Үүрэн телефоны “Юнител” компанитай холбоотой нэгэн гомдол ирлээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард иргэн А “Юнител” компанийн нэгэн салбараас 881199…-тэй дугаар худалдан авчээ. Гэтэл арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 12 цагийн үед тухайн хэрэглэгчийн дугаарыг нь хаачихжээ. Ингээд энэ талаар тухайн дугаарын эзнээс тодруулга авлаа.
-Дугаараа хаанаас худалдан авсан бэ. Гэрээ энэ тэр байгаа биз дээ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Өргөө” салбараас уг дугаарыг үйлчилгээний ажилтанаас худалдан авсан. Дугаар худалдан авахдаа байгуулсан гэрээ энэ тэр нь надад байгаа. Утасны төлбөр энэ тэрээ хийчихсэн байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт гэнэт хаачихаад өнөөдрийг хүртэл байдаггүй. Гайгүй дугааруудаа хэрэглэгчдээс ингээд авчихдаг гэж хүмүүс гадуур ярьж байна. Хэрвээ энэ нь үнэн бол үнэхээр харамсалтай байна.
-Юнител компаниас ямар хариу өгсөн юм?
-Дугаар хаачихаар нь Юнител рүү ярьсан. Гэтэл Батцэцэг гэж өөрийгөө танилцуулсан нэгэн эмэгтэй яриад ““Манай үйлчилгээний ажилтан дур мэдэн зарах ёсгүй дугаар зарчихсан байна. Компанийн зүгээс ажилтандаа арга хэмжээ авна” гэсэн тайлбар өгчихөөд өнөөдрийг хүртэл таг болчихлоо. Зарах ёсгүй дугаар гэж юу яриад байгаан. Гэрээ энэ тэрийг нь хийгээд авч байхад. Ингэж хэрэглэгчийн дугаарыг улайм цайм дээрэмдэж болохгүй биз дээ. Байгууллагын нэр дээр байгаа дугаар эзэмшиж байгаа хэдэн зуун хэрэглэгчид өнөөдрийг хүртэл өчнөөн төлбөр төлчихөөд эцэстээ яах юм. Энэ бүгдийг холбогдох байгууллагууд анхаарч үзээсэй. Миний хувьд ч хандах болох бүх газарт нь хандаж арга хэмжээ авахуулна.