Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ж.Ганбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Цагдаагийн байгууллага тэднийг “Анод” банкны хэрэгт холбоотой хэмээн шалгаж байсан юм.
“Анод” банк хууль бусаар хувьцаа гаргахад хяналт тавиагүй учраас тухайн хувьцааг худалдаж авсан 1200 хүн хохирогч болчихоод буй. Тиймээс хохирогчид Монголбанкны болон Санхүүгийн зохицуулах хорооны дээрх удирдах ажилтнуудыг хариуцлагаас чөлөөлөгдсөнд гомдолтой яваа юм.
Хохирогчид дөрвөн жилийн өмнөөс л “Бидний хохирлыг төр барагдуулах ёстой” гэсэн шаардлага тавьсан. Тэд энэ шаардлагаа одоо ч тавьсаар л байна. Харин хууль бусаар хувьцаа гаргасан “Анод” банкныхны үйлдэлд хяналт тавиагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд хариуцлага үүрээгүй цагт хувьцаа эзэмшигчдийн хохирлыг мэдээж, төр барагдуулахгүй. Тиймээс “Анод”-ын хувьцаа эзэмшигчид бухимдалтай байгаа гэнэ. Тэд тус банкийг анх удаа олон нийтэд хувьцаа санал болгоход 1080 төгрөгөөр нэг ширхэг хувьцааг худалдан авсан байдаг. Ингээд 1200 хувьцаа эзэмшигч “Анод” банкинд 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. “Анод”-ын гэх хэргээс дээрх албан тушаалтнууд яаж сугарч үлдсэн нь ч анхаарал татна. Эх сурвалжийн хэлснээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон гэнэ. Уг нь, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг зохион байгуулалттайгаар залилсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан юм. Мөн тэднийг “Анод”-ын удирдлагуудаас авлига авсан байж болзошгүй гэсэн хардлага ч олон нийтийн дунд бий. Баянзүрх дүүргийн шүүх “Анод”-ыг дампууруулсан хэргийг энэ сарын 18-нд хэлэлцэхээр товлосон. Прокурор энэ хэрэгт 14 хүнийг яллагдагчаар татжээ. “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа нарыг Эрүүгийн хуулийн банкны тухай, тогтоомж зөрчиж, бусдын эд хөрөнгийг залилсан гэж буруутгаж байгаа юм.
Мөн банкны томоохон зээлдэгчийн заримыг ч яллагдагчаар татсан гэдгийг эх сурвалж хэллээ. Тухайлбал, банкнаас авсан их хэмжээний зээлээ төлөөгүй “Стардеве-лопмент” компанийн захирал Э.Цэрэндаш /Э.Гүр-Аранзын төрсөн дүү/, “Шивээ говь флюрит” компанийн захирал Д.Ганзориг /Д.Энхтөрийн төрсөн дүү/, “Гүн төгөл” ХХК-ийн захирал Э.Оюунгэрэл /Э.Гүр-Аранзын төрсөн дүү/, хувиараа бизнес эрхлэгч Э.Оюунсүрэн, Ж.Гантулга, Э.Оюунчимэг, Г.Энхцэцэг, Б.Ганбаяр гэх мэт хүн байгаа юм.