байсан. Савлагаатай болгох гэхээр талхны үнэ нэмэгдэх гээд байдаг. Гэтэл иргэд тэр бүр ойлгон хүлээж авахгүй. Үнэ нэмэгдэнэ гэхээр манайхан талхны өөрийн өртөг нэмэгдэж байгаа мэтээр ойлгодог. Үнэндээ сав баглаа боодолны үнэ, тоног төхөөрөмж ажиллуулах ажилчдын цалин хөлсний зардал ороод тодорхой хэмжээгээр үнэ нэмэгдэнэ. Өнөөдөр “Атар” талх 630 төгрөгөөр зарагдаж байна. Харин савлахаар 210-250 төгрөг нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Зөвхөн сав баглаа боодолд нь 170 орчим төгрөг зарцуулахаар байна. Энд түүхий эд материалын үнэ өсч байгаа, магадгүй түлш, цахилгааны үнэ нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлал бий” хэмээн ярьсан юм. Тус компанийн тухайд 1984 онд байгуулагдаж, 2003 оноос инновацын бодлогыг хэрэгжүүлж 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг ашиглаж байгаа аж. Иймдээ ч лууван, олон үрт, эрдэнэшиш зэрэг арав гаруй төрлийн талхаар хэрэглэгчдийг хангаж байна. Цагт 5000 гаруй талх үйлдвэрлэдэг гэнэ. Өнгөрсөн зургадугаар сард НМХГ-аас “Талх чихэр” ХХК болон “Атар өргөө” ХХК-д бөөрөнхий буюу “Атар” талхыг савлагаатай болгох шаардлага дахин хүргүүлсэн юм. Хэрэв шаардлагыг нь биелүүлж авахгүй бол үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгийг хатуухан сануулсан. Иймд “Талх чихэр” ХХК-иас ажлын хэсэг гарч хаанаас, ямар тоног төхөөрөмжийг хэдий хугацаанд авчран суурилуулах талаархи албан бичгээ НМХГ, ШӨХТГ, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газарт хүргүүлсэн аж. Ингээд есдүгээр сарын 1-нд тоног төхөөрөмжүүдээ суурилуулж дуусан нээлтээ хийжээ. Гэсэн хэдий ч ШӨХТГ-аас тус үйлдвэрийн савлагаатай холбоотойгоор талхны үнэ нэмэгдэж буйтай нийлэхгүй хэмээн санал зөрөлдсөн учир тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан. Ямартай ч, тун удахгүй эрүүл ахуйн шаардлага хангасан савлагаатай “Атар” талх хэрэглэгчийн гарт очих нь
.

-Та үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Талхны үнэ нэмэгдэх нь хэр үндэслэлтэй гэж харав?
-Манай газар үндэсний үйлдвэрүүдээ тэр дундаа эрүүл ахуйн шаардлага хангаж, хэрэглэгчдийн эрх ашгаа дээдэлснийг нь дэмжинэ. “Атар” талхыг ууттай болгосноор үнэ нь нэмэгдэх юм байна. Бид судлаад зах зээлийн зарчмаараа нэмэгдэх үндэслэлтэй гэдгийг нь харлаа.
-Савлагаа нь эрүүл ахуйн шаардлагад хэрхэн нийцэж байна вэ?
-Үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь уутан дээр хэвлэгдэж гарах юм байна. Ингэснээр хэзээ үйлдвэрлэсэн талх вэ гэдгийг харах боломжтой. Савлагаагүй болохоор хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй олон шат дамжин хэрэглэгчдийн гар дээр очдог байсан юм.