Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮЙЛДВЭРТ ЭМЭГТЭЙЧҮҮД “БООЛ” МЭТ ЗҮТГЭСЭЭР БАЙХ УУ

Л.Сарангэрэл бүсгүй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн ноолуурын үйлдвэрт  зургаан жил ажиллажээ. Үндсэн цалин гэж байхгүй хийснээрээ цалинжина. Ноолуурын үйлдвэр улирлын чанартай тул өвөл зогсохоор өөр ажил хийж хэд гурван төгрөг олдог байсан гэнэ. Гэвч өрх толгойлох түүний цалин амьдралд нь хаанаа ч хүрэхгүй байсан тул ажлаасаа гарахаар шийджээ. Ингээд сарын өмнө ажлаасаа гарахаа байгууллагадаа мэдэгдсэн гэнэ. Амралт авах хугацаа нь ч болж байсан тул амралтаа эдлээд гаръя хэмээн шийджээ. Гэтэл үйлдвэрийнх нь удирдлага ажлаас гаргахгүй, нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөхгүй  гэж. Тэр байтугай амралтынх нь мөнгийг ч бодож өгөөгүй гэнэ. Ингээд Сарангэрэл бүсгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болчихоод хаана хэнд хандахаа мэдэхгүй сууна. Өвлийн хүйтэн болж байхад ажилгүй, мөнгөгүй тэрээр хоёр хүү,  хөгжлийн бэрхшээлтэй ээжтэйгээ зутруухан л байгаа аж. Тэрээр үйлдвэрийнхээ талаар “Манай үйлдвэрт дандаа өрх толгойлсон эмэгтэйчүүд ажилладаг. Дулааны улиралд хоёр ээлжээр ажилладаг. Өглөө 8:00 цагаас ажиллаад, орой 12:00 цаг гэж буугаад ээлж солигддог. Өвөл бол өглөөний 8:00 цагаас орой 21:00 цаг  хүртэл нэг ээлжээр л ажилладаг. Уг нь, ажилчдын автобус гэж явдаг байсан ч ажил бага байгаа гээд явуулахаа болиулсан. Хийснээрээ цалинжина гэхээр өвөл сардаа 200 мянган төгрөг л авдаг.  Дээр нь, бүтэн сайн өдөр л амардаг. Ажиллах орчны хувьд зарим нь хав халуун өрөөнд ноос ялгаад л сууж байхад нөгөө хэд нь тэс хүйтэн тасалгаанд ажилладаг. Ноос ялгахад ямар ч хамгаалалт, зүүх хэрэгсэл өгдөггүй. Иймээс  хачигт хазуулдаг. Бид эх орондоо байгаа ч гадаадын хүмүүст дээрэлхүүлээд сууж байна. Амьдралын эрхээр энд ажиллаж байна. Төр засгаас ажлын байр гаргаад өгдөг бол хиймээр байна. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг дээ. Ядаж, монгол хүндээ захирагдаад байж байх юмсан. Ер нь, Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрт ажиллаж байгаа бүх эмэгтэй яг л над шиг байдалтай байгаа. Ноолуурын үйлдвэр гэхээр хүмүүс цалин өндөр л гэж боддог. Үнэндээ сарын 200 гаруй мянган төгрөгөөр бүтэн 12 цаг ажиллаж байна шүү дээ. Хотын захад нууцаар үйл ажиллагаа явуулдаг болохоор хэн ч биднийг олж харж анзаардаггүй” хэмээн гоморхон ярьсан юм. Мөн тус үйлдвэрт БНАСАУ-ын эмэгтэйчүүдийг олноор авч ирж ажиллуулдаг байна. Ингэхдээ монгол эмэгтэйчүүдтэй яг адилхан ажиллуулдаг хэрнээ сарын сая төгрөгөөр цалинжуулдаг гэнэ.

 
Үйлдвэрийн эзэд шинэ цагийн боолын эзэд болох нь

Харин энэ талаар юу хийдэг тухай МҮЭХ-ны Хөгжлийн бодлогын газрын дарга Ц.Отгончулуунаас тодруулахад “Миний энэ эрх ингээд зөрчигдлөө гээд манайд ирэх юм бол бид хуулийн зөвлөгөө өгнө. Шаардлагатай тохиолдолд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Мөн салбар болгонд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажиллаж байгаа. Улсын байцаагчаар шалгалт хийлгүүлэх боломжтой. Ер нь, манай Хөдөлмөрийн хууль 1999 онд батлагдсан. Хуулийн хэрэгжилт бүхэлдээ төдийлөн сайн биш байгаа. Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтэд төрийн байгууллагын зүгээс МХЕГ-аас хяналт хийдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам Хөдөлмөрийн хуульд оруулж өгч чадаагүй хөдөлмөрийн шинэ хэлбэрүүд гарч ирсээр байна. Шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар гурван талт ажлын хэсэг байгуулагдаад ажиллаад явж байна” хэмээн ярьсан юм. Манай улс жилд 6000-7000 тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтайгаас нийслэлд гүн боловсруулалт хийдэг 12 үйлдвэр, зөвхөн угааж самнаад экспортод гаргадаг 23 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс  52 хувь нь үндэсний, 38 хувь нь БНХАУ-ын, 10 хувь нь гуравдагч орны үйлдвэр байгаа аж. Харин МХЕГ-аас дээрх үйлдвэрүүдэд шалгалт хийсэн эсэхийг тодруулахад өнгөрсөн есдүгээр сард шалгалт хийхэд ихэнх нь нэмэгдэл хөлс, цалин урамшууллын журмыг хуульд заасны дагуу олгодоггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг дүрэмд заасны дагуу хийдэггүй, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй гэсэн зөрчил илэрсэн. Алдаа, дутагдлаа засаагүй байсан хэмээн хэлж байлаа. Ер нь, манай улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрт ажиллаж буй эмэгтэйчүүдийн ихэнх нь өрх толгойлсон ядарсан нь байдаг тул үйлдвэрийнхэн удирдлагууд дээрх мэтээр дээрэлхдэг аж. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг мөлжиж үнэгүйдүүлж, шинэ цагийн “боол” болгож, эзэд нь болж байгаагийн тод  жишээ. Хүний эрүүл мэндийг умартаж ашиг хонжоо хайсан үйлдвэрийн эздийг шинэ цагийн боолын эзэд гэж нэрлэхэд буруудахгүй биз ээ. Учир нь, дээрх эмэгтэйчүүдийг боол мэт зүтгүүлж байгаа хэрнээ олигтойхон цалин хөлс олгохгүй шүү дээ. Эдгээр эмэгтэй үйлдвэрийнхээ удирдлагатай ажиллах орчны нөхцөл, хөдөлмөрийн хууль энэ тэрийг яриад ч нэмэргүй мэт.  Иймд холбогдох байгууллагууд үүнийг анхааралдаа авч шинэ цагийн боолын эздэд  хариуцлага тооцдог больё.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан