Гэр ажлын байр биш гэдгийг олон жил гэрээрээ үйлдвэрлэл эрхлэгчид дуу нэгтэйгээр хэлж байна. Учир нь, гэртээ үйлдвэрлэл явуулахад гарч байгаа үнэр нь хувцсанд шингэж, гэр бүлийнхэн нь олон нийтийн газар, сургууль, цэцэрлэгтээ очихоос ичдэг гэнэ. Үүнээс болж хүүхэд нь сургууль дээрээ гадуурхагдах нэг шалтгаан болдог аж. Түүнчлэн үйлдвэрлэлийн явцад гарах дуу чимээ нь хүүхдийг хичээл номоо давтахад нь саад болж, сурч боловсроход нь тээглэн “бул чулуу” болдог байна. Энэ мэт зовлонгоо гэрээр үйлдвэрлэл эрхлэгчид баасан гарагт НИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран Иргэний танхимд зохион байгуулсан “Гэр ажлын байр мөн үү” хэлэлцүүлэгт хэлж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогсод санаа зовоосон асуудал зөндөө байгаа учир тэдэнд ажлын байр чухал гэдгийг холбогдох албаныханд дуулгаж байлаа. Гэвч ажлын байр бий болгоход хөрөнгө оруулалт их шаарддаг учир тийм боломж хомс гэдгээ ч тэд хэлж байлаа.
Хэдийгээр ажлын байр бий болгох олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч барьцаа хөрөнгөгүй, гэртээ үйлдвэрлэл явуулж буй гэрээрээ бизнес эрхлэгчид тэр бүр хүртээд байдаггүй. Яахав, зундаа амбаар, саравчиндаа үйлдвэрлэл явуулдаг бол өвөлдөө гэртээ хийхээс өөр аргагүйд хүрдэг аж. Гэртээ үйлдвэрлэл явуулах нь нэг талаар хоол унааны мөнгө гээд зардал гарахгүй сайн талтай ч тохь тух, гэр гэсэн утгыг эвдэж орхидог гэдгийг хэлж байлаа. Энэ талаар гэрээрээ үйлдвэрлэл эрхлэгч Х.Насан “Би гэрээрээ гутал үйлдвэрлээд долоон жил болж байна. Хоолныхоо мөнгийг хүнээс царайчлахгүй болгоод л яваа. Гэвч хүүхдүүд маань сүүлийн үед дургүйцэх боллоо. Би хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхэд маань нэг нь төгсөх анги, нөгөө нь наймдугаар ангид сурдаг. Хувцсанд нь гутлын үнэр шингээд байна гэх юм. Оёсон гутлынхаа улных нь резинийг машинд үрдэг. Тэр үнэр салдаггүй. Ер нь, одоо гэрээ ажлын байр болгомооргүй байна. Хавраас хажуудаа нэг өрөө гаргаад үйлдвэрлэлээ эрхлэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярьсан юм.
Гэрээрээ үйлдвэрлэл явуулж байгаа иргэдийг ажлын байртай болгож чадвал өрхийн үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг хэлсэн юм. Харин энэ боломж хэр байгааг нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ерөнхий менежер н.Янжмаагаас тодруулахад ”Гэрээ ажлын байр болгохгүйн тулд арилжааны банкнаас зээл авах гэхээр хэтэрхий өндөр босго тавихаас гадна барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүнд байдаг. Энэ талаар бодлогоо чиглүүлж ажиллах хэрэгтэй байгаа” хэмээн хэллээ.