Манай улсад чихрийн шижин өвчний тархалт өндөр гэдэг. Харин эл өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ЭМШУИС-ийн физиологийн тэнхимийн багш, доктор Б.Дамдиндоржтой ярилцлаа. Тэрээр Япон улсад чихрийн шижин өвчний чиглэлээр доктор хамгаалсан юм.
-Манай улс чихрийн шижин өвчний эмчилгээг дэлхийн төвшинд хийдэг боллоо гэсэн сайхан мэдээ байна. Эмчилгээний гол аргын тухайд ярихгүй юу?
-Манайд энэ өвчнийг инсулин болоод инсулины ялгаралтыг нэмэгдүүлдэг эмээр эмчилдэг. Энэ эмчилгээ нь өвчтөн болон эмч, мэргэжилтнээс анхаарал их шаарддаг. Өөрөөр хэлбэл, инсулины тунг тохируулаагүйгээс цусан дахь сахар багасах эсвэл ихсэх, түүнээс болоод амь насаа алдах тохиолдол гардаг юм. Харин миний хийсэн судалгаа, шинжилгээгээр хүн хоол идэхээр цусан дахь сахар ихэсдэг. Тэгээд хүний ходоод, нарийн гэдэснээс тусгай үүрэгтэй даавар ялгардаг. Тэр даавар нь нойр булчирхайд инсулин ялгаруулдаг эстэй. Нэг ёсондоо, цусан дахь глюкоз бага байвал тэр даавруудын үйлчилгээ байхгүй, зөвхөн хоол идсэний дараа юм уу цусан дахь сахар тодорхой төвшинд ихэссэний дараа инсулин ялгаруулалтыг нэмэгдүүлж өгдөг. Энэ эмчилгээ нь инсулины ялгаралтыг нэмэгдүүлдэг эмчилгээ шиг цусны сахар багадалт, хүндрэлээс бүрэн сэргийлдэг. Энэ арга 2009 онд Япон улсын “Чи чи”- гийн анагаах ухааны их сургуулийн шилдэг эрдэм шинжилгээ судалгааны ажил болсон юм.
-Япон улс чихрийн шижин өвчтэй яаж тэмцэж байна вэ?
-Япон улсад хийж байгаа эмчилгээг Монголдоо хийж эхэлсэн. Тус улсад сүүлийн таван жил ходоод гэдэснээс ялгарч байгаа даавруудын үйлчлэл инсулиныг нэмэгдүүлэх эмчилгээг маш эрчимтэй судалж байгаа. Дээрх эмчилгээний арга АНУ-д сүүлийн хоёр жил, Японд хийгээд нэг жил болж байна. Бидний гол зорилго бол инсулины ялгаралтыг өдөөдөг эмчилгээг цаг алдалгүй Монголдоо нутагшуулах. Энэ эмчилгээг эх орондоо оруулж ирснээр чихрийн шижин өвчтэй хүмүүсийн амьдрах хугацааг уртасгах, сэргийлэх боломж өгөх юм.
-Тус улсаас авах ямар туршлага харагдсан бэ?
-Японд чихрийн шижин өвчинтэй тэмцэх маш олон ажил хийдэг. Хамгийн гол нь, хүн амд өвчний талаархи эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй. Оношилгоо, шинжилгээнд байнга хамрагдаж, өвчний анхны тохиолдол илрэх юм бол эмийн зааврыг ягштал мөрдөн эмчилгээгээ цаг тухайд нь хийлгэх хэрэгтэй. Чихрийн шижин өвчнийг эмнэхэд эмч, өвчтөн хоёрын нягт хамтын ажиллагаа чухал. Эмч сайн эмчилгээ хийсэн ч өвчтөн цаг тухайд нь эмчилгээ, оношилгоогоо хийлгэхгүй бол хурдан хүндэрдэг өвчин шүү дээ.
-Манайд энэ өвчний тархалт одоо ямар байна вэ?
-Энэ талаар олон судалгаа хийсэн байдаг. Манай хүн амын дунд таргалалт их. Таргалалт ихэссэнээр чихрийн шижин өвчний тархалт ихэсч байгаа. Чухам яагаад таргалалт нэмэгдэж байна вэ гэхээр инсулины захын эд эрхтэнд хүлээж авч байгаа мэдрэг чанарууд буурч байгаа хэрэг. Энэ бол нэг шалтгаан нь. Дараагийнх нь архи, тамхи, нойр булчирхайн үрэвсэлт өвчнүүд. Мөн энэ өвчнөөр өвчлөх гол шалтгаан нь хоол тэжээл, хөдөлгөөний дутагдлаас болж байгаа юм.
-Чихрийн шижин өвчнийг эмчлэх боловсон хүчин хангалттай гэсэн. Тэгвэл тоног төхөөрмжийн хүрэлцээ хэр байдаг юм бэ?
-Эмчилгээ, судалгаа шинжилгээг салгаж болохгүй. Хэчнээн эмчлээд ч тоног төхөөрөмжгүй бол дутуу л болно. Судалгаа шинжилгээний ажилд маш их хөрөнгө зарцуулдаг юм. Эсийн доторх кальцыг судалдаг төхөөрөмж л гэхэд 450 мянган ам.долларын үнэтэй байдаг. Манайд энэ судалгааны ажил хийх тоног төхөөрөмж байхгүй.
-Энэ өвчний шинж тэмдгийг хэлэхгүй юу?
-Хүний биед хүнд зовиур илэртлээ ямар ч шинж тэмдэггүй байдгаас хүмүүс оройтож эмчид ханддаг. Эхний шинж нь ам байнга цангаж, их ус ууж эхэлдэг. Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн ч эмчид очих ёстой. Эмчилгээ, оношилгоог заавал эмчид хандаж хийлгэх хэрэгтэй. Хоол идсэнээс хоёр цагийн дараа цусан дахь сахрын хэмжээ буурч уу, үгүй юу гэдгийг инсулины хэмжээгээр тодорхойлдог. Тодорхой ачааллын сорил хийсний дараа инсулины хэмжээ ямар түвшинд байгаагаар чихрийн шижин өвчин эхэлж үү, эхэлсэн бол ямар шатандаа байна гэдгийг илрүүлдэг юм.
-Цусан дахь сахарын хэмжээ хэд хүрсэн тохиолдолд энэ өвчнөөр өвчилсөн байна гэж тодорхойлдог юм бэ?
-Хүн өлөн үедээ цусан дахь сахраа хэмжүүлэхэд 126 миллограммаас дээш гарсан бол энэ өвчинд өртөж гэж бодох хэрэгтэй. Хүний хэвийн үедээ цусан дахь сахрын хэмжээ дунджаар 50 миллограмм байх ёстой.
-Чихрийн шижин өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Хамгийн гол нь, эрүүл хооллолт. Цагаар хооллох. Ингэхдээ өөх, тос багатай хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн хийжүүлсэн ундаа, архи тамхи, хөдөлгөөний дутагдал зэргээс сэргийлэх ёстой. Долоо хоногт 30-аас дээш минут дасгал хөдөлгөөн хийж занших. Харин нэгэнт энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд эмчийнхээ зааврыг биелүүлж, хамтран ажиллах нь л чухал. Тухайн өвчтөнийг аль шатандаа явж байна гэдгээс хамаарч эмчилгээг нь хийдэг юм.