Хүн бүрийн сэтгэл хөдөлгөдөг, хамгийн сайхан баярын нэг шинэ жил өдөр өдрөөр ойртсоор л... Хүн бүр л яагаа ч үгүй байхад сэтгэл нь хөдлөөд баярт бэлтгээд, гэр бүлийнхэн, найз нөхөд, дотно нэгэндээ өгөх бэлгээ бэлтгээд байхад хажуугаар нь зарим нэгэн нь "ертөнцийн төгсгөл" хэмээн дэмий ярьж хүмүүсийг гайхшруулж, итгэмтгий, гутранги үзэлтэй нэгнийг итгүүлээд байх.
Олон орны эрдэмтэн мэргээд, судлаачид, ялангуяа одон орончид, майяагийн түүх соёл судалдаг хүмүүсийн хэлж байгаагаар бол энэ сарын 21-нд, ер ойрын хэдэн мянган жилдээ Ертөнцийн төгсгөл тохиохгүй гэнэ. Харин 12 дугаар сарын 21-нд майяачуудын хуанлийн нэг үе төгсгө дарагийн эрин эхлэх гэнэ. Энэ нь харин хүн төрөлхтөнд цоо шинэ шинэ хөгжил дэвшил авчрах эрин гэнэ шүү.
Тэгэхээр шинэ жил болдгоороо болох нь. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевийн ард түмэндээ хандаж хэлсэн шиг "Ертөнцийн төгсгөл болохгүй, харин шинэ жил" болох нь. Үүнээс гадна гарцаагүй болж мэдэх нэг зүйл бол энэ өвөл их хүйтэн болж магадгүй байна. Хэдийгээр одоохондоо шөнөдөө 30 градус хавьцаа байгаа ч цаашдаа хүйтний эрч чангарна гэж ус цаг уурын алба мэдээлжбайна.
Бидний хөрш Орос, тэгээд цаашлаад европт урьд хожид болж байгаагүй хүйтэрч их цас унаж байгаа тухай байнга мэдээлж байна. Өмнө нь өвөлдөө сайндаа л хасах 0-5 градус хүйтэрдэг Балканы хойгийн орнуудад хасах 20 гарч шөнөдөө 27 градус болон орон гэргүй иргэд хөлдөж үхэж байна. Байн байн орсон их цас хунгарлаж зам харилцаа, нислэгүүд саатсаар байгаа талаар хэвлэл мэдээлийн хэрэгслээр бичиж байна.
Манайд ч өнөөдөндөө дөрвөн уулынхаа дунд нийслэл хотдоо л гайгүй мэт байгаа болохоос биш голуудын сав газар, уулархаг нутгаараа хэдийнээ хүйтний эрч чангарч жавар тачигнаад эхэлчихсэн байгаа. Цаашлаад хүйтний эрч улам чангарах тухай мэдээлж байна. Цаг уур орчны шинжилгээний газрын 12 дугаар сарын урьдчилсан мэдээнд "Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градусхүйтэн..." гэсэн өгүүлбэр бий.
Тэгэхээр "Ертөнцийн төгсгөл" энэ тэр гэж мунхаглан лаа шүдэнз, гэр бэлтгэж байснаас хүүхэд хөгшчүүлдээ дулаан хувцас, малгай ороолт, халтирч гулгахааргүй гутал базааж байх нь хэн хэндээ өлзийтэй бололтой.