Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭНЭГГҮЙ МОНГОЛЫН ХААЛГЫГ ХАВДАР ТОГШСООР

Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Насаараа мал дагаж, хөдөөний эрүүл агаарт сүү цагаан идээгээ хэрэглэж, хөдөлгөөн эрүүл мэндэд тустай хэмээх үзлийг амьдралынхаа зарчим болгон баримталж, өглөөнөөс орой хүртэл борви бохисхийлгүй ажиллаж байсан эмээгийн маань дүү саяхан хот руу ирж эмнэлэгт үзүүлэх боллоо. Одоо ная гарсан тэрээр хөнгөн шингэн ануухнаараа. Сүүлийн үед гэдэс дотор нь дүүрч өвдөөд байсан учир хүүхдүүдийнхээ шахалтаар арга буюу эмчид үзүүлэх болсон нь энэ аж. Амьдралдаа эмнэлэгт хэвтэж үзэх нь бүү хэл тариа ч тоотой хийлгэж байсан тэрээр хоёр дахь шатлалын 2-3 эмнэлгээр явсан ч онош нь тодорсонгүй. Ингээд Хавдар судлалын үндэсний төвд үзүүлэхэд элэгний хорт хавдар туссан байна. Өвчнөө эрт үед нь оношлуулсан бол эдгэрэх боломжтой байсан. Одоо нэгэнт оройтсон гэх хариу хэлжээ. Хөгшний сэтгэлийг нь бодоод хүүхдүүд нь хэдэн эм тариа бичүүлж аваад явсан. Монголчууд  бие нь өвдөхгүй л бол өөрийгөө гаргуунд нь хаяж, өвчнөө хүндрүүлчихдэг муу зуршилтай. Манай улсад сүүлийн жилүүдэд хорт хавдар хуурай өвсөнд тавьсан гал мэт хурдацтай тархаж байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 4563 хүн хавдартай гэж оношлуулжээ. Гэхдээ энэ тоо бол зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэд. Үүний цаана хөдөө орон нутагт эмээгийн маань дүү шиг өвчнөө мэдэхгүй яваа олон хүн бий.

Манай улсад нийт хавдрын 45 хувийг элэгний, 17 хувийг ходоодных эзэлж байна. Хүн амын дунд элэгний В, С болон бусад вирусийн халдвар их байгаагаас энэ хавдраар өвчлөгчид олон байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Вирусийн халдвар нь хүний биед маш удаан хугацаагаар оршин элгийг хатууруулан, үрэвсүүлснээс хавдар үүсдэг юм байна. Энэ нь 1950-1980-аад оны үед эмнэлэгт нэг тариураар бүх хүнийг тарьдаг, багаж хэрэгслийн ариутгал муу, хүртээмж хангалтгүй байсантай холбоотой аж. Шүд эмчлэх, шивээс, үр хөндөлт, гоо сайхны мэс ажилбар хийхдээ ариутгаагүй багаж хэрэглэх нь вирусийн халдвар тархах үндэс болдог байна. Бид энэ талаар төдийлөн мэддэггүй тул ялангуяа залуус хаа тааралдсан газраа шивээс хийлгэх нь бий. Энэ бүх шалтгаанаас үүдэн манай улсад ойрын 30-40 жилд элэгний хавдрын өвчлөл багасахгүй гэсэн урьдчилсан төлөв хүртэл гарчээ. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай орны хувьд элэгний хавдрын өвчлөл ийм  өндөр байгаа нь аюулын харанга цохих хэмжээнд хүрснийг Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн мэс заслын эмч Ц.Энх-Амгалан ярьж байв. Учир нь манайхаас хамаагүй олон сая дахин хүн амтай АНУ-д л гэхэд 100 мянган хүн тутмын ердөө хоёр нь элэгний хавдраар өвчлөх магадлалтай байдаг аж. Гэтэл манай улсад энэ үзүүлэлт 90-ээс илүү байх магадлалтай гэж гадаадын хэвлэлд бичжээ.

Түүнчлэн Ц.Энх-Амгалан эмчийн ярьснаар тус тасагт өдөрт 40-50 хүн үзүүлж, 2-3 хүн хагалгаанд ордог юм байна. Гэтэл уг тасаг 15-хан ортой учир өвчтөн ор хүлээхээс өөр  аргагүй болдог. Уг нь улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлж буй ганц тасаг юмсан. ХСҮТ 200 гаруй ортой байсан ч жил бүр орны тоог багасгасаар байгаа гэнэ. Гэтэл хавдрын өвчлөл жил бүр нэмэгдээд байхад ийм харалган зохицуулалт хийдэг нь ямар учиртай юм бол. Тус эмнэлэгт өргөтгөл барьж байгаа ч ашиглалтад хэзээ орох нь тодорхойгүй аж. Нөгөөтэйгүүр энэ чиглэлийн эмч мэргэжилтэн хэрэгтэй байгаа учир дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдийг өрхийн эмнэлэгт ажиллуулж байхынхаа оронд уг эмнэлэгт дадлагажигч эмчээр 3-5 жил цалинтай ажиллуулах хэрэгтэй. Тэд туршлагтай эмч нараас суралцаж, өвчтөнтэй хэрхэн харилцах, онош  яаж тогтоодог, онош нь батлагдсан өвчтөнийг яаж эмчилдгийг мэдэрсэн хойноо дүүрэг, хөдөө орон нутаг, өрхийн эмнэлэгт очиж ажиллавал хорт хавдрыг эрт оношлоход дөхөмтэй гэдгийг тэрээр мөн хэлж байсан юм. Сургууль төгсөөд л шууд өрхийн эмнэлэгт очоод шантарч, мэргэжлээ орхиод, дэлгүүрийн лангууны ард зогсч байгааг ч дурьдлаа. Манай улс нэн даруй эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг яаралтай хийж, хорт хавдрын эмчилгээний зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлдэг болгох, даатгалын хураамжийг нэмэх шаардлагатай байгаа юм.

Нэмж хэлэхэд, та бидний амьдралын буруу хэв маяг, эрүүл мэндийн боловсрол муутай байдал л хавдар хэмээх аймшигт өвчин үүсэх үндэс суурь болж буй. Тиймээс  оношлогоо, эмчилгээ эрс сайжирсан ийм үед эрүүл амьдрахын тулд хүн бүр сайн дурын үзлэг шинжилгээнд хамрагдаж байя. Үгүй ядаж л тамхинаас татгалзаж чадвал дэлхий дахинд хавдраар нас барах хүний тоо 22 хувиар буурах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан