Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэлмэгдүүлэлтийн төлбөр

Цагдаа, прокурорын байгууллагын зарим ажилтан хүний эрхийг дээдлэж, хуулиа баримтлаж ажиллаагүйгээс хилс хэрэгт холбогдон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэр бүү хэл, ялтан болсон хүн олон. Тэдний алдааг анхан шатны шүүх залруулж, тухайн хүний эрхийг хамгаалсан жишээ ч олон байна. Нөгөө талаар хар, цагааныг дэнсэлдэг шүүх ч алдаа гаргах нь бий. Тухайлбал, хилс хэрэгт холбогдсон хүнийг анхан шатны шүүх ялтан болгож шийтгэх тогтоол гаргасан байхад давж заалдах шатны шүүх хэргийг нь цагаатгасан магадлал үйлдэх нь ч байдаг л зүйл. Бүр анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт холбогдоогүй хүнийг ялласныг хяналтын шатны шүүх тухайн хүний болон өмгөөлөгчийнх нь гомдлын дагуу хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тохиолдол ч цөөнгүй байгаа юм. Энэ бол дээд шатны шүүх нь өмнөх шатныхаа шүүхийн гаргасан алдааг залруулж, тухайн хилс хэрэгт хэлмэгдсэн хүний эрхийг хамгаалж буй нэг хэлбэр.
Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат энэ оны эхээр албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө зүй бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр жил зургаан сар хорих ял сонссон юм. Тэрээр давж заалдсан боловч Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаагүй. Харин хяналтын шат буюу Улсын Дээд шүүх хэргийг нь хэлэлцээд хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ. ХААН банкнаас 30 сая төгрөг залилсан гэх хэрэгт холбогдсон Д.Энхмандахыг цагдаа, прокурорын байгууллага таван жил “эрүүдсэн”. Түүнд холбогдох хэргийг одоогоос найман сарын өмнө Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд цагаатгах шийдвэр гаргаж байлаа.
Мөн тус дүүргийн шүүх цагдаагийн байгууллагын гурван он дамнуулан шалгасан “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг мөн л цагаатгасан юм. Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэж буруутгаж байв. Энэ мэтээр хилс хэрэгт холбогдож, хэдэн сар, жил хуулийн байгууллагын үүд сахиж, эцэстээ шүүхийн байгууллагаар эрхээ хамгаалуулсан жишээ олныг дурдаж болно.
Шүүхийн судалгааны төвөөс гаргасан энэ оны эхний хагас жилийн статистикаас үзвэл, анхан шатны шүүхүүд цагаатгах тогтоолоор 120 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа юм.   
Дээр дурдсан “хэрэг”-ийн эзэд олны анхаарлын төвд байж, тухай бүрт нь тэдний тухай холбогдох мэдээллийг хэвлэлийнхэн олон түмэнд хүргэж байлаа. Харин Монгол Улсын хэчнээн иргэн олон нийтийн төдийгүй, хэвлэлийнхний хараанд өртөхгүйгээр хууль хяналтын байгууллагын зарим ажилтны буруугаас болж Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөгөө зөрчүүлснийг хэлэхэд бэрх.
Ингэж төрийн өмнөөс ажиллаж буй хууль сахиулагчдын буруугаас болж, хилс хэрэгт шалгуулсан, шийтгүүлсэн хүний нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцаж барагдуулдаг тухай хуульд тусгасныг ч энд онцлон тэмдэглэе. Өөрөөр хэлбэл, хэлмэгдсэн хүн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрт учирсан хохирлоо барагдуулан авах боломжтой.

Харамсалтай нь, манай улсад эд хөрөнгөд учирсан хохирлыг тооцдог ч, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирлыг тооцоолох, үнэлэх аргачлал байдаггүй аж. Үүнээс болж тухайн хүн хохирлоо бүрэн барагдуулж авч чаддаггүй. Жишээ нь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл түгээн, нэр төрд минь халдлаа гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргаж, нэхэмжлэгч нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд учирсан хохирлоо 200 сая төгрөгөөр үнэлсэн тохиолдол бий. Гэтэл шүүх хариуцагчаас 500 мянган төгрөг л гаргуулж, нэхэмжлэгчээс уучлал гуйх шийдвэр гаргасан удаатай. Энэ нь хүний нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлөх аргачлал, жишигтэй болохыг тод харуулж байгаа юм.  
Харин хилс хэрэгт хэлмэгдсэн хүн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд хохирлыг нь тодорхой хэмжээгээр барагдуулсан баримт ч олон байна. Үүнийг гэм хор барагдуулах гэж ч нэрлэдэг. Өнгөрсөн жилүүдэд хэлмэгдсэн хэчнээн хүнд, ойролцоогоор хэдэн төгрөгийн нөхөн олговор буюу “хэлмэгдүүлэлтийн төлбөр” олгосон тухай баримт олох гэсэн боловч “Энэ талаар тооцоо, судалгаа одоогоор алга” гэсэн үгийг албаныхнаас сонслоо.  
Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын хамгийн гол баялаг бол 2,8 сая иргэн. Тиймээс иргэнээ үнэлэмжтэй, үнэ цэнэтэй болгох цаг болжээ.

БАРИМТ 1. Төв аймгийн иргэн Х.Батхишиг одоогоос 14 жилийн өмнө буюу 1998 оны тавдугаар сард Г.Мөнхжаргалын гэрээс гартаам хөөрөг хулгайлсан хэргээр аймгийнхаа Сум дундын шүүхээс нэг жилийн хорих ял сонсчээ. Гэвч тэрээр хийгээгүй хэргийнхээ төлөө нэг жил шоронд суусан байна. Өөрөөр хэлбэл, Г.Мөнхжаргалын хулгайлагдсан гээд байгаа хөөрөг Х.Батхишигийг ял аваад “ачигдсан”-ы дараа гэрээс нь олджээ. Тэрээр хөөргөө олсон ч цагдаад мэдэгдээгүй гэнэ.
Х.Батхишиг шүүхээс оноосон ялаа эдэлж дуусаад иргэний журмаар Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрээр эл нэхэмжлэлдээ “Хэсгийн төлөөлөгч, дэслэгч Ч.Ариунболд надаас байцаалт авахдаа айлган сүрдүүлж, зодож байгаад хийгээгүй хэргийг хийсэн болгож хүлээлгэсэн” гэж бичсэн байна. Тэрээр мөн хилс хэргээр шоронд сууж, нэр төр, сэтгэл санаагаар хохирсон хэмээн 2,5 сая төгрөг нэхэмжилж, Төв аймгийн цагдаагийн газрын хариуцагчаар татахыг хүсчээ. Х.Батхишигийн нэхэмжлэлийг шүүх 2001 оны долдугаар сард  хэлэлцээд түүнд нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ цагдаагийн ажилтны буруугаас уг хэрэг гарсан тул харьяалах газар буюу Төв аймгийн ЗДТГ-ын санхүү, бодлого зохицуулалтын хэлтсийн улсын төсвийн хөрөнгөнөөс дээрх мөнгийг гаргуулахаар заажээ.
   
БАРИМТ 2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэсээс иргэн Х-д залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Иргэн Х өндөр настай, Баянзүрх дүүрэгт оршин суудаг нэгэн. Тэрээр 10 сарын турш байцаагдсаны эцэст залилангийн хэрэг үйлдээгүй нь тогтоогджээ. Энэ хугацаанд хийгээгүй хэргээс болж Баянзүрх дүүргээс өдөр болгон шахуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явж байцаагдана. Мөрдөн байцаагчийг хүлээнэ. Сүүлдээ сэтгэл санаагаар унаж, өвдөн эмнэлэгт хүртэл хэвтсэн байна.
Хийгээгүй хэргийнх нь төлөө 10 сар цагдаагийн үүд сахиулж, эрхийг нь зөрчин, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол амссан учир Хүний эрхийн үндэсний комисст ханджээ. Энэ дагуу ХЭҮК иргэн Х-г төлөөлөн Баянзүрх дүүргийн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасан байна. Ингэхдээ иргэн Х-д учирсан нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нь 10 сая гэж үнэлэн, нэхэмжилжээ. Гэтэл тус дүүргийн шүүх нэхэмжлэлийг хэлэлцээд иргэн Х-д нэг сая төгрөг олгох шийдвэр гаргасан байна.   

Хэлмэгдсэн 140 гаруй хүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Хилс хэргээр ял сонссон хүмүүс Хүний эрхийн үндэсний комисст хандах нь олонтаа. Тиймээс ХЭҮК-ын Өргөдөл, гомдол хариуцсан референт Б.Батаатай цөөн хором ярилцлаа.

-Хилсээр гэмт хэрэгт холбогдоод шалгуулсан, ял сонссон хүнд учирсан хохирлын асуудлыг ямар хуулиар зохицуулж, шийдвэрлэдэг юм бэ?
-Үүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлгээр зохицуулж байгаа. Эрүүгийн хэрэгт хилсээр холбогдоод тухайн хэрэг нь цагаадсан, хэрэгсэхгүй болсон, мөн албадлагын арга хэмжээ, цагдан хорьсон үйл ажиллагаа хууль бус гэдэг нь тогтоогдсон тохиолдолд тухайн иргэн төрөөс өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ нь иргэний шүүхэд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг. Шүүхийн шийдвэрээр тухайн хүнд олгохоор шийдвэрлэсэн нөхөн олговрын мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар зохицуулсан байгаа.
-Манайд хилс хэрэгт гүтгүүлж, ял шийтгэл хүлээсэн хүн цөөнгүй бий. Гурван шатны шүүхээс тухайн хүнийг хилс хэрэгт гүтгүүлснийг тогтоож, цагаатгасан тохиолдол ч байна. Ингэж хохирсон хэчнээн хүн ХЭҮК-т хандсан юм бол?
-Мэдээж, хандалгүй яахав. Энэ асуудлаар ХЭҮК 2001 оноос хойш 140 гаруй хүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэлийг гаргасан байдаг. Хамгийн сүүлд гэхэд л, миний хувьд Баянзүрх дүүргийн шүүхэд нэгэн өндөр настай эмгэнд учруулсан гэм хорыг арилгуулахаар шүүх хуралд оролцсон. Энэ хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан  10 сар гаруй хугацаанд шалгасан байгаа юм. Үүнээс болж тэр хүн сэтгэл санаагаар их унаж, өвдөөд эмнэлэгт хүртэл хэвтсэн. Сүүлдээ хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан л даа. Тэгээд манай байгууллагад хандсан юм. Бид тухайн хүний оршин суудаг хаягийн дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд хилс хэрэгт холбогдуулан шалгасны улмаас тухайн хүнд учирсан гэм хорыг арилгуулахаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргасан.
-Тухайн хүний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд болон эдийн засагт нь учирсан хохирол гэж хэдийг нэхэмжилсэн юм бэ?
-10 сая төгрөг нэхэмжилсэн юм. Манай улсад эдийн бус хохирлыг тодруулбал, тухайн хүний нэр төр, алдар хүнд, сэтгэл санаад учирсан хохирлыг тооцох аргачлал, жишиг байхгүй. Тиймээс үүнийг нь хасаад эдийн засагт нь учирсан хохирол гээд нэг сая гаруй төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан.  Тэгээд ч сэтгэл санааны хохирхлыг барагдуулах тухай эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй. Сэтгэл санааны хохирлыг яаж тогтоох, тодорхойлох нь одоо болтол тодорхойгүй байгаагаас дээрх байдлаар хохирсон иргэдийн хохирлыг бүрэн барагдуулахгүй явсаар өдий хүрсэн.
-Завханы Эрдэнэ-Очирын гэх хэрэгт ч ХҮЭК шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж, гэм хор арилгуулж байсан гэж сонссон юм байна.
-Тийм шүү. Хуульд хилс хэргийн улмаас учирсан гэм хорыг асуудлыг зохицуулсан  зохицуулалт байдаг. Тэгсэн хэрнээ практикт хэрэгжихгүй явж ирсэн байгаа юм. Тэгээд ХЭҮК “Фүүдлэнд”-ийн болон Завханы Эрдэнэ-Очирын гэх мэт хэрэгт анх шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж, гэм хор арилгуулж байсан. Нэгэнт ингэж шүүхэд практик тогтсон учраас иргэд өөрсдөө ч шүүхэд хандаж байгаа. Одоо бол ХЭҮК хүн болгоны ийм асуудлын араас хөөцөлдөхөөс илүү, эмзэг бүлгийн ядуу, эрх зүйн чадвар чадамжийн хувьд сул дорой байгаа нийгмийн тэр хэсэгт анхаарал хандуулж байна.

Б.АЛТАНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан