Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХРҮҮДИЙН ЭЭЖИЙГ ГОРЬДООСОН 2-15 САЯ ТӨГРӨГИЙН АМЛАЛТ

Амлалтад бас учир начир, улстөрчдөд жаахан сэтгэл байдаг баймаар юм. Монголчууд хэн хүнгүй жирэмсэн болон хөхүүл нялх биетэй эмэгтэйг горьдоох хамгийн хэцүү зүйл гэдгийг мэддэг. Гэтэл үүнийг тоодоггүй хүмүүс нь ч бас байх юм аа. С.Батболдын Засгийн газрын амласан амлалтын хар гайгаар өнөөдөр олон ихрүүдийн ээжүүд “горьдчихоод” байна. Хүн горьдоосон хүн хэрхэн домнож хуурч байж эдгээдэг билээ дээ. Сонгуулийн жил болоод ч тэр үү өнгөрсөн зургадугаар сарын 1-нд эх үрсийн баяраар Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын хуралдаанаар ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж буй иргэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг баталсан. Тодруулбал, дөрөв хүртэлх насны хоёр ихэр хүүхэд бүрт сая төгрөг, гурав ба түүнээс дээш ихэр бол тус бүрт нь таван сая төгрөг олгож байхаар шоудсан. Өмнө нь, ихэр хүүхдийг гурван нас хүртэл 120 мянга, гурван ихэрт 180 мянган төгрөг нэг удаад олгодог байсныг ингэж хэдэн саяар нь нэмэгдүүлсэн хэрэг. Энэхүү тогтоолтой холбогдуулан долдугаар сарын 1-нээс эхэлж эл шийдвэрийг мөрдөхөөр болсон  билээ. Өнгөрсөн долоо хоногт шинэчлэлийн Засгийн газрын хуралдаанаар ихэр хүүхэд тус бүрт нэг удаад сая төгрөг, гурван ихэрт гурван сая төгрөг олгох давхар шийдвэр гаргасан нь бүр гайхшруулав. Гэтэл өнөөдөр ихэр хүүхэдтэй ээжүүдэд  120-180 мянган төгрөгийн дэвтрийг дүүргийнх нь халамж олгож буй.  Халамжийн ажилтнуудын хэлснээр “Өмнөх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон. Тийм учраас ихэр хүүхэд төрүүлсэн бол 120 мянган төгрөг олгож байгаа” гэсэн хариулт өгч байна.

Ингээд энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга Л.Мөнхзулаас тодруулга авлаа.

-Өмнөх Засгийн газраас ихэр хүүхдэд нэг удаад 2-15 сая төгрөг олгох шийдвэр гарч, долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон гээд харьяа дүүргийн халамж үйлчилгээний газрууд хуучин журмаараа мөнгийг нь олгоно гэх юм?
-Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж байсан ч, огт хэрэгжүүлээгүй юм билээ. Учир нь, ямар ч хөрөнгийн эх үүсвэр байхгүй байсан тул ихэр хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж огт олгоогүй. Тийм учраас энэхүү тогтоолыг хүчингүй болгохоос өөр арга байгаагүй.
-Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар мөн л  ихэр хүүхдүүдэд 1-3 сая төгрөг өгнө  гэсэн шүү дээ. Хэзээ хэрэгжих талаар хугацаа байгаагүй?
-Ирэх сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ. 2012 оны төсөвт хөрөнгө мөнгө нь суугаагүй байсан учраас ингэхээс өөр арга байхгүй.
-Сарын өмнө төрсөн ихэр хүүхэдтэй эмэгтэйд 120 мянган төгрөгийн дэвтэр олгосон байсан. Тэгэхээр он гараад тус бүр сая төгрөг авах боломжтой байх нь ээ?
-Тийм ээ. 2013 он гарангуут холбогдох байгууллагад өргөдлөө бичиж өгөөд ихэр хүүхэд тус бүр сая төгрөг, гурван ихэр бол гурван сая төгрөг авах боломжтой.
-Насны хувьд?
-0-4 настай ихэр хүүхдүүдэд нэг удаа олгоно.
-0-4 насны ихэр хүүхдүүдийн судалгаа байгаа юу?
-Энэхүү шийдвэртэй холбоотойгоор бид аймаг, сум, дүүргээс статистик мэдээллээ авч эхлээд байгаа. Ихрүүдийн талаархи нарийн тоо байдаггүй юм билээ.

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан