Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Энэ тэмдэглэлт өдөр Европын холбоо Нобелийн энхтайвны шагнал гардан авах өдөртэй давхцаж байгаа нь бэлгэшээлтэй явдал боллоо хэмээн олон улс даяар мэдээлж байна.
Одоогоос яг 64 жилийн өмнө буюу 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, хүн гэдэг ямар эрх эдлэхээр заяагдсан юм бэ гэдгийг ертөнц дахинаа тунхагласан энэ өдөр Европын холбоо хүний эрх, ардчилал, энхтайван, тогтвортой байдлын төлөө оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн Нобелийн энхтайвны шагналыг өнөөдөр хүлээн авах гэж байгаа юм. Энэ бол Европын холбоо хэмээн энэ том өрх айлын гишүүн болсон 500 сая гаруй хүн бүгд Нобелийн шагналтан боллоо гэсэн үг.
Гэхдээ үүнийг баяр хөөр болгон тэмдэглэхээс илүүтэй хүний эрх хаана зөрчигдөж байна, тийш анхаарлаа хандуулж, дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа хүн бүр эрхээ тэгш эдэлж байхын төлөө анхааруулан сануулахын тулд Хүний эрхийн өдрийг өдгөө 64 дэх жилдээ тэмдэглэж байна.
Энэ удаа Хүний эрхийн өдрийг “Олон нийтийн амьдралд оролцох эрх” гэсэн сэдэвтэйгээр тэмдэглэж байна. НҮБ үүгээр хүн бүр төрийн шийдвэр гаргах процесст оролцох эрхтэй гэдгийг, 1966 онд баталсан иргэний болон улс төрийн эрхээр хүн бүрт ийм эрх олгогдсон гэдгийг дахин нэг сануулж байгаа юм.
Өнөөдөр хүн бүр энэ эрхээ эдэлж чадахгүй байгаагаас Арабын ертөнцөд цус урсгасан зөрчил мөргөлдөөн гаарч байгааг бид бэлхнээ харж байна. Өдөрт хэдэн арваараа амь насаа алдсан ч эрх баригчдынхаа эсрэг сөрөн зогссоор байгаа сиричүүд, египетчүүд өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх гэж, эрх баригчид нь тэдний санаа бодлыг төр засгийн шийдвэртээ тусгадаг байгаасай гэсэндээ жил дамнан тэмцсээр байгаа билээ.